Мөнгө хамгийн их бохирдож байгаа газруудын нэг нь хүнсний зах бөгөөд мах болон ногооны ченжүүд зориулалтын бээлий өмсдөггүй, бохирдсон гараараа мөнгөтэй харьцах нь түгээмэл байна.
Дэлхий дээр мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг 200 гаруй төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг. ОХУ-ын Эпидемиологи, микробиологийн судалгааны төвөөс судалгаа хийхэд мөнгөн дэвсгэртээс сүрьеэ, уушгины үрэвсэл, менингит зэрэг 34 төрлийн өвчин үүсгэгч микроб илэрчээ. Тэдгээрийн дунд арьсны үрэвсэл, амны хөндийн өвчин үүсгэгч нян, гэдэсний өвчин үүсгэгч савханцар, мөөгөнцөр зэрэг нь хамгийн өндөр хувийг эзэлж байв. Түүнчлэн мөнгөн дэвсгэрт дээр томуугийн вирус дунджаар 12 хоног тэсвэрлэх чадвартай байжээ.
Мөнгөн дэвсгэртийг бохирдуулдаг олон төрлийн шалтгаан бий . Тодруулбал,
хиртэй бохир гараар барих, мөнгөн дэвсгэрт дээр зурж бичих, норгох, угаах, урж, тасдах, олон давхар нугалан халааслах, оймс, гутлын түрий зэрэгт нугалан хийх зэрэг болно. Мөн сүсэг бишрэлийн зан үйлд, лам нарын айлдсанаар лус савдаг тайтгаруулна хэмээн багц багцаар нь газарт булах, суварга шүтээнд хийх, овоо, тахилга, агуйд тавих, сугалаанд ашиглах гэх мэт байдал ч ордог. Түүнчлэн зах дээр мах, жимс, хүнсний ногоо борлуулагч нар уг бүтээгдэхүүн барьсан гараараа мөнгөний тооцоо хийх нь мөнгөн дэвсгэрт дээр нян бактери үүсгэх, бохирдох, гаднах лакан бүрхүүл нь цуурч нугалаасаараа элэгдэн тасрах зэргээр мөнгөн дэвсгэртийн насжилтыг богиносгох шалтгаан болж байдаг аж.
Иймд олон төрлийн өвчний халдвараас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хооллох, тэврэхийнхээ өмнө хэрэв хиртэж, бохирдсон мөнгөтэй харьцсан бол гараа заавал угаах, бохир гараар нүд, хамар ам, нүүрэндээ хүрэхгүй байх, аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж цахим банк сонгохыг Хэнтий аймаг дахь Монгол банкнаас уриалж байна.