Янжуур чухалчилсан дипломатууд

Нэгэн ахмад дипломатч “Дипломат алба, Элчин сайд, ер нь ямар ч шатны дипломат ажилтнууд нам, эсвэл бүлэглэлд татагдан орж тэдгээрийн ашиг сонирхолд тохирсон үйл ажиллагаа явуулж болохгүй. Хэрэв тэгж гэмээнэ эх орон, ард түмний эрх ашигт хор уршиг учруулж, гадаад харилцааны залгамж чанарыг алдагдуулах аюултай” гэж хэлж байж. Буурлын тэр үгийг тэртээ 2000 оны үед сонсч хүлээж авч тоосон нь үгүй түл өнөөдөр дэлхийд шившгээ тарьж гадаад улсад сууж буй Элчин сайд нь өөрийнхөө нутагт хилийн хоригт орчхоод гүлдийгээд байж байх жишээтэй.
Ахмад дипломатчдын үед элдэв бараа таваар зөөж явахаас эх орондоо сайн туршлага нэвтрүүлэхийг л хичээж зүтгэдэг байж. Гэтэл өнөөдөр элчин сайдаа саатуулчхаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь Монголын төр гэмт хэрэгтнүүдээр дүүрсний нэгэн тод жишээ.
Уг нь аливаа улс үндэстнүүд гадаад улс оронд Элчин сайд, дипломат ажилтнаа суулгахдаа хэдэн орны хэл ус мэддэгийг нь бус дэлхийн төвшний бодол сэтгэлгээтэй байна уу, олон улсын хууль цааз, эдийн засгийн талаар хир мэдлэгтэй зэрэгт чухалчлан анхаардаг. Дээр нь мэдээж хувь хүн талаасаа дипломат албанд суралцсан, өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн гээд гэр бүлийн соёлыг ч харалцаж бодолцдог гэж байгаа. Товчхондоо бол эрдмийн зэрэг цолгүй ч эрдэмтэй, номтой байх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл Монголчууд халаасны хүнээ томилуулах гэж улайрдаг. Тэрхүү улайрсныхаа хариуд дипломат албаны талаар бараг ойлголтгүй, хэлгүй, ухаан санаа нь самуурсан мэт хүмүүс Элчин сайдаар томилогдсоор байна. Ийн хэлэхийн учир гадаад харилцааны салбарт боловсон хүчний бодлого алдагдаж хувийн ашиг сонирхол нь давамгайлсан нөхдийг томилдог учраас өнөөдөр нэг Элчин сайдаа өөрийнхөө нутагт хилийн хоригт оруулчхаад байж байх жишээтэй.
Уг нь хэл бол гадаадад эх орноо төлөөлж буй хүний зэвсэг. Харин эрдэм мэдлэг бол ажиллах арга барил нь байдаг гэдэг утгаар нь үе үеийн дипломатчдыг томилж ирсэн уламжлалтай. Дипломат алба бол танил тал, ах дүүсийн алба биш, эх орон, төр, засгаа төлөөлдөг хариуцлагатай албан тушаал.
Гэтэл яамдын сайд, дарга нар, УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан, хамаатан садан, үр хүүхэд, нутаг нугынхан, танил талаа зүтгүүлж томилуулдаг болсноор гадаад улсад суугаа дипломат төлөөлөгч, консулын газрын ажил алба, доголдож, Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд навс унасан.
Гадаад улс орнуудад томилогдсон дипломатууд, консулууд өөрсдөө, тэдний ажилтнууд эхлээд татдаг тамхины хэрэгт холбогддог байсан бол өнөөдөр хар тамхины хэрэг болон мөнгө угаах хэрэгт холбогдсоор байна.
Өнөөдөр Франц улсад Элчин сайдаар сууж асан А.Баттөрийг томилсондоо харуусаж байгаа улстөрч бий болов уу. Уг нь энэ нөхрийн өмнө зэгсэн мэдлэг боловсролтой, гурван ч улсын хэл соёлыг сайн мэддэг  Н.Чингүүндарь гэгч эмэгтэйг томилох гэсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос эхлээд гэдийсэн гэж байгаа. Үр дүн нь  юу болов... 
Гэтэл манай улсаас дипломат алба хашиж байсан Ц.Цолмон, н.Баярхүү, С.Эрдэнээ, н.Алтансайхан, н.Энхбат, Д.Шатарбал, н.Цэрэнсодном, н.Ганболд, Б.Даваадорж, Х.Бэхбат, Д.Далайжаргал, Б.Санжмятав, С.Цоггэрэл, н.Энхбат, Г.Дашдаваа зэрэг дипломат алба хашиж байсан эдгээр нөхөд улсынхаа нэр хүндийг уландаа гишгэж улс дамнуулан тамхины наймаа хийдэг байв. Эх орноо гэхээсээ илүүтэйгээр янжуур тамхи чухалчилсан  тэд харин ямар ч ял зэм хүлээгээгүй. Товчхондоо бол төр халаасныхаа нөхдөд хариуцлага тооцож чадаагүй гэсэн үг.

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан