Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан 2000 оноос хойш ОХУ-д Засгийн газар ингэж улс төрийн гэнэтийн шийдвэрээр, тэгээд хугацаанаасаа өмнө огцорч байсангүй. Тэгэхдээ Путин Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхээ дуусгаад 2008 онд Ерөнхий сайдаар томилогдож байсныг эс тооцвол шүү дээ. Тэр үед Ерөнхий сайд Медведев Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас бус, Путинийг Ерөнхий сайд болгохын тулд ОХУ-ын Дум ийм шийдвэр гаргаж байлаа. Тэгвэл Засгийн газраа огцруулсан Путиний өчигдрийн гэнэтийн шийдвэрийн цаад утга, зорилго ч иймэрхүү өнгөтэй байх магадлалтай. Наана бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд” гэж шалтгаанаа тайлбарлав. Гэвч дэлхийн улс төрийн газрын зураг дээр ОХУ-ыг “парламентын засаглалтай улсууд”-ын өнгөөр будахад арай эртэдэнэ. Парламентын тогтолцоо руу шилжиж эхэллээ гэж дүгнэхэд ч одоохондоо гэнэдэнэ.
Тэгвэл Путиний шийдвэрийн цаад өнгө, цаад утга юу вэ? Сэтгүүлзүйн өнцөг, сэтгүүлчийн хувиар хардаж үзье.  
Путин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Монголчуудын ойлголтоор биологийн насны хувьд тэтгэвэрт гараад гурван жил болж буй / өдгөө 68 настай/ Путин улс төрийн тэтгэвэрт гарах болоогүйгээ зарлав. 2024 оноос цааш ч ОХУ-ыг удирдах аргаа тэр олсон бололтой. Цаашид Ерөнхийлөгчийн хувиар байх бус, ерөнхийд нь захирах хувилбар. Уг нь 2024 онд Путин Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихэд хүндрэл багатай. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахад л болно. Гэвч 1998 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга болж ОХУ-ын дээд удирдлагад орж ирснээс хойш 22 дахь жилээ угтаж буй Путиний засаглал сүүлийн жилүүдэд рейтингийн уналттай яваа. Путиний рейтинг унаж байгаа ийм үед дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход хэцүү. Гадаад ертөнц талдаа ч эвгүй. Үүнийг мэдэрсэн Путин өчигдрийн шийдвэрийн цаана парламентынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар өөрийн засаглалын шинэ замыг нээх гэж байх магадлалтай. Тэр нь Казахстанаас эхтэй, Монголд ч сүүдрээ тусгаж амжсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн засаглал. Өөрөөр хэлбэл, ОХУ-ыг улс төрийн онолчид хагас Ерөнхийлөгчийн, Ерөнхийлөгч давамгай засаглалтай гэж үздэг. Гэвч бодит амьдрал дээр бүтэн Ерөнхийлөгчийн засаглалтай 20 жилийг үдэж буй. Тэгвэл цаашид хоёр танхим бүхий парламент давамгай засаглалд шилжих нь. Нэгэнт засаглалын хэлбэр өөрчлөгдөж байгаа учир одоо 10-аад албан тушаалтны байнгын гишүүнчлэл бүхий Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө ч бусад улсын адилаар, парламентын засаглалтай улс орнуудад байдаг жишгээр ч өөрчилж, бүрэлдэхүүнийг цомхотгож таарна. Манай улсад гэхэд ҮАБЗ-д Ерөнхийлөгч, парламентын спикер, Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд ордог. Хэдхэн сарын өмнө Казахстанд Назарбаев Ерөнхийлөгчийн ажлаа өгсөн нэрийн дор улс орноо цөөн хүрээллээс илүү хүчтэй удирдах улс төрөө идэвхтэй хийсэн. “Жор” нь мөн л ҮАБЗ-өө хүчтэй болгож, парламент, Засгийн газраа онцын үүрэггүй, ҮАБЗ-ийнхөө шийдвэрийг дагадаг болгон хуульчилсан юм. Улмаар Назарбаев өөрөө ҮАБЗ-ийн тэргүүнээр үлдэж, ҮАБЗ-д охиноо оруулж ирсэн. Назарбаев энэ дэглэм, ийм схемийг 30 жилийн турш бэлтгэж, бас засагласаныхаа дараа хийсэн юм. ОХУ, Путин одоо Назарбаевын энэ “жор”-ыг шууд хуулдаггүй юмаа гэхэд илүү сайжруулсныг л хийх магадлалтай. Ингэж хардах үндэслэл нь Путин нэгд парламентын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдэг нь Ерөнхийлагчийн эрх мэдлийг хумина гэсэн үг.  Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг зөвхөн ДУМ томилох, тэднээс дэмжлэг авсан сайд нарын томилгоог Ерөнхийлөгч татгалзах эрхгүй болох, Ерөнхийлөгчөөр нэг хүн зөвхөн хоёр удаа сонгогдох эрхтэй байх зэрэг өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Хоёрт, сүүлийн арваад жил ОХУ-ын төрийн дээд лигт тандем явсан Медведевээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргар томилохоо мэдэгдлээ. Угаас ОХУ-ын ҮАБЗ бол одоо ч гол шийдвэрийг түрүүлж ярьдаг гол “гал тогоо” юм. Энэ “гал тогоо” цаашид ОХУ-ын “том өрөө” болж, хойморт нь өнөөх Путин дахин суух магадлалтай. Учир нь тэрээр Үндсэн хуулийн хаалтаар, ОХУ-ыг Ерөнхийлөгчийн засаглалтай байх 2008 онд Ерөнхий сайд буюу тус улсын хоёрдугаар хүн болсон ч, нэгдүгээр хүн шиг засагласаар гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Одоо тэгвэл эрх мэдлийг парламентад шилжүүлсэн мэт өнгөлөн далдлалтаар ҮАБЗ дээр төвлөрүүлж тэндээс засаглах нь. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Холбооны зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд бүхий байнгын гурван гишүүнтэй боллоо гэхэд Путин өөрөө гурвын нэг юмшиг харагдах хэрнээ урьдын адил нэгдүгээр хүн шиг засаглах хувилбар руу аажмаар шилжих болов уу. Магадгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дууссаны дараа Назарбаев шиг ҮАБЗ-ийнхөө тэргүүнээр үлдэж ч болох.
Гэхдээ нэг дүгнэлт бол Медведев огцорлоо гээд ОХУ-ыг хамтарч хослон удирдах Путин-Медведевийн тандем нураагүй. Магадгүй бүрэлдэхүүн нь нэмэгдэх байх. Медведев ч яваагүй,  харин  тэрээр хамгийн хэрэгтэй газар болох ҮАБЗ-д очиж байна.   

Г.Отгонбаяр
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан