2020 он: Саарал жагсаалт, сонгууль, своп хэлцэлтэй жил

Шинэ он гарлаа. 2020 оныг эдийн засгийн агуулгаар нь ФАТФ-ын Саарал жагсаалт, парламентын ээлжит сонгууль, Монголбанк болон Хятадын ардын банк хооронд хийсэн своп хэлцэл, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн төгсгөл гээд тодотгочиход нэг их буруудахгүй байх. Эдийн засагт эдгээрээс ч дутахгүй ач холбогдолтой Оюултолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хувь заяа 2020 онд улам бүр тодорхой болно. Монголын эдийн засгийн хэтийг илтгэх эдгээр төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ёстой ажил, үзэглэх гэрээг энэ онд тулгарах сорилт гэхээсээ илүү боломж гэдэг утгаар нь танилцуулъя.
СААРАЛ ЖАГСААЛТ БА ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ДААЛГАВАР
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс”-уудыг багтаадаг Саарал жагсаалтдаа оруулсан. Валютын захаас авахуулаад улс төрийн тавцан доргио өгсөн энэ үйл явдал Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд сэвтүүлээд байгаа. Тиймээс 2020 онд багтан ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, улсынхаа сааралтсан нэрийг цэвэрлэх сорилт эрх баригчдын өмнө бий. Хэдийгээр олон улсын зүгээс өгсөн гэрийн даалгаврыг биелүүлэх нь сорилт мэт боловч энэ бол санхүүгийн зах зээлээ эрүүлжүүлээд авах боломж юм. Монгол Улс 2020 онд багтан ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах боломжтой эсэх талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ жилдээ гурван удаа хуралддаг. Эхний хурал нь ирэх оны хоёрдугаар сард нь Парист болно. Хоёр дахь нь тав, зургаадугаар сарын үед хуралдана. Гурав дахь хурал аравдугаар сарын орчимд болно. Монгол Улс энэ онд багтаан тайлангаа танилцуулж, асуудлаа хэлэлцүүлэх боломж гурав байна гэсэн үг.  Бидний хувьд 2017 оноос хойш чамлахааргүй ажил хийж гүйцэтгээд, одоо зургаан ажил үлдсэн. Үүнийхээ тайланг хүргүүлсэн. Хариу нь ирж байгаа. Ирэх хоёрдугаар сард болох хурлаас урьтан харилцан үнэлгээний багийн өмнө тайлангаа хамгаалах ёстой. Хэрэв хамгаалж чадвал, газар дээрх шалгалт явуулах ёстой байдаг. Тэгэхээр хоёрдугаар сарын хурлаар хэлэлцүүлэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй. Гэхдээ бидний хийх ажил маш ойлгомжтой байгаа. Ирэх хоёрдугаар сарын хурлын дараа газар дээрх шалгалт явуулах багаа ирүүлбэл маш эерэг дохио болно” хэмээсэн юм.
СОНГУУЛИЙН ЖИЛ БА “ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР”
Дотоод, гадаадын эдийн засагчид 2020 оны парламентын ээлжит сонгуулийг Монголын эдийн засагт тулгарах хамгийн том сорилтоор нэрлэж байгаа. Урд өмнө нь явагдсан парламентын сонгуулиудыг угтсан улс төрийн намуудын үйл ажиллагаа дандаа эдийн засагтаа хохиролтой байсан учраас ингэж харахаас өөр гарцгүй. Сонгуулийн дараа  эдийн засгийн хөөс хагармагц валютын ханш нисдэг бичигдээгүй хууль ч бий. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг дордуулахаас гадна улсын гадаад өрийн хэмжээ өсөхөд шууд нөлөөлнө. Үүнийг урьтсан нэг сайн мэдээ байгаа нь энэ оны төгсгөлд Монгол Улсын валютын нөөц 4.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн амжилт тогтоох төлөв гарсан. Гэхдээ Монгол Улсын импортын 8-9 сарын дүнтэй тэнцэж буй энэ нөөцийг гадаад өрийн хэмжээтэйгээ харьцуулахад хэтэрхий бага дүн. Төрийн болон хувийн хэвшлийн өр их байх нь эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлдэг болохыг бүхий л судалгааны дүн харуулдаг.
