Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн Факторинг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ


ХААН Банк Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэг төрөл Факторингийн үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж буйгаа зарлан, олон жил хамтран ажиллаж ирсэн топ харилцагчид, тэдгээрийн итгэлт түнш, жижиг дунд бизнес эрхлэгчдийг урьж, шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлээ.
Бизнес эрхлэгчид түүхий эд, бараа бүтээгдэхүүн худалдан авах, эцсийн бүтээгдэхүүн болгох болон тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүртэлх бүтэн циклийн хүрээнд нийт өртгийн 80 хүртэлх хувийг дараа төлбөрт нөхцөлөөр хийж байгаа нь мөнгөн урсгал тасалдах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эргэлт удаашрах зэрэг хүндрэл үүсдэг. ХААН Банкнаас Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх багтай хамтран энэ талаар судалгаа хийсэн бөгөөд бизнес эрхлэгчдэд дээрх хүндрэлийг даван туулахад нь зориулж Факторингийн үйлчилгээ нэвтрүүлээд буй.
Энэ үйлчилгээнд хамрагдсанаар түүхий эд материал нийлүүлэгч тал худалдан авагч талаас хамааралгүйгээр шуурхай санхүүжилт авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулж байгаа түүхий эд материал эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх шат дамжлагын өмнөх болон дараах шатуудад шуурхай санхүүжилтийн орон зайг нөхөх, мөнгөн урсгалыг илүү оновчтой болгох санхүүгийн хэрэгсэл нь энэхүү шинээр нэвтрүүлж байгаа факторингийн үйлчилгээ юм.
ХААН Банк  тус бүтээгдэхүүнийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд банкны зүгээс худалдан авагч тал буюу томоохон аж ахуйн нэгжийг эхлээд тодорхойлно. Сонгогдсон худалдан авагч тал өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч буюу жижиг дунд бизнес эрхлэгчдийн жагсаалтыг банканд санал болгох юм. Эхний ээлжинд эдгээр сонгогдсон байгууллагуудад нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг олгохоор төлөвлөөж буй. Энэ үе шат амжилттай болсон тохиолдолд банк бусад худалдан авагч томоохон аж ахуйн нэгжүүдийг шат дараатайгаар нэмж, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгчдийг нэгтгэн хамтран ажиллах юм.
Факторингийн үйлчилгээ дараах давуу талуудтай.
Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд:
  • Барьцаа хөрөнгө шаардахгүй
  • Бэлэн мөнгөний урсгал үл тасалдах
  • Авлага цуглуулалт хялбар
  • Хурдацтай өсөх боломж
  • Шуурхай, хялбар, цахим үйлчилгээ
Худалдан авагч талаасаа:
  • Нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал
  • Төлбөрийн уян хатан боломж
  • Бэлэн мөнгөний урсгал үл тасалдах
  • Шуурхай, хялбар, цахим үйлчилгээ
ХААН Банк энэ оны эхээр Санхүүгийн зохицуулах хорооноос факторинг үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар бэлтгэл ажлыг ханган ийнхүү зах зээлд туршилтын шугамаар нэвтрүүлж эхлээд байна. Хэрвээ энэ үйлчилгээ таны бизнест тохирно гэж үзвэл та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг томоохон аж ахуйн нэгждээ хүсэлтээ гаргаарай.
ХААН Банкны Факторингийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл  ЭНД дарж танилцахаас гадна scf@khanbank.com хаягаар хандан авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан