Катар улсын Ерөнхий Прокурорын газраас өчигдөр тус улсын Сангийн сайд Али Шариф аль Имадиг баривчлах тушаал өгчээ. Хуулийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнд түүнийг улсын хөрөнгийг завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр буруутгах хангалттай үндэслэл байна гэж үзэн баривчлах шийдвэр гаргасан байна. Сангийн сайдын албан тушаалаас нь мөн огцруулжээ. Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани түүний оронд Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Али бин Ахмед аль-Кувариг Сангийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэхийг даалгасан байна.
Али Шариф аль Имади нь Катарын Төв банкыг удирдаж байгаад 2013 онд Сангийн сайд болсон юм. Тэрээр мөн 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Qatar Investment Authority” Төрийн өмчит хөрөнгө оруулалтын сангийн захирлуудын зөвлөлд багтдаг. Гэхдээ үйлдсэн хэрэг нь хөрөнгө оруулалтын сантай ямар ч холбоогүй, зөвхөн Сангийн сайдын албатай нь холбоотой гэдгийг эмир Тамим бин Хамад Аль Тани сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон байна.