ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.
-Эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, мансууруулах бодисийг устгах ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
-Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх тухай” журам байдаг. Энэхүү журмаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг хадгалах, шилжүүлэх, шийдвэрлэх /устгах/ ажиллагаа зохицуулагддаг.
Дээрх журамд заасан шаардлагыг хангасан эд мөрийн баримт хадгалах зориулалтын өрөөнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн эд мөрийн баримт хадгалагддаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг бүх шатны шүүхээр хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийн захирамжинд заагдсаны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэх (устгах) ажиллагаа явагддаг. Шүүгчийн захирамжаар тухайн хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгадаг.
-Эд мөрийн баримтыг устгах ажлын хэсгийг хэний тушаалаар томилдог юм бэ. Хөндлөнгийн ажиглагчаар ямар хүмүүс оролцдог вэ?
-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тахимтай тэмцэх газрын даргын тушаалаар эд мөрийн баримт устгах ажлын хэсгийг байгуулдаг. Энэ ажлын хэсгийн гишүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл /шийдвэр гүйцэтгэгч нар/ байлцаж эд мөрийн баримтыг устгах ажлыг зохион байгуулдаг. Энэхүү ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Нийслэлийн прокурорын газар болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох мэргэжилтэн нар оролцдог.
-Ажиллагааг хэрхэн баримтжуулдаг вэ. Эд мөрийн баримтыг устгах үйл явцын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Эд мөрийн баримтыг шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь дуустал камераар бичиж дүрсжүүлдэг. Камерын бичлэг дундаа тасрахгүй, үргэлжилдэг. Мөн эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл үйлдэж, оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруудаг.
Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт анх хураагдах үедээ жинлэгдэж, тэмдэглэлд тусгагдан, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулагддаг. Ингээд битүүмжлэл бүхий хайрцаг, саванд хийж, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагддаг. Ингээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүгчийн захирамжинд шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтын нэршил, грамм, онцлог шинжүүдийг бүгдийг нь тусгасан байдаг.
Эд мөрийн баримтыг устгах ажиллагаа эхлэхэд тухайн бодисыг нэг бүрчилэн жинлэж үзээд , шүүгчийн захирамжинд тусгагдсан онцлог шинжүүдтэй тулгаж үздэг. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийн агууламжтай болохыг шалгадаг “Trunarc, targed ID” гэх тусгай багажаар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг дахин шалгадаг. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь харж хяналт тавьдаг бөгөөд мэдээж бүх ажиллагаа камерын бичлэгт бичигддэг. Тийм учир эд мөрийн баримт солигдох, алга болох зэрэг асуудал огт гарахгүй гэсэн үг. Эд мөрийн баримтыг шийдвэрлэх, устгах ажиллагаа дууссаны дараа тухайн ажиллагааны тэмдэглэл болон дүрс бичлэгийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхэд албан бичгийн хамт хүргүүлдэг.
-Хадгалагдаж буй бодис алдагддаг гэх хардлага нийгэмд байдаг. Ийм боломж бий юу?
-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бодис алдагдах боломж байхгүй. Хэн дуртай нь эд мөрийн баримт хадгалах өрөөнд ороод байдаггүй. Эд мөрийн баримтыг тусгай өрөөнд зориулалтын сейф, саванд битүүмжлэн, лацдаж хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл хадгалдаг. Үүнд тус газрын дарга, удирдлага холбогдох албан тушаалтнаас тогтмол хяналт тавьж ажилладаг.
-Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхиа Монголоос авсан гэж мэдүүлсэн байна лээ. Хураагдсан эд мөрийн баримтыг тээвэрлэж явсан байж болзошүй гэсэн хардлага нийгэмд байна?
-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ талаар шалгаж байгаа асуудал байхгүй. Гадаад улсын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг тэр улсын хууль тогтоомжийн дагуу шалгагдаад шийдвэрлэгдэнэ.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин