Коронавирусийн тахалтай холбоотой эндэгдэл нэмэгдсэн шалтгаанаар хэд хэдэн мужид нь нас барсан хүмүүст олгодог гэрчилгээний нөөц дууссан тул нэмж 1.1 сая гэрчилгээ хэвлүүлэхээр захиалснаа Мексикийн эрүүл мэндийн яам саяхан мэдээлжээ.
Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш Covid-19 өвчний хүндрэлээр 67,000 гаруй хүн нас барсан нь дэлхийд АНУ, Бразил, Энэтхэгийн дараа орох муу үзүүлэлт болж байна.
Батлагдсан халдварын тохиолдол нь сүүлийн байдлаар 630,000 орчим болоод байгаа юм.
Гэхдээ оношилгооны тоо хангалтгүй байгаа тул бодит тоо үүнээс хавьгүй өндөр байгаа гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага саяхан хүлээн зөвшөөрсөн байна.
Мексик улсад энэ оны гуравдугаар сараас наймдугаар сарыг дуустал хугацаанд янз бүрийн шалтгаанаар нас барсан хүний нийт тоо ердийн жилийнхтэй харьцуулахад 122,765-аар илүү гарсан байна.
Үүн дотроо 45-65 насны хүмүүсийн нас баралт хэвийн үеийнхээс эрс нэмэгдсэн байна.
Нас барсан хүмүүст олгох шинэ гэрчилгээ энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн тараагдах бөгөөд тэр хүртэл илүүдэлтэй байгаа муж, бүс нутгуудаас дутагдаж байгаа хэсгүүдэд шилжүүлэх замаар асуудлыг шийдэхээр болжээ.
Эх сурвалж: Bloomberg