Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн гемодиализын аппаратын уусмал дуусаж өвчтөнүүдээ 7-8 хоног аппаратад оруулаагүй гэсэн иргэний мэдээллийн дагуу газар дээр нь очиж сурвалжиллаа.
"Ковид-19" цар тахлаас үүдэн улсын хэмжээнд хил гааль хаалттай нэн шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж байгаагийн дотор бөөрний аппаратны уусмал тасалджээ. Гэхдээ ЭМЯ, ЭМГ "Их шүүдэргэнэ" компанид уламжлан нэгдсэн эмнэлэг тасалдал үүсгэлгүй ажилласан байна.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Оюунгэрэл ярихдаа"Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд 6 өвчтөнийг Улаанбаатар хотод аппаратад оруулж, хөнгөн хүмүүсийг эндээ хордлого тайлан эмчилгээ хийж ажилласан бөгөөд цахим орчинд тархсан мэдээлэл шиг 8 хоног уусмал тасалдсан тохиолдол гараагүй" гэлээ. Харин 7 хоногт 3 удаа эмчилгээнд ордог өвчтөн хэлэхдээ "Ер нь аймгийн хэмжээнд гурав байдаг аппаратын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ачаалал ихдээд хүлээлт үүсэхээр хүндрэлтэй байдаг. Аппаратын уусмал дуусаж зарим хүмүүсийг Улаанбаатар хотод эмчлүүлсэн бол заримыг нь орлуулах эмчилгээ хийсэн" гэв.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдаж байгаагийн нэг нь Эрүүл мэндийн яамнаас 5 бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд ангиографикийн аппаратыг нийлүүлсэн явдал байв. Аймгуудаас Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус аппаратыг суурилуулж ажиллахад бэлэн болжээ. Гэхдээ нарийн мэргэжлийн эмчийг сургаж ажиллуулах шаардлагатай бөгөөд эмч нар 6-1 жилийн хугацаанд бэлтгэгдэж ирэх юм. Нэгдсэн эмнэлэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор олон давуу талууд бий болж, орон нутгийн иргэд дэргэдээсээ эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсоор байна.