Ч.Улаан сайд аа, гадныхны гологдлыг монголчуудад шахах уу

“Нөөцийн мах” гэх энэ хоёр үг уг нь ХХААХҮ-ийн сайдын ажлын нэгэн үзүүлэлт. Гэтэл жил бүр л асуудал дагуулсаар, бүр жил ирэх тусам дордоод байгаа ажил болчхож. Ингэж хэлэхийн учир нь “Нөөцийн мах” энэ жил түрүү жилээс бараг сарын өмнө худалдаанд гарна гэх зар тарсан ч иргэд авах дээрээ тулахад “Уут байхгүй” гэх шалтгаанаар нэг хоёр өдрөөр хойшлов. Бас өмнөх жилээс үнэтэй зарагдаж ямааны махыг килограммыг нь 6200 төгрөгөөр үнэлсэн байв.
Энэ нь үнэн чанартаа муу хэлдэг махны ченжүүдэд “Та нар үнээ нэмээрэй, нөөцийн мах ийм үнэтэй байгаа шүү” гээд хэлчихсэнтэй утга нэг гэж үзэхэд хүргэж байгаа юм. Түүхэндээ ч ямааны махыг нийслэлчүүд захаас ч тэр  дэлгүүрээс ч тэр 6000 төгрөгөөр худалдаж авч байсангүй. Бас нэг “Но” нь өнгөрсөн жил 5 үйлдвэр, аж ахуйн нэгж “Нөөцийн мах” бэлтгэж байсан бол 2020 оны өвөл хаврын махны хэрэгцээг хангахаар 14 аж ахуйн нэгж байгууллага 13.886.7 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцөлсөн гэх мэдээллийг 1 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлээс мэдээлж  байв. Өнөөдөр тэрхүү 13.886.7 тн мах 12 мянган тонн болчхож. 1886.7 тн мах нь хаачсан юм бол. Бас нэгэн “Но” нь 60 гаруй аж ахуйн нэгжийн гологдсон 12 мянган тонн махыг нийслэлчүүд бидэнд борлуулах болчхоод байгаа юм.
Сайдын хэлснээр “Одоогоор 12 мянган тонн махны нөөц байгаа. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Өнгөрсөн жил өдөрт 60-70 тонн мах нийлүүлж байсан бол энэ жил өдөрт 100 тонн мах нийлүүлэх боломжтой. Гадаадад экспортлохоор 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн мах бэлдсэн байсан. Гэтэл чанарын шаардлага хангаагүй” учраас гологдсон. Та нарт л азны юм боллоо”  гэх өнгө аястай хэлсэн нь олны дургүйцлийг хүргэв. Уг иргэд эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрт бэлтгэсэн мах хэрэглэдэг гэж боддог байлаа. Харин сайдын энэ ярианаас “Бид чинь хаана, ямар орчинд, ямар хүмүүс бэлтгэсэн мах идэж байсан юм бэ” гэж бодох болов. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэдэгчлэн гадаадад гаргах гээд гологдсон, нэг ёсондоо гадныхны гологдлыг бид идэх дээрээ тулчхаж.
Энэ шударга явдал мөн үү. Хаврын уртад махассан иргэд авахгүй гээд хаачих юм” гэсэн байдлаар хэнэг ч үгүй “Гологдсон учраас дотооддоо нийлүүлэхээр болсон” гээд ярьж байгаа нь ямар муухай доромжлол вэ. “Нөөцийн мах” гэж ярьсаар багагүй хугцаааг үдэж байгаа хэрнээ яагаад ая эвдээ орчихдоггүй, урагшилдаггүй ажил вэ. Хилийн цаана сууж байгаа ч гэсэн бид ижилхэн хүмүүс. Яагаад тэдэнд гологдсон махыг Монголчууд идэх ёстой гэж. Гологдол гаргасан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь хариуцлагаа хүлээхгүй, нийслэлчүүдэд яагаад” шахаж” байна вэ гэдэг нь ч асуудал. Тиймээс нийслэлчүүд  танаас хариулт хүлээе, сайд аа.
 
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан