Дэлхийн таван тив, дөрвөн далайн хаа нэгтээ суурьшин аж төрж ирсэн хүмүүс бүгд л хэл ба соёлоор ялгагдах олон үндэстэнг буй болгожээ. Гэвч тэдний цөөн хэд нь л том үндэстэн гэгдэж түүхэнд дурдагдсан байх юм. Үндэстний том, багыг түүнд хамаарагдах хүн амын тоогоор бус харин бусад улс үндэстэнд үзүүлж байсан нөлөө, ролиор нь юуны өмнө тогтоодог ажээ. Бүтээж, буй болгож бусдад тарааж дэлгэрүүлсэн биет болон биет бус соёлын өв сангийн хэмжээ, чанараараа үнэлэгдэж том үндэстний тоонд орсон нэгэн байхад хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явц, гольдролыг өөрчилж, дэвшил хөгжлийн дараачийн үе шатыг эхлүүлж чадсанаараа алдаршиж том үндэстэн хэмээн тооцогдох болсон өөр нэгэн ч бас байдаг. Монголчууд бол чухамдаа иймэрхүү үзүүлэлтээр том үндэстэнд тооцогдох болсон цөөн хүн амтай улс орон юм. Өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэлийг тавьж "хүн төрөлхтнийг дэлхий дахин гэх нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож хувиргасан" гавъяаг өнөөдөр олон орны судлаачид монгол үндэстэнд тохоон үзэх болжээ.
XIII зууны эхэн үе гэхэд дэлхий дээрх олон улс орон хоорондоо олон шижмээр тогтвортой холбогдож чадаагүй, нэг нэгнийхээ талаар үнэн зөв мэдээлэлгүй, зөвхөн л тухай тухайн бүс нутгийн хэмжээнд бусдыгаа мэддэг, харилцдаг байв. Америк тивийг "нээгээгүй", Австрали тивийг ч мэддэггүй, Номхон далай, Атландын далай дахь арлуудын хүн ардыг ч мэддэггүй байжээ.
Тэрчлэн Африк тивийн хойд эрэг хавиарх цөөн улс орныг л европчууд ба азийнхан мэддэг байв. Өөрөөр хэлбэл Африк тивийн өмнөд хэсэг, бүр уг тивийн 80%-ийг тэр цагийн Европ, Ази мэддэггүй байлаа. Чухам ийм үед Монголын эзэнт гүрэн буй болжээ. Түүний нөлөө, хамаарал Номхон далай ба Атландын далайн хооронд, мөн Африкийн хойд хэсэгт тогтсон юм. Энэ бол үндсэндээ тэр цагийн дэлхий дахин гэсэн үг, тэр цагийн дэлхий дахин нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болчихжээ гэсэн үг, өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэл тавигджээ гэсэн үг, даяаршлын эрин үе тэгж эхэлжээ гэсэн үг.
Ази ба Европыг дамнаж тогтсон Их Эзэнт гүрэн даяард Их Монгол улсын Их Засаг хуульд тулгуурласан хууль- эрхэмж, Монголын их хаадын зарлиг, тушаалууд үйлчилж, алив бүх харилцааг зохицуулж байжээ. Аливаа шашныг хүндэтгэн үзэх, шашин суртлын үндсэн дээр харилцан дайсагналцахыг хатуу хориглох, худалдаа- өртөөний замын аюулгүй байдлыг чанд сахих, худалдаа- солилцоог өөгшүүлэн дэмжих зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хуульчлан мөрдүүлж байсан нь Эзэнт гүрэн задран унасны дараа ч гэсэн Ази, Европын томоохон улсуудад хэвээрээ хадгалагдан үлдсэн байна. Их Орос улс, Их Хятад улс, Араб дахины томоохон улсууд Монголын эзэнт гүрний жишээ, уламжлалаар төр ёсоо тогтоож цааш цаашдаа хөгжиж, төвхнөжээ.
Том үндэстний нэгдмэл шинж, байдлын илэрхийлэл болсон олон зүйл мөнхөд хадгалагдаж, үеэс үед уламжлагдаж, үндэсний бахархал, дархлаа, бэлгэ тэмдэг болж байдаг. Төрийн тамга, төрийн далбаа, төрийн сүлд, онголж тахиж ирсэн уул, овоо, гол мөрөн, сүлд дуу, үндэсний их баяр наадам зэргийг онцгойлон дурдаж болох юм. Том үндэстний нэг болох Монголын жишээ гэхэд л Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Мөнгол Сүмбэ улс, Их Нирун улс, Их Хятан улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнд бүгдэд нь нэгдсэн төрийн бэлгэ тэмдэг болсон зүйлүүд уламжлагдан үлдсээр л байжээ. Чандмалан дүрсэлсэн сар, нар, гал 3500 орчим жилийн туршид монголчуудын хувьд төр ёсны чухал бэлгэ, тэмдэг болж улиран үлдсээр байв. Адууг эрхэмлэн үздэг монголчууд мөн дээрх урт хугацаанд цагаан ба хар зүсмийн азарганы дэлээр хийсэн төрийн болон цэргийн туг сүлдээ хадгалсаар, мандуулсаар өнөөдрийг хүрчээ.
Том үндэстний бас нэгэн чухал шинж бол түүний бусад үндэстэнд уусах нь тун удаан, их зовиуртай байдаг түүх юм. XIII зуунд Хятад, Афганистанд очиж тэндээ үлдсэн монголчуудын хувь заяа үүний жишээ, илрэл болно. Хожуу үед Орос, Хятадын харъяалалд орсон халимагууд, буриадууд, өвөр монголчуудаас ч энэ шинжийг харж болох юм. Биеэ даах, тусгаар байх, ядаж автономи, вассал эрхтэй байхыг эрмэлздэг нь ч энэний илрэл билээ. Монголчууд цөөхөн хэдий ч энэ XXI зууны эх гэхэд биеэ даасан нэг улс (НҮБ-ын гишүүн), Их Орос ба Их Хятадад 4-5 автономит улсын статустайгаар оршин буй болно. Цөөхүүл ч гэсэн их үндэстэн л ингэж 5-6 улстөрийн нэгж болж байж чаддаг ажээ.
Монголчууд бол онцгой өвөрмөц бас сондгой содон үндэстэн юм. Ийм шинжийнхээ ачаар л өөрөөс нь хэдэн арав дахин том Их Хан үндэстэнтэй олон мянган жилийн туршид хөрш зэргэлдээ байж, түүнтэй эн чацууран тэмцэлдсээр өнөөг хүрчээ. Бүр Хүннү улсын эхэн үеэс мэдээ, санаа, үг дамжуулах өвөрмөц хэрэгсэл (утсан зангилаа, модон хэрчлээс, шаантаг үсэг, тамга тэмдэг г.м)-тэй байсны улмаас хятадын ханз үсгийн нөлөөнд ороогүй байна. Монголчууд нүүдэлчид, малчид болохынхоо хувьд гэр сууц, нэхий болон ноосон хувцас, гэр ахуйн модон эдлэл, малын эдэлгээний тоног хэрэгслээ өөрсдөө бэлтгэж хэрэглэж байв. Алт, мөнгө, зэс, хүрэл, төмөрлөгийн соёлоор ч гэсэн монголчууд цаг цагтаа орчноосоо хоцроогүй юм.
Нохой, хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг гаршуулж, гэршүүлж чадсанаар малын ашиг, шимээр бүхий л хэрэгцээгээ хангаж сурчээ. Ан гөрөө хийж, морийг уналганд ашиглах болсноор Монголын морин цэрэг дайтах урлагаар дэлхийд тэргүүлэх болжээ. Сүүлийн 3500 орчим жилийн туршид хэдэнтээ хүчирхэгжиж эзэнт гүрнүүдийг байгуулж ирсэн түүх, уламжлал нь монголчуудыг улстөрийн өндөр соёлтой болгосон ба газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнолоо сахин хамгаалж байх чадамжийг нь ч мөнхлөн дархлаажуулсан байна.
Хятадын хаад монголчуудыг улстөрийн заль, мэхээр урхидах, бэлэг сэлтээр татах, найрамдал-ургийн холбоогоор өвөрчлөхийг, Манжийн хаад, жанжид цэргийн хүчээр, цаг хугацааны нөлөө-элээлтээр эзлэхийг, Төвдийн төр-шашны удирдлага сүсэг бишрэлийн аргаар номхруулахыг, Оросын хаад ивээн тэтгэгчийн дүрээр Монголын газар нутаг руу нэвтрэн орохыг ил далд элдвээр цуцалтгүй оролдсон хэдий ч зорьсондоо 100% хүрч чадаагүй ажээ. Японы милитаристууд ч гэсэн Монгол руу хэдэнтээ өнгөлзжээ.
Их үндэстний түүхэн уламжлал, дархлаа, хаялага, алдар сууг давж гарах арга, боломж үнэхээр бага, хомс болох нь ийнхүү монголчуудын жишээн дээр нотолгоо болон үлджээ. Том үндэстэн бол тооцохыг, ойлгохыг шаардсан, зөвхөн тэдэнд гүнзгий зуршсан олон чухал шинжүүдтэй болох нь дээр өгүүлснээс үзэхэд тодорхой байна. Энэнийг таних, тооцох нь олон улсын харилцааг хэвийн, найрсаг, аюулгүй байлгахад сайнаар нөлөөлөх үр дагавартай болно. Монголчуудтай холбоотой нэгэн баримт дурдъя:
Ар Монголын чадвал тусгаар тогтнох, ядвал автономи эрхтэй болох гэсэн хүсэл, оролдлогыг Хятадын улстөрчид, түүхчид ихэнхдээ буруугаар ойлгож, ташаа тайлбарласаар иржээ. Ийм хүсэл, тийм оролдлогын цаад эзэд нь, өдөөгчид нь оросууд, Оросын төр засаг гэж тэд хатуу итгэсээр байв. Монголын эх орончдын сэтгэл, оюуныг байнгад эзэмдсээр байсан үндэсний үзэл, эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэл, санаархлыг унтрах тавилангүй гал, цог гэдгийг Хятадын төр засаг таньж, тооцоогүй нь хачирхалтай байлаа. Эртний их түүхэн уламжлал, төр ёсны соёлтой, дээрхэн үедээ гэхэд л Орос, Хятад хоёроос аль алинаас нь том, хүчирхэг байсан, Орос ба Хятадын тархай бутархай вант улсуудыг довтлон эзэлж хураан нэгтгэж өгсөн монголчууд төр, улсаа сэргээх гэж үхэн хатан оролдох нь зүй ёсны зүйл гэдгийг тэд эрт таньж, тооцох ёстой байв.
Гэвч энэ талын мэдээлэл, мэдлэг XX зууны эхэн гэхэд Хятад ба Оросын хаад, удирдах хүмүүст нь хомсдуу байсан бололтой. Монголчууд хэдийгээр тооны хувьд цөөхөн ч гэсэн том үндэстэн, түүхээр бүрэлдсэн асар их нөөц, хүчтэй ард түмэн гэдгийг хэн ч болов мэдэх, тооцох учиртай билээ. Өнөөдөр XXI зууны эхэнд гэхэд л монголчууд биеэ даасан тусгаар улс болон Орос ба Хятадад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэлбэр, хэмжээгээр налайн оршиж байгаа болно. Түүхийн боломж гарч тохироо нь бүрдэх аваас тэд нэгдэж том хүчирхэг улс болж хувирахад гайхах зүйлгүй юм. Түүх, уламжлалдаа суурилан "томоор ярих, их рүү тэмүүлэх, ахархах, ихэрхэх" шалтаг, шалтгаан монголчуудад байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийтээр мэдэх, тооцох болсон байна. Түүхийн философи ч ингэж хэлүүлж, тэгж үзүүлж буй болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Эх сурвалж: sonin.mn