- Гэр бүлийн хүчирхийллийг цагаан захтнууд ч үйлдэж байна
- НҮБаас хийсэн судалгаагаар манай улсын эмэгтэйчүүдийн гуравны нэг нь буюу 548 мянга гаруй эмэгтэй бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна.Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 25,9 хувь нь нэр хүнд нь унахаас айсны улмаас дуудлага өгөөгүй аж. Хэн ч "би нөхөртөө зодуулдаг" гэж зарлахыг хүсэхгүй учраас гэр бүлийн хүчирхийлэл хот хөдөөгүй даамжирч, 85,9 хувь нь гэр орон сууц буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсээр байна
- Нэр алдарт хүрсэн эмэгтэйчүүд ар гэртээ байнгын дарамтад байх, энэ байдлаа хэлж чадахгүй нуух тохиолдлууд бий
“Нөхрийгөө зодох бүрд нь салаад гэр рүүгээ явдаг байсан. Засрах болов уу гэж итгэж, уучлалт гуйхаар нь эвлэрдэг байлаа. Хүүхдээ аавтай өсгөх юмсан гэсэн дээ л тэр. Жижигхэн суманд амьдардаг болохоор хүмүүс нөхөртөө зодуулдгийг маань мэддэг, бас жиг жуг хийцгээдэг. Нөхөр маань дээд сургууль төгссөн боловсролтой хүн. Бас муугүй албан тушаал хашдаг байсан. Би өөрөө эмнэлэгт бага эмчээр ажилладаг байлаа. Энэ байдал хоёр жилийн турш үргэлжилж, хөлөө хугалуулсныхаа дараа бүр мөсөн салсан юм. Одоо нутагтаа ээж, аав дээрээ ирээд сайхан амьдарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдлаа гэж сонсож байснаас би өөрийгөө хохирогч болно гэж бодож байгаагүй…” хэмээн уулзсан бүсгүй маань бидэнд ярьсан юм. Тэр одоо гурван настай хүүгийн хамт төрсөн сумандаа амьдардаг. Түүний нөхөр нь багийн даргаар ажилладаг байж. Энэ мэтчилэн орон нутагт нөхөртөө зодуулсаар насыг барж байгаа эмэгтэйчүүд өчнөөн бий. Гэвч тэд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Сум орон нутгийнхан нь ч “Тэдний нөхөр байнга эхнэрээ зоддог” гэж шивэр авир хийхээс хэтрэхгүй. Хэн ч цагдаад мэдэгдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй тухай дуулгахгүй. Гэхдээ хүчирхийллийг бүдүүлэг боловсролгүй хүмүүс үйлддэггүй гэдгийг дээрх жишээ бидэнд харуулна. Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 15.2 хувь нь дээд боловсролтой байна. НҮБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн гуравны нэг нь буюу 548 мянга гаруй эмэгтэй бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 20.9 хувь нь энэ бол байдаг л зүйл гэж боддог нь судалгаар ил болжээ.
Монгол улс хохирогч хамгаалах тогтолцоогоо сайжруулах шаардлагатай
Манай улсад нийтээрээ хохирогчийг буруутгах, өөрөө л болдоггүй байсан биз гэх зэргээр чичлэх, зарим нэг цагдаагийн албан хаагч хохирогчтой хайнга, үл хүндэтгэх байдлаар харилцах зэрэг үйлдэл гаргадаг нь тэднийг улам нуугдахад хүргэдэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 25.9 хувь нь нэр хүнд нь унахаас айсны улмаас дуудлага өгөөгүй аж. Хэн ч “би нөхөртөө зодуулдаг” гэж зарлахыг хүсэхгүй учраас гэр бүлийн хүчирхийлэл хот хөдөөгүй даамжирч, 85.9 хувь нь гэр орон сууц буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсээр байна. Хүчирхийллийн хохирогч нь байнгын дарамт шахалт, бие махбодын төдийгүй, сэтгэл санааны хүчирхийлэлд байсаар сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, гутралд автах зэрэг шинж илэрдэг бөгөөд үүнийг олон улсад хүчирхийлэлд автсан хохирогчийн хам шинж гэж нэрлэдэг. АНУд нэг минутад 20 хүн бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг ба тус улс энэ асуудалд үлгэр жишээ болохуйц бодлого баримталдаг байна. Тухайлбал, иргэний журмаар хохирогчид хүчирхийлэл үйлдэгчийг нэг жил хүртэл хугацаагаар ойртох эрхийг хязгаарлах, хамгаалалтад авах, олон нийтэд хүчирхийлэл үйлдэгчийн талаар мэдээлэл өгч, шинж төрх, зан авирын талаар сэрэмжлүүлэг хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Холливудын ододтой хамтран ажиллаж, дуу хоолойг нь нэгтгэх гэх мэт арга хэмжээ авдаг. Гэхдээ тус улсын хууль сахиулах байгууллагынхан өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ач холбогдол өгдөггүй байжээ. Тиймээс хохирогчтой харилцахдаа тоомжиргүй ханддаг байсан хандлагыг нь өөрчлөх сургалт тогтмол зохион байгуулсны үр дүнд байдал дээрдсэн байна. Тус улсад 1970 оноос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөж, хохирогчийг буруутгахгүй байх, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хамтарсан багийн ажиллах журмыг өөрчилсөн аж. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага авсан бол заавал асуух ёстой асуултыг ч тусгайлан заасан байдаг бөгөөд шүүх хуралд цагдаагийн алба хаагч гэрчээр ордог нь сайн туршлагын нэг жишээ юм. Мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд холбогдох утсаа хамгийн наад захын ахуйн хэрэгцээний зүйл болох салфетка, хумсны хуурай гэх мэт зүйлс дээр хэвлэж, хохирогч нарт өгдөг байна. Энэ мэтээр хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн сайн туршлагыг гаднын орнууд хэрэгжүүлж буй.
Ухамсарт нөлөөлөх нь хүчирхийллийг зогсоох үр дүнтэй арга
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.
-Манай улс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Энэ төрлийн гэмт хэргийн тоо буурч байна уу?
-Улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн гаралт найм орчим хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийлэл нэг хувиар нэмэгдэж, өнгөрсөн оныхоос огт буураагүй үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үргэлж далд байдлаар үйлдэгдэж, хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хохирол учруулдаг маш хүнд төрлийн гэмт хэрэг. Ялангуяа, нэр алдарт хүрсэн эмэгтэйчүүд ар гэртээ байнгын дарамтад байх, энэ байдлаа хэлж чадахгүй нуух тохиолдлууд бий. Мөн хөдөө орон нутагт хүчирхийлэлд өртөж буйгаа байх ёстой зүйл мэт хүлээж авах, нөхөр зодох бол эртнээс ирсэн уламжлал гэж бодох, хаана хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол их байна. Улмаар хэн нэгнийхээ амь насанд хүрэх, үр хүүхдийнхээ өсөлт хөгжил, цаашдын амьдралд нь нөлөөлөх, багаар бодоход гэмтэж бэртэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол ч байна. Эрүүл саруул байсан эмэгтэй сэтгэцийн өөрчлөлттэй болж, барьсан тавьснаа мартах, хүнтэй харилцах чадваргүй болох, бие дааж нийгмийн харилцаанд орох боломжгүй болох гэх мэт. Манай улс сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй эрчтэй тэмцэж байгаа ч буурахгүй байна. Жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 789 гэмт хэрэг бүртгэгдсэн нь зөвхөн илэрсэн, хариуцлага хүлээлгэсэн төдий тоо. Үүний цаана илрээгүй хэчнээн гэмт хэрэг байгааг тоолох аргагүй. Энэ тоог бид тэг болгож, Монгол Улс хүчирхийлэлгүй орон болох ёстой. Хүүхдэд хэзээ ч хүчирхийлэл амсуулах ёсгүй.
-Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эрүүгийн хуульд 260 төрлийн гэмт хэрэг бий. Тэдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам нь бүгд өөр. Санаандгүй байдлаар аль эсвэл болгоомжгүйгээс, түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нөлөөллийн ажил хамгийн үр дүнтэй байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хамгийн бодит, үр дүнтэй арга бол хувь хүний ухамсарт нөлөөлөх юм. Хүчирхийлэл үйлдэх вий гээд бид гэрт нь сахиад суух аргагүй. Тэр хүний ухамсарт нь хүүхэд байхаас нь нөлөөлж, эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь 30-40 насныхан байна. Энэ насны хүмүүс гэр бүлтэй болоод, амьдрал нь тогтворжиж эхэлдэг. Гэтэл хоорондын үл ойлголцлоос болж муудалцах, энэ нь даамжирсаар хүчирхийлэлд хүргэж байна. Тиймээс эхнэрээ ойлго, нөхрөө ойлго. Харилцан бие биенээ хүндэл гэдэг уриалгыг түгээхээр ажиллаж байна.
-Ихэвчлэн нийгмийн ямар бүлгийн хүмүүс хүчирхийлэл үйлдэж байна вэ?
-Заавал архичин тамхичин, хойд аав, хойд ээж, боловсролгүй хүмүүс хүчирхийлэгч байдаг юм биш. Тэд тодорхой хувийг эзэлж байгаа ч боловсролтой, зангиа зүүсэн, тогтвор сууршилтай амьдралтай гэж харагддаг хүмүүс ч хүчирхийлэл үйлдэж байна. Нийгмээрээ чичилж байгаа энэ хүмүүс рүү бус боловсон харагддаг, өндөр албан тушаалтай тэр хүмүүст л нөлөөлж ухамсар, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Т.Намуунболор, Засгийн газрын мэдээ