Хурхын бригадын сүйтгэсэн аймшигт хар шуурга


1974 оны 7-р сарын 21-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх буюу Цагаан усны бригадыг дайрч өнгөрсөн догшин хуй салхи эвдлэн сүйтгэх их хүчтэй байжээ.
Энэ хуй уртаараа 130 км, өргөнөөрөө 175-230 метр газрыг хамарч, замдаа дайралдсан бүхнийг сүйтгэж, тэр ч байтугай шонгийн моднуудыг эргүүлэг маягаар газар зоож, 18 гэр, байшин хийсгэж, 10 гаруй хүний амь насыг авч оджээ.
Үүгээр зогсохгүй бригадын төвийн урдхан талд зогсч байсан ЗИЛ-130 маркийн машиныг бүрмөсөн эвдэж, их биеийг нь найман метр, хөдөлгүүрийг нь 600 метр хол газарт авч одсон гэдэг.Энэхүү машинд авъяаслаг яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо сууж байгаад амь насаа алдсан нь дээрхи хүчит шуурганы тухай яриа хожим байн байн дурсагдах эх үндсийг тавьсан гэлтэй. Хэрвээ уг машинд жирийн нэг иргэн сууж байгаад амь насаа алдсан бол тэгсхийгээд мартагдаад өнгөрөх байлаа.
Тухайн үед Ш.Цэндгомбо агсантай найзалж нөхөрлөж байсан хэд хэдэн яруу найрагч эдүгээ амьд сэрүүн байгаа бөгөөд тэд сайн найзаа дурсах бүрийд 1974 оны хүчит шуурганд хийссэн ЗИЛ-130 машины тухай яриа өрнүүлдэг юм.Тухайлбал яруу найрагч Ломбын Нямаа гуай ярихдаа "Цэндгомбо гэж яруу найрагч, орчуулагч хүн байсан. Амьдралынх нь сүүлчийн жилүүдийг би сайн мэднэ. Намайг 1976 онд Өмнөдэлгэр суманд сургуулийн захирлаар очиход тэнд Хэнтий сум гээд 20-иод км-т жаахан сум байсан юм.
Тэр суманд Цэндгомбо худалдаа бэлтгэл ангийн нярав хийж байлаа. Авгай авчихсан, хүүхдүүдтэй болчихсон, сайхан тохитой амьдарч байсан.
Тэнд байхдаа Есениний шүлгийн бүрэн түүврийг орчуулсан, тэр орчуулгын ном нь хэзээ мөдгүй гарна.
Цэндгомбын амьдралын төгсгөл бол их гунигтай. Хэнтий аймгийн Батширээт сумын Цагаан усны бригадад болсон айхтар ширүүн салхинаар мань эр хүүхэдтэйгээ хамт нас барсан юм шүү дээ.Энэ аймшигт явдлаас гурав хоногийн өмнө манай нэг багш Дорнод руу шилжих гээд яг тэр үед нь архи тасарчихсан байсан. Тэр багшийгаа гаргаж өгнө гээд би Цэдэнжав гэдэг багштай Цэндгомбо дээр давхиад ирэхгүй юу.
Тэгээд "Чи складны нярав юм чинь арван шил архи өг" гэхэд Цэндгомбо "Энд ч гэсэн архи тасарчихаад байна. Харин Цагаан усны бригадад манай Батсүх хүргэнийх байгаа.
Тэднийх агенттай. Хоёулаа тэндээс авчихъя, би мотоцикль олоод гурвуулаа явъя" гэлээ. Гэвч би баахан багш нар хүлээлгэчихсэн болохоор"Найз нь амжихгүй нь" гээд буцаад явчихсан юм. Тэгээд би сүүлд нь харамсдаг байхгүй юу. Тэр үед би Цэндгомботой цуг Цагаан усны бригад руу явчихсан бол дараа нь мань хүн тийшээ явахгүй байсан даа гэж бодсон.
Үүний дараахан Цагаан усны бригад дээр арван хэдэн хүн нас барсан аймшигтай явдал болсон юм. Эрдэмтэд бол цахилгаан салхи л гэдэг юм билээ.
Тэр айхтар салхи газрын хөрсийг жараад метр хуулаад хаячихсан юм шүү дээ. Ямарсайндаа л ЗИЛ-130 машин хийссэн гээд бодчих.
Цэндгомбо хүргэн Батсүхийндээ очоод байж байтал "Шуурга боллоо. Ах та хүүхэдтэйгээ машинд ороод суучих" гэсэн байгаа юм. Тэгээд хүүгээ аваад машинд ороод суутал цахилгаан салхи машиныг нь хийсгээд аваад явчихсан байгаа юм.
Тэр ч байтугай байшин хийсгээд, байшингийн том дүнз мод адууны нуруу руу нэвт шаагаад, нэвт ****** дүнз нь газар зоогдоход адууны дөрвөн хөл нь хөдлөөд амьд байсан гэдэг.
Кино найруулагч Балжинням онцгой комиссын гишүүн болж тэнд анхны зургийг нь авсан байхгүй юу. Одоо тэр зураг улсын архивт байгаа. Ийм аймшигтай явдал болсон юм. Тухайн үеийн арван нэг хорийн чихэр тугалын арьс руу цөм цохиод орчихсон байсан гээд бод.
Үнэхээр Монголын түүхэнд гараагүй байгалийн гамшиг болсон л доо. Тэгээд би Цэндгомбын үхэлд их харамсдаг юм. Түүний цогцос олдоогүй. Эрхий хуруу муруу л олдсон байх.
Тэр үед Чойном шоронд байсан. Төдөлгүй тэр шоронгоос гарч ирээд "Тэрслүү шүлэгч Цэндгомбыг тэнгэр л дийлнэ" гэж бичиж байлаа" гэсэн юм.
1974 онд Хэнтий аймгийн Батширээт суманд эх эмчээр ажиллаж байсан Б.Дарийм өгүүлэхдээ "Батширээтэд хүчтэй шороон шуурга болоход би газар дээр нь хамгийн түрүүнд очиж бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж байлаа.
Үнэхээр аймшигтай явдал болсон шүү. Анх очиход нүд халтирмаар байсан. Зуун метрийн зурвас газраар дайрч өнгөрсөн хүчтэй шуурганд Хурх бригадын төв өртөж юу ч үгүй болсон.
Би урлагийн бригадынхантай хамт бригадаар явж тоглолтын далимаар үзлэг хийж байсан юм.
Бид Хурх бригадын төвөөс үд хэрд хөдөлцгөөлөө. Тэгтэл Биндэрийн овоон дээр нэг их хар үүл хуралдаад л доошоо унжиж босоо цагаан хуй явж өнгөрсөн.
Би цуг явсан хүмүүстээ "Луу унжина гэгч болж байна" гэж хэлж байлаа. Гэтэл нэг морьтой хүн араас ирээд "Айхтар шороон шуурга болж Хурх бригадын төвийг сүйд хийчихлээ. Эмч очих хэрэгтэй байна" гэсэн. Яваад очсон чинь аймшигтай юм угтсан.
Бидний хоноглосон бригадын улаан булангийн шал нь үлдээд байшин нь юу ч үгүй зомгол болсон байв. Уяан дээр байсан морь, гэрийн гадаах нохой хүртэл шуурганд өртөж эндсэн байсан.
Зарим хүн энд тэнд хол шидэгдсэн, зарим нь суугаагаараа өнгөрчихсөн, дайны үед бөмбөгөнд өртөгдсөн газар л ийм байдаг болов уу гэмээр байв. Зарим хүн цочролд ороод ухаан санаа нь дэмийрчихсэн байсан.
Би эхнээсээ хүмүүсийг үзээд л, амьдад нь анхны тусламж үзүүлж эхэлсэн. Одоогийн Боловсролын их сургуулийн Орос хэлний багш Цэвэлмаа тэгэхэд нутагтаа очоод байсан юм билээ.
Тэр шуурганд өртөөд нуруу, хөл нь хугарч хүнд гэмтсэн.
Цэвэлмаа сүүлд ярихдаа "Шуурга болохын өмнө нэг хүн орон доогуур ор гэх шиг болсон. Тэгээд орон доор ороод хэвтсэн чинь хөл, нуруу руу хүн цохиод байгаа юм шиг л нүдээд байсан" гэж байв. Тийм хэцүү зүйл үзсэн хүмүүс айж цэрвээд бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүс рүү ойртдоггүй юм билээ.
Би улсын аварга малчин Дорж гэдэг өвгөнтэй хамт гэмтэж шархадсан арав гаруй хүнийг морин тэргээр зөөж, шархыг нь боож цэвэрлэсэн. Хүний нүүрэнд шороо шигдчихсэн, арчиж цэвэрлэх гэхээр элс шаржигнаад л байсан санагддаг. Нас барсан 13 хүнийг цуглуулж нэг байшинд оруулсан.
Зэргэлдээ Биндэр сум руу хэл явуулж эмч явуулаач гэсэн чинь *Юун сүртэй юу бэ?* гээд ирээгүй.
Шөнө нь би ганцаараа тэнд өвчтөнүүдээ сахиж хоноод маргааш нь манай сумын бага эмч трактораар ирж байлаа. Яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо агсан тэр үед Хурхын бригадын төв дээр Батсүх гэдэг жолоочийнд байсан юм билээ.
Шуурга эхлэхээр нь Батсүх өөрөө гэрийнхээ тоононоос бариад, гэрт байсан эхнэр, хүүхдүүдээ Ш.Цэндгомбын хамт гадаа байсан ачааны Зил 130 маркийн машины кабинд суулгасан гэсэн. Тэгтэл шуурга машиныг нь аваад шидчихсэн. Дотор нь байсан бүх хүн өөд болсон. Харин Батсүх өөрөө гэртэйгээ шидэгдээд амьд үлдсэн.
Шуурга үнэхээр аймшигтай хүчтэй байсан нь мэдрэгдэж байв. Байшингийн модыг юу ч үгүй хэмхчээд жижиг зомгол шиг болгоод газар зоочихсон байх жишээтэй. Агентад байсан шинэ гуталнуудын улыг ханз татаад ойролцоох нуурын усанд хаясан байсан.
Мөн 70 кг гуриланд хүн дарагдаж нас барсан. Хүний биеийг ясгүй юм шиг болтол нь нугалж хугалаад хаясан байв" хэмээжээ.
Уг шуурга болсоноос хойш 24 цагийн дараа Хэнтий аймгийн удирдлагад мэдээ очжээ. Тэгээд л аймгийн дарга Баатар, Аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга Дамдинсүрэн, Улсын онцгой комиссын дарга Гүррагчаа нарын хүмүүс Хурх бригад дээр ирсэн байна.
Энэхүү шороон шуургыг байгалийн ямар үзэгдэл байсаныг янз бүрээр тодорхойлсон байдаг. Зарим судлаач "Зуун жилд нэг удаа тохиодог догшин хуй" гэсэн байхад зарим нь "Оросууд ззвсэг туршиж байгаад алдчихсан" гэж үздэг ажээ.
Мөн нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай "Биндэрийн овоог хамаагүй ухаад лус хилэгнүүлсэнээс болж догшин хуй нүүрлэсэн" гэж үздэг байж.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан