Дональд Трампад шүүхээс 34 хэрэгт ял тулгажээ


Түүхэнд АНУ-ын ерөнхийлөгч асан эрхмүүдээс хамгийн анх шүүхээс ял сонссон хүн Дональд Трамп болсон билээ. Өчигдөр тэр Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхийн байранд ирж, өөрт нь тулгасан ялтай танилцсан юм.
Шүүх түүнийг 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр гэм буруутай үйлдлээ олон нийтээс нуухын тулд бусдад мөнгө төлсөн, төлсөн мөнгөө худал мэдүүлсэн хэрэгт буруутгаж, нийт 34 ял тулгаад байгаа.
Тухайлбал Трампыг “2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ба дараа Америкийн сонгогчдоос үнэн бодит мэдээлэл, хууль бус үйлдлийг нуун дарагдуулах” зорилгоор албан ёсны бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгажээ.
Насанд хүрэгчдэд зориулагдсан киноны жүжигчин эмэгтэй Сторми Даниэлсын “амыг хаах” зорилгоор $130,000 төлсөн хэрэг үүнд багтсан байна.
“Ямар ч их мөнгө, ямар ч эрх мэдэл Америкийн суурь зарчмыг өөрчилж чадахгүй” гэж хэргийг мөрдөн шалгасан Манхэттэн дүүргийн прокурор Алвин Браг шүүх хурлын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Шүүх хуралд Трамп өмгөөлөгчдийн хамт оролцохдоо өөрт нь тулгасан ял нэг бүртэй танилцаж, бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн юм.
Тэрбээр шүүхийн танхимд орохдоо болон танхимаас гарахдаа ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Харин шүүх танхимд ирэхээсээ өмнө “Доод Манхэттэний шүүхийн танхим руу явж байна. Тэд намайг баривчлах гэж байгаа нь гайхмаар үйл явдал. Америкт ийм зүйл болж байгаад итгэхэд бэрх юм” гэж сошиал хуудсандаа бичсэн байв.
Трампыг яллах шийдвэр өнөөдөр Америкийн нийгэмд талцал, хуваагдал бий болгоод байгаа.
Түүнийг дэмжигчид хэдэн өдрийн өмнөөс Нью-Йорк хотод цугларсан юм. Үймээн самуун гарахаас болгоомжилсон хотын эрх баригчид цагдаагийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа.
Жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэдэг Сторми Даниэлс 2006 оноос хойш Трамптай дотно харилцаатай байснаа мөрдөн байцаагчдад мэдүүлсэн юм.
Энэ харилцааны тухай мэдээллийг нууцлахын тулд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн сонгуулийн өмнө жүжигчин эмэгтэйд $130,000 төлж байснаа хүлээн зөвшөөрөөд байгаа.
Харин Трамп жүжигчин эмэгтэйтэй дотно харилцаатай байснаа үгүйсгэж, төлсөн мөнгөө хуурамч мэдээлэл тарахаас сэргийлэхэд зориулсан гэж мэдүүлжээ.
Үүнээс гадна Трамп Тоуэр барилгын үүдний угтагч асан эрэгтэй Трампын бутач хүүхдийн талаар мэдээллийг нууцлах үүрэг хүлээснийхээ төлөө зуучлагчаар дамжуулан $30,000 авсан хэрэг яригдаж байгаа.
Трамптай дотно харилцаатай байсан өөр нэг эмэгтэй бас ижил зорилгоор $150,000 авсан асуудал нэмэгджээ.
Энэ бүх төлсөн мөнгөө Трамп сонгуулийн бусад зардал мэт харагдуулахаар албаны бичиг баримтад тусгасан гэж буруутгагдаж байгаа юм.
Хэрвээ тэр бүх 34 ялаар шийтгүүлбэл Нью-Йорк мужийн хуулийн дагуу 100 гаруй жил шоронд хоригдох болоод байна. Гэхдээ бодит шийтгэл нь үүнээс хавьгүй бага байна гэж ажиглагчид үзэж байгаа.
Бүгд Найрамдах намын улс төрчид Манхэттэний шүүхийн шийдвэрийг “улс төржсөн” үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсээр байна. Харин Ардчилсан намынхан “хуулиас дээр хэн ч байх ёсгүй” болохыг харуулсан сайн жишиг гэж мэдэгджээ.
Прокурор Браг оноосон ялыг “улс төрийн явуулга” гэх Бүгд Найрамдахчуудын шүүмжлэлийг хэвлэлийн хурлын үеэр няцаасан юм.
“Хэн байхаас нь үл хамаараад эдгээрийг Нью-Йорк муж хүнд гэмт хэрэгт тооцно. Бид ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэвийн үзэгдэл болгох ёсгүй” гэж тэр хэлжээ.
Трампын дараагийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 4-нд товлогдоод байгаа.
Үүнээс өмнө прокурорын баг болон Трампын өмгөөлөгчдийн хооронд тус тусын байр суурийг хамгаалах хуулийн мэтгэлцээн өрнөх юм.
Эх сурвалж: Aljazeera
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан