Тавдугаар станцыг 20-иод жил гацаасан төр Таван толгойн станцыг таван жилд барих уу даа

Таван толгойн цахилгаан станц гэж болж бүтдэггүй юмсын нэг байна. Ер нь Монголд ямар ажил бүтдэг, ямар ажилд нь тээг саад учирч, бүтэл муутайхан байдгийг ард түмэн мэддэг болсон доо. Монголын эрх ашигт яв цав нийцсэн, хөршүүдээсээ эдийн засгийн болон улс төрийн хувьд хараат бус болоход чиглэсэн аливаа ажил л бүтэлгүйтэн замхардаг. Үүний тод жишээ нь Тавдугаар цахилгаан станц. Энэ станцыг барих гэж шийдээд 20-иод жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл цаасан дээрх төсөл хэвээр байсаар байна. Хэрэв бид 450 МВт-ын хүчин чадал бүхий энэхүү станцыг барьсан бол нийслэлийн цахилгааны нийт хэрэглээний тэн хагасыг дангаараа нийлүүлж чадах байв. ОХУ-аас жилд цахилгаан эрчим хүч худалдан авахад зарцуулдаг 40 хүртэлх сая ам.доллараа ч тэр чигт нь хэмнэж дөнгөнө. Хүн царайчилдаг олон зүйлсийн нэг нь ч болтугай хасагдана. Тэр хэрээрээ бид чадавхжиж, ард иргэдийн аяганд орох боорцогны тоо нэмэгдэхээс эхлээд ирэх үр өгөөж нь ч их байх байлаа.
Уг станцыг барих хөрөнгө мөнгө олдсон. Өнөө маргаашгүй барина гэж олон ч хамтрагчтай тохирч гарын үсэг зурсан. Гэвч баригдаагүй. Яагаад баригдахгүй өдий хүрсэн учир шалтгаан нь ч олддоггүй. Анхаарч үзэж, ажил хэрэг болгоё гэхээ ч больсон. Төрийн түшээд, Улсын Их хурал зөвхөн Тавдугаар станцыг тойроод л хэнд ч хэрэггүй Соёлын төвүүдийг бариад байдаг. Станцаа байг гэхэд сургууль ч болтугай барьмаарсан. Магадгүй олон сургуультай болчихвол иргэд боловсорчих нь, сэхээрчих нь гэж боддог байх л даа.
Тавдугаар цахилгаан станцтай ижил хувь заяатай Эгийн голын усан цахилгаан станцыг ч энд дурдах нь зүйтэй. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийн төслийн судалгааны ажил 1992 онд эхэлжээ. Бүхэл бүтэн 28 жил өнгөрчихөөд байхад гарт баригдаж, нүдэнд үзэгдсэн зүйл алга. Эхлээд Малайзууд барихаар болсон. Дараа нь Чех болж хувирсан. Одоо бүр хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд ч биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд юм.
Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харьяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш,өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм.
Дээрхүүдтэй адил ажил хэрэг болж чадаагүй нэг станц бол Оюу толгойг цахилгаанаар хангах ёстой цахилгаан станц. Анх Оюу толгойтой цуг яригдсан боловч ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байсаар өнөөдөртэй золгосон. Мэдээж энэ хооронд их юм өрнөсөн. Үйл хэрэг болгох гэж цөөнгүй хүмүүс оролцож, эцэстээ үр дүнд хүрч чадаагүй.
Товчхондоо, “МСS”-ыг барих гэхэд нь болиулсан. Тэд золтой л хэрэгт орчихоогүй. Өнөөдөр ч “МСS”-д наасан муу нэр арилаагүй байна. Монголын хамгийн луйварчин компани гэх нэр зүүгээд л явдаг. М.Энхсайхан гэрээ хийж бариулах гэсэн биш шоронд явахаа дөхсөн. Түрүүчийн Засгийн газрын үед мега төсөл хариуцан ажиллаж байхдаа Таван толгойд цахилгаан станц барих тухай их ярьдаг байсан. Одоо тэр монголчуудын эрх ашгийн төлөө юм хийх гэснийхээ төлөө аавын хаалга татах үгүй дээрээ тулчихсан, хэрэг нь шүүхэд шилжчихээд сууж байна.
Энэ мэтчилэн цахилгаан станц барих ажилд ямар нэгэн байдлаар чөдөр тушаа үүсч, баригддаггүй. Гэтэл энэ Засгийн газар сонгуулийн өмнө Таван толгой станцыг төрийн мөнгөөр барих болсноо зарлалаа. “Эрдэс-Таван толгой” компанийг түшиглэнэ, шаардлагатай гэвэл бонд гаргаж санхүүжилтийг нь босгоно л гэнэ. Гаргасан зардлаа таван жилийн дотор нөхөх боломжтой гэдгийг ч ярьж байна. Тавдугаар станцыг 20-иод жил барьж чадаагүй төр Таван толгойн станцыг таван жилд барьж чадах уу. Мэдээж хэлсэн ярьсан нь биеллээ олж энэ станц баригдвал түүн шиг хэрэгтэй зүйл юу байх вэ. Оюу толгой компани жилд 170-200 сая ам.доллараар эрчим хүч импортолдог. Үүнийг дотоодоосоо хангачихвал бидэнд олон давуу талууд бий болно. Ингэж чадвал монголчууд дээр дооргүй баярлаж, алгаа ташин хүлээж авах нь ч гарцаагүй.
Гэхдээ явж ирсэн туршлагаас харахад энэ шийдвэр сонгуулийн шоу л болох байлгүй дээ. Төр таван жилд нэг станц барьчих боломжтой, тэр станц нь таван жилийн дотор зардлаа төлчихдөг байсан юм бол өнгөрсөн хориод жилд дөрвөн станц барьчих цаг, боломжоо бид алдсан байна. Хийгээгүй л байхгүй юу даа, хийдэггүй л байхгуй юу. Тэгээд одоо энэ цагт хийнэ гэхэд даанч үнэмшилгүй байна аа. Дээрээс нь дэлхий даяар цар тахал гарч эдийн засаг агшиж байгаа энэ үед үлгэр болоод дуусах байх. Үнэхээр л цахилгаан станцтай болъё гэж бодож байгаа юм бол энэ ажилдаа хувийн хэвшлийг оруулах нь хамгийн зөв. Хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэ, тэдэн төгрөгөөр худалдаж авъя гэж тохироод, гэрээ хийгээд л оруулчих хэрэгтэй. Өнөөдөр хувийн хэвшлүүд Таван толгойн станц байтугай таван тивийг хангах станц барих чадалтай болчихсон шүү дээ.

О.Ариунцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан