Эх хэлээ ч устгаж чадах улстөрчид...


Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон... гэж  Д.Нацагдорж шүлэглэжээ.
Гэтэл УИХ-ын гишүүд “Монгол бичиг зааж, цаг алдаж яах юм бэ. Тэр хайран алтан цагаа англи хэл сурахад зориулъя” гэж хэнэг ч үгүй ярьж сууна. Дунд сургуулийн нэгдүгээр ангиас англи хэл зааж эхлэх хэрэгтэй гэсэн хүмүүс ч үзэл бодлоо илэрхийлэх болов. Яруу найрагч З.Дорж:
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй, Монгол эмгэнэлтэй... гэж  бичжээ.
Бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бичиг үсэг, төрт ёс, дипломат харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлж явжээ. Хүннү гүрний төрт улс байгуулагдахаас өмнө, өвөг Монгол аймгууд болох Шивээ, Ухуань, Тоба, Нирун, Киданы үед хадны зураг, хаадын тамганы дүрст тэмдэглэгээ бүхий  бичиг үсэгтэй байж. МЭӨ III зууны үед Хүннү гүрэн 38 үсэгтэй шувууны мөр хэмээх авианы бичиг, шаантаг үсгийг хэрэглэж байв. Хожим тэрхүү бичгийг Орхон, Енисейн Түрэг, руни бичиг гэж судлаачид нэрлэх болсон билээ.
Дэлхийн талыг эзэлсэн Их Монголын эзэнт гүрний үед бусад үндэстнийг монгол хэл, бичиг сурахыг хуулиар хориглож, эх хэлний соёлын дархлаагаа хамгаалж байв. Монголчууд түүхэндээ дүрст үсэг, тамгат үсэг, руни, худам монгол, тод, вагиндра, дөрвөлжин, али гали, соёмбо үсгийг  зохиож хэрэглэж байлаа. Согд, уйгар бичгээс санаа авч зохиосон гэж судлаачдын үздэг монгол бичгийг 1500 жилийн өмнөөс зохион хэрэглэж байгаад  латин бичигт 1930 оны үед  шилжиж үзээд больжээ. 1943 онд Оросын нөлөөгөөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тушаалаар Ц.Дамдинсүрэнд үүрэг даалгаварт өгч, дүрмийн өөрчлөлт зохиолгон 1946 онд  кирилл үсэгт бүх нийтээр шилжсэн байдаг.
Гэтэл өнөөдөр бид монгол үгийн язгуурыг эвддэг, гээгдэх эгшгийн дүрэмтэй кирилл  үсгийг хэрэглээд 80 жил болсон ч зөв бичгийн дүрмийн маргаандаа цэг тавьж чадахгүй л явна. Тэгсэн хэрнээ гар утасны мессежээ латин үсгээр бичдэг. Харин оросууд кириллээр, хятадууд ханзаар, япончууд хирагана, катакана, солонгосчууд хангиль гэдэг үндэсний бичиг үсгээ цахим ертөнцөд хэрэглэж байна. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр үндэсний бичиг үсгээ хайрладаггүй улстөрчдийг дэмжиж, хөгжөөдөг ухамсаргүй хүмүүс ч олшрох төлөвтэй. Тэд англи хэл, латин бичигт шилжих нь зөв гэж цэцэрхэх боллоо. “Аягүй л бол УИХ-ын гишүүд  Хятад дэлхийд тэргүүлж байна.
Бид даяарших ёстой. Хятад хэл суръя. Хятад ханз руу шилжих хэрэгтэй. Дэлхийтэй хөл нийлүүлж алхая” гэж хууль гаргаж  мэдэхээр болжээ. Хятадын бүрэлдэхүүнд байгаа өвөр монголчууд минь хятад хэл, ханз үсгийг цээжлэхийн хажуугаар  монгол бичиг, үсгээ хаяж гээлгүй, үр хүүхэддээ зааж сургаад болж л байна. Үүнээс санаа авах, эх орноо, эх хэл, бичиг, соёлоо гэх сэтгэлтэй, ухамсартай улстөрчид байна уу. Монголчууд нүүдлийн соёл, уламжлалаа хадгалан амьдарч дангаарших нь чухал.
Эх сурвалж: NPost.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан