
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүдийн дунд хөрөнгөөрөө дээгүүрт бичигддэг. Тэрбээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд “Газар холдинг” ХХ “Газар капитал Партнерс ББСБ” ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
Гэсэн ч тэр ард түмний боломжийг булаахаас буцаагүй. Тодруулбал, өөрийн эзэмшлийн “Газар холдинг” группийн охин компани нь жилийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 тэрбум 950 сая төгрөгийн зээл авч, Сэлэнгэ үхрийн үйлдрийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.
Түүний ЖДҮХС-гаас авсан зээл олон нийтэд илчлэгдэнгүүт түүний пи-ар багийнхан “Тэр бол мундаг хүний үр сад, Монголын төрд байх ёстой, Тэр бол хичээнгүй хөдөлмөрч хүн хууль ёсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэлээ л хөгжүүлсэн” гэх зэргээр өмөөрч сошиал орчинд элдвийг бичиж түгээж байсан. Энэ бол түүний өөрийгөө өмөөрөх, өмгөөлүүлэх гэсэн башир арга нь.
Угтаа бол түүний хэний хүү байх нь огт хамаагүй, юутай ч тэр эрх мэдлээ ашиглан энэхүү хөнгөлөлттэй зээлийг их хэмжээгээр авсан нь үнэн. Тиймээс түүнд дахин итгэмээргүй байна. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан талаараа тайлбар хийхдээ “Би сүүлийн 10 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна” хэмээн ярьсан ч яг үнэндээ тэрээр 2000 оноос хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаа.
Тодруулбал, 2000-2002 онд Онцгой албан татварын Гаалийн газрын дарга, 2002-2003 он Улаанбаатар хотын Гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Түүнээс хойш УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдон ажиллаж, Батлан хамгаалахын сайдаар хүртэл ажиллаж байсныг нь хүмүүс мэднэ.
Гэвч өөрийн хэлсэнчлэн хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй жил ажилласан, энэ бизнесээ өргөжүүлэхийн тулд ЖДҮХС-гаас жил бүр зээл авдаг байсан бол тэр ард түмний боломжийг хангалттай булаасан хүн.
Эх сурвалж: mminfo.mn