Төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болж, 211 иргэн бүртгүүлснээс 177 иргэн оролцож, 42 иргэн буюу 23,7 хувь тэнцжээ.Тус шалгалт нь Ерөнхий мэдлэг, Монгол хэл, бичгийн чадвар, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний шатандаа тэнцсэн тохиолдолд дараагийн шалгалт өгөх эрх үүсдэгээрээ онцлогтой. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрт өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгддөг.
Энэ жил дийлэнх буюу 123 иргэн ерөнхий мэдлэгийн шалгалтдаа тэнцээгүй байна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, мэргэжлийн байгууллагуудтай хамтран халдвар, хамгааллын дэглэмийн дор зохион байгуулсан бөгөөд шалгалттай холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй аж. Харин оролцогчдын хувийн бэлтгэл хангалтгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байна. Тиймээс дараагийн удаад шалгалтад оролцохоор төлөвлөж буй иргэд, мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр анхаарч, хувийн зохион байгуулалттай оролцох шаардлагатай байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.