Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Тэмүүжин" цогцолбор сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцаж, багш, сурагчидтай уулзаж санал хүсэлтийг сонслоо. Тус сургууль нь 1962 онд Хэнтий аймгийн үлгэр жишээ бага сургууль болон байгуулагдаж байсан түүхтэй. Засаг даргатай уулзах уулзалтын үеэр тус сургуулийн төлөөллүүд доорх асуудлуудыг дурдаж байлаа. Үүнд "Тэмүүжин" цогцолбор сургуулийн хичээлийн байр секц дугуйлан явуулахад анги танхимын хүрэлцээ муу, сургуулийн ойр орчимд хүүхэд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байгаа тул аюулгүй байдлыг хангах талаас ямар нэгэн арга хэмжээ авах, сургуулийн ойр орчмын камержуулалтыг нэмэх, аймгийн хэмжээнд хүүхэд залуучууд цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүй зэрэг асуудлуудаа танилцуулсан юм.
Тиймээс аймгийн Засаг даргын зүгээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн газартай хамтран тус сургууль руу ордог машины хөдөлгөөнийг нэг урсгалтай болох зохицуулалт хийхээр боллоо. Мөн тун удахгүй нийт багш ажилтнуудтай уулзахаар төлөвлөлөө.
Энэ онд “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд залуучуудад цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор багийн төв болгонд хүүхдэд зориулсан танхим байгуулах, төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн, мини парк байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа юм.