Одоогоор Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 30 орчим тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 10 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хувийн хэвшлийн өр, 10 тэрбум нь Засгийн газар болон Монголбанкны зээл, үлдсэн хэсгийг арилжааны банкууд болон компаниудын өр эзэлж байна. 2020-2024 онд нийтдээ 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай байгаа. Энэ том сорилтод бэлтгэх хугацаа 2020 онд л тохионо. Өөрөөр хэлбэл, 2020 оныг 2015-2017 онд үргэлжилсэн эдийн засгийн хямралаас хойших  “үүлэн чөлөөний нар” гэж харж болох юм. Тиймээс олон тэрбум ам.долларын гадаад өр төлөх он жилүүдийг алдагдал багатайгаар даван туулахын тулд гадаад валютын албан нөөцөө одоогийнхоос хоёр дахин буюу 6.5-8 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай. ҮАБЗ-өөс ч валютын нөөцийг импортын 12 сарын хэрэгцээгээ хангах буюу 6.5 тэрбумд хүргэхийг зөвлөсөн байдаг. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүрэлдэх Засгийн газар ямар бодлого баримталж, ямар шийдвэр гаргахыг тааварлашгүй. Өмнөх практикаас харахад, шинэ нь хуучныхаа бодлогыг унагааж, хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг унагаж ирсэн түүхтэй. Эдийн засгийн өсөлт үйлдвэрлэдэг хувийн хэвшил, өсөлтийг тэтгэдэг гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэ бол муу мэдээ. Монголчууд хүссэн, эс хүссэн ч энэ дэгэн догонтой замаараа 2020 онд дахин нэг удаа явж таарах нь. Дараагийн Засгийн газар энэ алдааг давталгүй, залруулаад явах бүрэн боломжтой.
СВОП ХЭЛЦЭЛ БА ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАМААРАЛ
Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп хэлцлийн гэрээний хугацаа энэ онд дуусах учиртай. Энэ утгаараа дээр дурдсан 14 тэрбум ам.долларын нэгээхэн хэсэг нь энэ бөгөөд энэ гэрээг Хятадын талаас дахин гурван жилээр сунгахгүй гэж шийдвэрлэвэл Монгол Улс “үүлэн чөлөөний нар” ч үзэх нь. Своп хэлцлийн дүн  одоогоор хоёр тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж буй. Үүний 85 хувийг Хятадын ардын банктай валют солилцооны улмаас үүссэн Төв банкны зээл эзэлж байна. Хуваарь ёсоор ирэх онд дахин гурван жилээр сунгах хэлэлцээ  одооноос эхлэх ёстой ч Хятадын тал албан ёсоор хариу өгөөгүй талаар эх сурвалжуудын зүгээс мэдээлж байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдхэн сарын хугацаанд БНХАУ-тай хөрш болоод шашин, үзэл санаа зөрчилтэй орнуудад хийсэн айлчлалын үйл явц, үр дүн үүнд нөлөөлсөн байж болзошгүй гэдэг мэдээлэл гараад байгаа. Төв банкны гадаад өр 2011 оноос хойш огцом өссөн нь Хятадын ардын банктай хийсэн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн хүрээнд авсан зээлтэй холбоотой. Уг хэлцлийг өнөөдрийн байдлаар ам.долларт шилжүүлэн тооцвол 1.8 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Тиймээс ирэх онд гурван жилийн хугацаатай сунгах төлөвлөгөөг хоёр тал гаргасан. Гэвч Хятадын төв банкныхан тодорхойгүй шалтгаанаар манай төлөөлөгчдийг хаалттай хаалга мөргүүлснээр ирэх онд сунгах эсэх нь эргэлзээнд ороод байна. Хэрэв Хятадын тал гэрээний хугацааг сунгахаас татгалзвал, Монгол Улс 2020 онд тооцоолоогүй өр төлбөрт унаж, ирэх жилийн төсвийн төсөл, мөнгөний бодлого гэх мэт эдийн засгийн суурь тооцоо үндсээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнд, Төв банкнаас тайлбар хийхдээ “Монголбанкнaaс Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байна. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.долларын шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн гэж ойлгож болно. Энэ үүднээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй” гэж тодотгосон. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө амжилттай дуусгах зайлшгүй шаардлага бол энэ. Нэг талаар өрийн удирдлагын сорилт боловч гадаад өрийн дахин санхүүжилтэд олдох боломж гэж ойлгож болно.
ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙ БА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2013 оноос эхтэй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох хүртэл туйлдуулж, өнөөдөр ч бүрэн илааршаагүй байгаа Монголын эдийн засгийн хүндрэлийг далд уурхайн бүтээн байгуулалт таг зогссонтой холбон тайлбарлах нь бий. Гадаад хөрөнгө оруулалтад жин дарж байсан мега төсөл гацсан учраас тэгж үзэх үндэслэлтэй. Валютын гачаал үзсэн тухайн үеийн эрх баригчид 2015 онд улсын төсвөөсөө ч давсан үнийн дүнтэй буюу 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж байлаа. Гэвч өнгөрсөн онд зардал нь огцом нэмэгдэж, 6.5-7.2 тэрбум ам.доллар болох магадлалтай нөхцөл байдал үүссэн.
Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг өнгөрсөн оны аравдугаар сард анх удаагаа Монголын талд мэдэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард босоо амны ажил хойшилж байгааг мөн мэдэгдсэн” гэдгээ онцолсон. Тус компанийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар 2020 онд далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн явуулах хувилбар эцсийн байдлаар гарах аж. Төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болжээ. Улмаар газрын гүн дэх тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг далд уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай гэнэ. Үүнээс сэргийлэн гаргаад буй зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэсэн үг. Ингэснээр төслийн зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн дүн болж байна. Үүнээс шалтгаалан 2020 онд багтан Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанитай ойлголцолд хүрэх шаардлага үүссэн юм. Далд уурхайн төлөвлөгөөгөөр жил бүр Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох ёстой. Энэ мэт эдийн засагт доргилт, эсвэл сэргэлт өгч мэдэх үйл явдлууд 2020 онд тохиох хүлээлт байна.
Тиймээс Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн үзэж буйг танилцуулъя. ОУВС-гийн шинжээчид хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ буурч, валютын нөөц нэмэгдсэн учраас эдийн засаг сэргэж, эрсдэл даах чадвар сайжирна гэж танилцуулаад байгаа. Гэхдээ гадаад эдийн засгийн сөрөг шокт өртөмтгий байдал өндөр хэвээр байгааг анхааруулсан. Иймд төсвийн сахилга батыг хангаж, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөөтэй гэдгийг зөвлөсөн. Дэлхийн банк болохоор инфляцын дарамтгүй эдийн засгийн бодит өсөлт бий болж байгааг тодотгосон. Гадаад эдийн засгаас хамаарах хамаарал өндөр хэвээр байгаа учраас дотоодынхоо бүтээмжийг нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа. Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн идэвхжил цаашид хадгалагдах төлөвтэй бөгөөд уул уурхайн салбараас олох орлогын зарцуулалтыг сайжруулах дохио өгсөн. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог S&P, Fitch болон Moody’s агентлагууд мөн л эдийн засгийн эмзэг байдал илааршиж буйг онцлоод, эдийн засаг дахь уул уурхайн бүтээгдэхүүнийн хамаарлаа бууруулахыг зөвлөсөн хэвээр байна.

Д.Мягмардорж    
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан