Монгол Улсын Эрчим хүчний яам, Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрчим хүч-2” төслийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчим хүчний алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхыг сайжруулах, техникийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах нь төслийн зорилго аж. Үүний хүрээнд Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 6/0.4кв цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажил эхэллээ.Тус ажлын хүрээнд 6/ 0,4 кв-ын 124,15 км-ын урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 2,647 км кабель шугам тавих, иж бүрдэл 8 ком дэд өртөөг байгуулахаас гадна эхний ээлжинд 7719 ширхэг ухаалаг тоолуур буюу 2 тарифт тоолуурыг айл өрх, ААН-д үнэ төлбөргүй суурилуулах юм.
Ингэснээр иргэд шөнийн хэрэглээгээ хямд тарифаар тооцуулах боломжтой болохоос гадна цахилгааны төлбөр бичилт хараат бус, цахим болохоороо онцлогтой. Мөн цахилгааны эрчим хүчний тасралт буурч, хэрэглэгчдэд түгээж байгаа эрчим хүчний чанар, хүчдэл сайжирна.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Алтай трест” ХХК шалгарч, 2022 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Хэрлэн сум, Бор-өндөр суманд тус тус хэрэгжиж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сараас Бор-Өндөр сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил эхэлсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.