УИХ хуралдаагүйгээс болж үүссэн, үүсэх сөрөг үр дагаврууд

Манай улс байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжээд 28 жил болж байна. Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хууль тогтоох дээд байгууллага УИХ жилд хоёр удаа чуулж улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсээр ирсэн. Гэвч сүүлийн үед УИХ байнгын ажиллагаатай гэдэг агуулгаасаа зөрж эхэллээ.
Тодруулбал, сүүлийн нэг сар гаруйн хугацаанд УИХ-ын ажил гацав.  Улс төрийн нөхцөл байдал хэдий болтол тодорхойгүй, гацсан байдалтай байхыг хэлж мэдэх хүн алга. МАН-д үүссэн хагарал удаан хугацаанд үргэлжилснээр парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж УИХ өөрөө баталсан хуулиудаа зөрчиж байна. Тодруулбал, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг ирцээр бойкотолж хуралдуулахгүй гацааж байгаагаас хууль тогтоох дээд байгууллага автоматаар хууль зөрчиж эхэллээ.
УИХ Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг зөрчжээ. Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлснийг Байнгын хороо дэмжсэн хэдий ч өнөөдрийг хүртэл эцэслэн томилоогүй байна. Товчхондоо түүнийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд томилж чадсангүй.
УИХ дээрх байдлаар Засгийн газрын тухай хуулийг зөрчсөнөөс гадна өнгөрсөн долоо хоног УИХ-ын дэгийн тухай хуулиа зөрчлөө. Тус хуулийн хуулийн 321.2-т “Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо энэ хуулийн 321.1-д заасан хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэсэн заалт бий. Энэхүү заалтыг эшлэхийн учир нь УИХ хуулийн энэ хугацаанд шахагдаж эхэллээ. Үндсэн хуулийн цэц 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолоо энэ сарын 3-нд УИХ-д хүлээлгэн өгсөн юм. Дээрх хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Цэцийн тогтоолыг хүлээж авснаасаа хойш ажлын 15 хоногийн дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө боловсруулж чуулганы хуралдаанд оруулах ёстой байлаа. Гэвч хуульд заасан ажлын 15 хоногийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч УИХ дэгийн тухай хуулиа зөрчлөө.
УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон энэ үед хэлэлцэн шийдвэрлэх тодорхой хугацаатай асуудлууд шийдлээ хүлээж байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр алт олборлож буй аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийн татвар төлөх тухай Ашигт малтмалын тухай хуулийн заалтын хэрэгжилт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсох гэж байна. Хэдхэн хоногийн дараа энэхүү хуулийн үйлчлэл хүчин төгөлдөр бус болох гэж байгаатай холбогдуулан Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн агуулга нь алтны 2.5 хувийн татварыг цаашид үргэлжлүүлэх юм. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг уг төслийг хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргаад байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжилсээр шинэ онтой золговол алтны салбарт эрсдэл бий болно. 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгосноор хууль бусаар хил гаргах алтны хэмжээ буурч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн.
Уг заалт хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд банкинд тушаасан алтны хэмжээ 12-20 тонн болон өсч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Энэ оны тухайд л гэхэд Монголбанк 21 тонн алт худалдаж авсан байна. Хэрэв оноос өмнө хуульдаа өөрчлөлт оруулж 2.5 хувийн татварын үйлчлэлийг сунгахгүй бол ямар эрсдэл үүсч болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолсон юм. Тэрээр “Энэ ондоо багтаад хуулийнхаа үйлчлэлийг сунгах шаардлагатай байгаа учраас салбарын сайдын хувьд хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн барьсан. Одоо хэлэлцэх эсэх шатандаа явж байгаа. Хэрэв оноос өмнө хуульд өөрчлөлт оруулж амжихгүй бол алтны татвар шууд автоматаар таван хувь болно. Дээрээс нь өсөн нэмэгдэх роялти татвар гэж бий. Одоогийн байдлаар алтны ханш 1234 ам.доллар байна. 1200 ам.доллараас дээш байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялти татвар дөрвөн хувиар нэмэгдэж нийтдээ есөн хувьд хүрнэ гэсэн болгоомжлол байна. БНХАУ-ын алтны татвар таван хувь байгаа. Тиймээс бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримталж байгаа” гэлээ.
Д.Сумъяабазар сайдын хэлж байгаачлан УИХ оноос өмнө Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улс олборлосон алтаа хууль бусаар алдаж, тэр хэмжээгээр валютын нөөц нэмэгдэхгүй байх сөрөг үр дагавар бий болох нь ээ.
Бас нэг эрсдэл бол энэ УИХ шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хуулиа хэрэгжүүлж чадахгүй болох. Учир нь, төрийн албанд томоохон өөрчлөлт авч ирэх уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяр мөрдөж эхэлнэ. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэхэл журмууд батлагдаж дуусаагүй байна. Хуулиа жилийн өмнө баталсан хэдий ч аливаа юмыг тулгаж байж хийдэг монгол зангаараа Төрийн албаны зөвлөл өнгөрсөн сарын 17-нд зургаан журам батлуулахаар 59 хуудас материалыг УИХ-д илгээсэн юм. УИХ-ын үйл ажиллагаа нэгэнт гацчихаад байсан үед өргөн барьсан гэсэн үг. Уг журмуудыг нь Байнгын хороогоор л хэлэлцээд байна. Уг нь хуулиа хэрэгжүүлэхээс өмнө буюу энэ ондоо багтааж тухайн журмуудыг нь баталах ёстой. Гэвч одоо үүссэн нөхцөл байдлаас болоод шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүйгээр 2019 онтой золгох эрсдэл үүсэхээр байна.
Энэ долоо хоног бол 2018 оны хамгийн сүүлийн өдрүүд. Энэ долоо хоногт л УИХ хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол алтны татвар автоматаар нэмэгдэж есөн хувьд хүрнэ. Мөн төрийн албаны эрх зүйн байдал тодорхой бус болох нь. Тиймээс УИХ үйл ажиллагаагаа хэвийн болгож сөрөг үр дагавар үүсэхээс эртхэн сэргийлэх шаардлагатай юм. УИХ хууль зөрчихөө болих гэхээс илүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд хуралдаа сууж хууль тогтоох дээд байгууллагаар хууль зөрчүүлэхээ болих шаардлагатайг дээрх эрсдэлүүд анхааруулж байна.

С.Шийлэгтөмөр
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан