Хар жагсаалт ба хар тамхи

Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д багтаад яг хагас жил болсон. Харин одоо Европын холбооны “хар жагсаалт”-д бичүүлж байх шиг байна. Тодруулбал, Монгол Улс Европын Холбооны Комисс 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээний төслийг албан ёсоор танилцуулжээ. Үүнд нь Монголыг бусад 11 улсын хамт хар жагсаалтад оруулах тухай мэдээлэл багтжээ. Энэ жагсаалтыг ойрын хугацаанд Европын парламентад өргөн барина. Батлагдвал Монголыг оруулсан хар жагсаалт бүхий дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ мэдээллийг манай УИХ-ын дарга, Монголбанк хүлээн зөвшөөрсөн байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны тавдугаар сарын 7-ны УИХ-ын чуулган дээр “... Европын Холбоо FATF-ын “саарал” болон “хар жагсаалт”-д багтсан орнуудыг “хар жагсаалт"-д бүртгэх журам гаргаад, тэр нь хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс тус холбооны “хар жагсаалт”-д орох эрсдэл байгаа. Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.
Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарчихвал Европын холбооны жагсаалтад орохгүй байх боломжтой” гэлээ. Монголбанкнаас энэ сарын 8-нд гаргасан мэдэгдэлд “... Европын Холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна. Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм” гэжээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “... Монгол Улс “хар жагсаалт”-д орсон. Ойрын хугацаанд “хар”, “саарал” жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.
Европын Холбооны энэ “хар жагсаалт”-ыг 2017 оны арванхоёрдугаар сард 28 гишүүн улсын Сангийн сайд нар татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг үгүй хийх  зорилгоор баталж байсан юм. Энэ утгаараа Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д бичүүлсэн учир Европын Холбооны “хар жагсаалт” руу автоматаар орж байна гэж ойлгох болох юм.
Мөн Европын Холбооны “хар жагсаалт”-д албан ёсоор ороход 1-2 сарын хугацаа байх шиг байна. “... Энэ хооронд нь “саарал жагсаалт”-аас гарчихна” гэж эрх баригчид бас хэлж байна. Дашрамд хэлэхэд, энэ жагсаалтад орох үгүйг шийдэх хугацаа 2020 оны манай УИХ-ын сонгуулийн санал хураалттай давхцаж байна. Бас л сонирхолтой давхцал. Ер нь бол аль ч утгаараа Европын Холбооны “хар жагсаалт”-ын сураг бол эрсдэл юм. Европын Холбооноос 2017 онд гаргасан шинэ зохицуулалтын хүрээнд жагсаалтад нэр нь орсон улсууд руу мөнгө шилжүүлэхийг хориглохоор болсон байдаг. Тус холбоо 2019 оны гуравдугаар сард “хар жагсаалт”-аа шинэчилсэн. Ингэхдээ татварын асуудлаар хамтран ажилладаггүй 15 улсыг нэмсэн.
Европын холбооноос улс орнуудыг гурван шалгуур үзүүлэлтээр авч үздэг. Мэдээлэл солилцох олон улсын стандартыг биелүүлж байгаа эсэх буюу ил тод байдал, татварын шударга өрсөлдөөн буюу татварын зүй бус систем байгаа эсэх, эдийн засгийн бодит үйл ажиллагаа буюу улс орны татварын түвшин нь татварын хиймэл орчныг дэмжиж байгаа эсэхийг харгалзан үздэг байна.
Нөгөөтэйгүүр FATF болон Европын Холбооны “саарал”, “хар” жагсаалтад бичүүлдэг хэд хэдэн үндэслэлийн нэг нь хар тамхи болдог. Учир нь хар тамхины худалдаа, хэрэглээ нь процессоороо терроризмыг санхүүжүүлж, дээр дурдсанчлан татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг бий болгодог.
Тиймээс Монгол Улс хар тамхины асуудлаар Европын Холбооны анхаарлыг татаж, “хар жагсаалт” руу гулсаж байна гэх мэдээлэл бас явж байна. Энэ үнэний ортой байж мэднэ.
Жил гаруйн өмнө Монголын нэр дэлхийд цуурайтсан. Туркийн Истанбул дахь манай хоёр дипломат ажилтан Германы хил дээр 70 кг хар тамхитай баригдаж байв. 70 кг шүү дээ. Истанбул дахь Монголын ЭСЯ-ны Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлээд Чехээр дамжаад Германд ирсэнээ сүүлд нь хүлээсэн. Тэднийг Германы Дрезденийн тойргийн шүүх шийтгэнэ. Хэргийг шалгах явцад германчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн баримт, нотолгоонууд ил болж буй талаар гадаадын хэвлэлүүд бичсэн.
2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы “TAG24” мэдээллийн сайтад “... Б.Баттүшиг шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Энэ үгийг батлах гэрч болох Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер Чехээс ирлээ” гэж мэдээлжээ.
Мөн Туркийн “TimeTurk” мэдээллийн сайтад “Гэмт бүлгийнхэн хар тамхи тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн автомашиныг ашигладаг байсан. Хар тамхи хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нар гүйцэтгэж байсан” гэжээ.
Үүнээс гадна Дрездений шүүхийн ажиллагаанд оролцогч мөрдөгч, прокурорууд Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг бүрэн авч чадсан гэх мэдээлэл бас бий. Ер нь бол Б.Баттүшигийг тойрсон асуудал дээр хар тамхины наймааны цаад эзэн нь Монголын төр болчих гээд байгаа аюул дохиолоод байгааг эх сурвалжууд хөндсөөр байсан юм.
Тэгвэл Туркийн ерөнхий прокурор манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээсэн байна. Туркийн ерөнхий прокурор тус улс дахь манай Ерөнхий консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах хүсэлтэй байгаагаа уг захидлаар илэрхийлжээ. Тодруулбал, “... Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нарт эрүүгийн 2019/94915 дугаартай хэрэг нээн шалгаж байна. Тэднийг Турк улсын Эрүүгийн хуулийн 188.3, 220.2 дахь зүйл хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Бусад холбогдогчийг нь дээрх хоёр зүйл ангид зааснаар 150 хүртэлх жил хорих ял оноохоор төлөвлөсөн. Түүнчлэн энэ талаар мэдээлсэн “TimeTurk” мэдээллийн сайтад “Туркийн ерөнхий прокуророос Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хаягласан захидалдаа Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхныг элсүүлсэн хар тамхины наймааны энэ бүлгийг “Balina” буюу “Халим” хочтой нэгэн удирдаж, олон улс дамнасан хар тамхины наймаа эрхэлдэг гэдгийг тодорхой бичсэн” гэж мэдээлсэн байгаа юм.
Энд нэр дурдагдаад байгаа дэд консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү юм байна. Б.Энхмөнх Туркэд сургууль төгсчээ. Үүнээс гадна саяхан Германы нэгэн мэдээллийн сайтад Монголын дипломатуудын хар тамхины хэргийн талаар мэдээлэхдээ “Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэг генералын хамт дуудахаар болсон” гэсэн байна. Тэр ерөнхий консул, генерал хоёр одоог хүртэл олны өмнө гарч ирээгүй л байна.
Энэ хэргийн хамгийн урхаг нь болох Б.Баттүшигийн мэдүүлгийн агуулга буюу Монголын төр, хар тамхи хоёр холбоотой гэсэн мэдээлэл Европын Холбооны “хар жагсаалт” руу хөтөлсөн байх магадлал маш өндөр юм. Харин манай Засгийн газар, Гадаад харилцааны яам яг энэ асуудлаар ямар ч тайлбар өгөлгүй өнөөдрийг хүрсэн нь хачирхалтай. Магадгүй, тэдний өгч чадахгүй байсан хариултыг Европын Холбоо өгчихсөн ч юм бил үү, хэн мэдлээ.
Яагаад гэвэл гадаад дотоод, янз бүрийн эх сурвалжуудын мэдээллээс шүүхэд, Истанбул дахь манай Ерөнхий консулын газрынхныг Туркийн хууль хяналтын байгууллагынхан багагүй хугацаанд хянаж байжээ. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар Германы хил дээр баригдсан, Б.Энхмөнх, Б.Алтансүх нарыг тодорхой асуудлаар шалгахаар Туркийн ерөнхий прокурор шаардаад байгаа болон бусад мэдээллээр энэ тодорхой болж байгаа юм. Ямартай ч Европын холбооны гаргасан “хар жагсаалт”, Монголын дипломатуудын зөөдөг хар тамхи хоёрт ямар нэг холбоо сэжим байгаад байна. 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан