Ө.Одмаа: “Өндөрхаан” телевиз гэдэг нэрийг би өдөр бүр хайрлаж явдаг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноосжил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл манай сэтгүүлч, уран бүтээлчид  уг өдрийг 27 дахь жилдээ "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй"  сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.Тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан “Өндөрхаан” телевизийн захирал, сэтгүүлч Ө.Одмаатай ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд сэтгүүл зүйн салбартай амьдралаа хэрхэн холбосон бэ?
-Анх 2007 онд ЕБС-аа төгсөөд урлагийн хүн болох зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм. Тухайн үед Соёлын дээд сургуульд дуу хөгжмийн багш мэргэжлээр тэнцэж хуваарь авсан ч ээжийнхээ зөвлөснөөр сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Энэ нь ч оносон гэж боддог. Оюутан байхдаа Хэнтий аймгийн “Санбүрд” кабелийн олон сувгийн телевизэд дадлага хийж байхдаа сайт, сонин биш би телевизийн сэтгүүлч болох юм байна гэдгээ ойлгосон. Ингээд 2011 онд Идэр дээд сургуулиа төгсөөд “Санбүрд” кабелийн олон сувгийн телевизэд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн дээ.
-Ажлын гараагаа таньж мэдэхгүй, хүний нутгаас эхлүүлнэ гэдэг амаргүй байсан байх?
-Би Дорнод аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Ажлын гараагаа таньж, мэдэхгүй нутгаас эхлүүлэхэд өөр орчин, өөр нутаг гэдэг утгаар бүх зүйл цоо шинэ байсан. Анх намайг хэн ч таньдаггүй байсан бол одоо “Өндөрхаан”-ы Одмаа гэхэд андахгүй хүн ховор болсон гэхэд хилсдэхгүй. Би нэг зүйлийг мартдаггүй. Юу вэ гэвэл, ажлаа хийж эхлээд удаагүй байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас яриа авч, дууссаныхаа дараа овог нэрийг нь асуусан юм. Гэтэл хажуунаас өөр нэг сэтгүүлч “Энэ хүнийг мэдэхгүй байхдаа яадаг юм” гэж хэлсэн. Тухайн үед бага зэрэг эмзэглэж, “Би хүн болгоныг таньж, танигдах хэрэгтэй юм байна” гэж бодсон. Энэ бол надад үлдсэн хамгийн том сургамж.
-Сэтгүүл зүйн салбарыг хахир, хатуу гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сэтгүүл зүйн салбар цаг наргүй ажилладгаараа хамгийн хүнд мэргэжил гэж болно. Алдаа мадаггүй, хариуцлагатай, үнэн бодит мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэхийн төлөө сэтгүүлч өглөөний нарнаас үдшийн бүрий болтол ажилладаг. Нэг үсэг, нэг тоог л буруу бичвэл баримтын маш том алдаа болно. Тийм учраас алдах эрхгүй, өөрийн тав тухад тааруулж, чөлөөтэй ажиллах боломжгүй салбар. Сэтгүүлчдэд тулгардаг асуудлуудын нэг бол ар гэр нь дэмжихгүй байх явдал юм. Миний хувьд нөхөртэйгөө хамт ажилладаг учир ажлаа хийхэд илүү хялбар, ойлголцоход амар байдаг. Тийм учраас би тууштай ажиллаж чаддаг. Хэрэв нөхөр минь өөр салбарт ажилладаг байсан бол би үр хүүхдээ орхин байж, цаг наргүй ажиллаж чадахгүй байсан байх.
-Тэгвэл сэтгүүлч хүний аз жаргал яг юунд оршдог юм бэ?
-Өнөөдрийг хүртэл сэтгүүл зүй тэр дундаа телевизийн салбарт арван жил тасралтгүй ажилласан байна.Миний хувьд ТВ9, Монгол HD, TV6, TV24, Өлзий ТВ, Мянгат Малчин ТВ,MGL радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын орон нутаг дахь албан ёсны сэтгүүлчээр ажилладаг.  Эдгээр байгууллагад өөрийн бэлтгэсэн мэдээгээ түгээсний дараа сэтгэлд нар гийх мэт сайхан мэдрэмж төрдөг. Дараа нь зурагтаар мэдээгээ үзэж, утсаараа зураг аваад өөрийн фэйсбүүкийн пэйж хуудсанд “Би өнөөдөр ийм мэдээлэл хийлээ, Аймаг, орон нутгаа ингэж сурталчиллаа” гэж хийсэн ажлаа байршуулдаг. Яг тэр үед л сэтгүүлчийн үүргээ бүрэн биелүүлсэн гэдгээ мэдэрч, жаргалтай байдаг.
-Сэтгүүлч хүний хувьд та ямар зарчим баримталдаг вэ?
-Үйл явдлын халуун цэг дээр очиж мэдээллийг цаг алдалгүй, шуурхай дамжуулахыг юун түрүүнд зарчмаа болгодог. Хоёрдугаарт, мэдээллийг хоёр талын байр суурьтайгаар тэнцвэртэй хүргэхийг зорьдог. Сэтгүүл зүй өөрөө үнэн бодит, шуурхай, тэнцвэртэй, хүртээмжтэй байхыг шаарддаг. Хаана миний хэрэгцээ байна, би тэнд цаг алдалгүй очих ёстой. Хурдтай байна гэдэг сэтгүүлч хүний хамгийн том шалгуур, ур чадвар юм. Мөн үзэг, дэвтэр бол сэтгүүлчдийн хамгийн үнэнч туслах, хамгийн том зэвсэг болдог. Зарим үед залуу сэтгүүлчид бал, дэвтэргүй яваа харагддаг. Тэрүүхэн үедээ “Мэдээгээ яаж бичих бол” гэж боддог л байлаа. 
-Таны хувьд “Өндөрхаан” телевизийн захирлаар ажиллаад долоон жилийг ардаа үджээ. Анх энэ телевизэд хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Өлзийхутагийн Одмаа гэвэл хүмүүс намайг сайн танихгүй. Харин “Өндөрхаан”-ы Одмаа гэж хэлвэл танихгүй хүн ховор байх. Тэгэхээр би өөрийгөө хоёр овогтой гэж боддог юм. Үүгээрээ ч бахархдаг.  Анх 2012 онд энэ телевизтэй хувь заяагаа холбож байлаа. Тийм учраас “Өндөрхаан” телевиз гэдэг нэрийг би өдөр бүр хайрлаж явдаг. Өөр ажил хий гэвэл би чадахгүй. Өөрийгөө микрофон, камергүйгээр төсөөлдөггүй. Манай телевиз найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хүн болгон манай телевизийг мэддэг болсон байна. Өдийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсан маань ганц миний биш манай хамт олны хүч юм.
Хэнтий аймаг дахь хэвлэл мэдээллийн үүсэл 70 жилийн түүхтэй “Урагшаа” сонинтой зайлшгүй холбоотой. Гэвч телевизийн салбар хожуу үүссэн. Аймгийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй гурван телевиз байдаг. Анх хүмүүсээс яриа авах гэхээр камераас зугтааж, эмээдэг байсан. Аймгийн иргэд сэтгүүл зүйн салбарыг одоо л ойлгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон байна. Энэ нь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд чадварлаг, сайн ажиллаж байгаатай холбоотой.
-Орон нутаг болон төвийн хэвлэл мэдээлэл хоорондоо ямар ялгаатай вэ?
-Орон нутаг болон нийслэл дэх хэвлэл мэдээллийн байгууллага өдөр, шөнө шиг ялгаатай. Айлтгүйн Төмөр-Очир гуай “Орон нутгийн сэтгүүлч бол оготны нүхэн дэх сувд юм шүү” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө яриагаа тасалж, эвлүүлэг хийж, зураг авдаг. Нэг үгээр, тал бүрийн ур чадварт суралцдаг гэдгээрээ төвийн сэтгүүлчдээс ялгардаг гэж болно. Мөн орон нутгийн сэтгүүлчид үнэнтэй хамгийн ойр байдаг. 
-Ярилцсанд баярлалаа.  

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан