Монголын тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү- Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалыг дэмжих, зүй бус зүйлийн эсрэг тэмцэхэд санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн тул хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв
2006 онд Нью-Йоркийн жирийн нэг охин Тарана Брюкийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрийн зурагтай олон нийтийн сүлжээнд тавьж байв. Гэсэн ч түүний нэр хүндээ золиослон байж тэмцэхийг хүссэн энэ зоригт үйлдэл хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин 2017 онд Америкийн алдарт жүжигчин Алиса Милан Бюркийн постыг сэргээн, Me too хаштаг хэрэглэн өөрийн сошиалд сүлжээндээ тавьжээ. Ингэснээр бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж байсан тохиолдлуудаа ээлж дараалан зоригтойгоор зарлаж, хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Улмаар Гвинет Пэлтроу, Эшли Жүдд, Женефер Лауренс, Ума Турман нарын Холливудын одод Me too-д нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Олон ч алдартан, эрх мэдэлтэн бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь үүгээр илэрч, жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн билээ. Бюркийн 2006 онд эхлүүлсэн хөдөлгөөн 2017 онд сая дэлхий нийтийг хамарч чадсан бөгөөд үүний үр дүнд зөвхөн АНУ-д 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарын хооронд бэлгийн дарамтын 7500 тохиолдлыг шинээр илрүүлэн гаргажээ. Мөн “Одоо хангалттай” хэмээх сан байгуулагдаж, бэлгийн дарамтад өртсөн 3600 гаруй хүнд тусалсан байна. Жирийн нэг бүсгүйн эхлүүлсэн хөдөлгөөн ямар их үр дүнд хүрч болохын бодит жишээ энэ. Дэлхий нийтээрээ тэмцээд буй бэлгийн дарамт Монголд ч мөн байдгийг бүгд мэддэг ч зориглон илчилж, тэмцсэн нь үгүй, далд хэлбэрт оршсоор байна. Ялангуяа спортын салбар дахь эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол их байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар нэгэнт ил болоод байна. Энэ талаар манай сонин нийтлэхдээ Монголын алдартай эмэгтэй тамирчдын зургийг эгнүүлэн тавьж, тэднийг зүй бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан нь өчигдөр цахим орчинд багагүй хэл ам дагуулав. Тамирчдын зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэл ч ирж байна. Бидний хувьд ийм шүүмжлэл, буруутгал ирэхийг сайн мэдэж байсан ч спортын салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хохирогчдын төлөө бидний гаргаж буй эрсдлийг ойлгоно гэж найдсан. Энэ салбарт төдийгүй нийгэмд бугшсан бусармаг зүйлийн эсрэг тэмцэхийн тулд салбартаа хэдийн танигдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийг уриалж, асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэндээ ийм шийдэлд хүрсэн болохоо энэ ялдамд тайлбарлая. Хэрэв бид эрсдлээс зайлс хийж зааланд уйлаад сууж байгаа хэн ч танихгүй энгийн охины зургийг ашигласан бол олны анхаарлыг тэгтлээ их татах байсан гэж үү. Үүнийг уншигч та, энэ салбарын асуудлын тухай мэдэх байсан уу. Өдөр алгасахгүй гарч буй энэ их сенсаац дунд дарагдаад усанд хаясан чулуу шиг чимээгүй өнгөрөх байв. Харин тамирчдын зургийг тавьснаар нийгмийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлсэн нь нэг талаасаа монгол эмэгтэйчүүдийн амжилт юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг бэлгийн дарамтын асуудлыг бид орхихгүй, бусдыг уриалан дуудаж, цааш үргэлжлүүлэн дуугарсаар байх болно гэдгээ мөн дуулгая.Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзаж ярилцсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалгыг дэмжиж, зүй бус зүйлийн эсрэг тэмцэх болсон гэдэгтэй санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн энэ үед хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв. Ер нь өндөр амжилтад хүрсэн, алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх магадлал илүү байгаа тухай тэрхүү судалгаанд дурдсан нь үүгээр мөн батлагдаж байна. Мөн зарим спорт холбоо манай сонины санаачилгыг дэмжиж, нэгдэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг дурдахад таатай байна. Судалгаанд оролцсон тамирчдын хариултаас харахад ихэвчлэн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй, би үүнийг тэвчиж гарах ёстой гэх үзэл давамгайлж байжээ. Энэ нь хүчирхийлэгчдийг улам давраадаг болохыг “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох тал дээр холбогдох албаныхан шийд-вэртэй алхам хийх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаар явж байхдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан намдаагүйгээр үл барам улам өндрөө авсаар байна. Энэ асуудал нэгэнт Монголын хилээс хальж, олон улсын хэвлэлээр ч шуугисан хэвээр. БНСУ иргэнийхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бид энэ өдрүүдэд хангалттай харлаа. Монголын төрийн том албан хаагчийг хэрхэн "жижигрүүлж" буйг Солонгосын хэвлэлүүд хангалттай мэдээлэв. Тэгвэл улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, өөрийн хөлс хүчээ урсган байж амжилтын төлөө тэмцэж яваа эмэгтэй тамирчид яагаад бэлгийн зүй бус дарамтад өртөх ёстой гэж. Нэгэнт ийм зүйл байсан хэвээр гэдгийг судалгаагаар нотолчихоод байхад чимээгүй суух нь зүйд нийцэх үү. Зураг тавьснаар тэднийг хүчирхийлэлд өртөж болох аюулаас сэрэмжүүлж байгаа хамгийн тод хэлбэр болохоос зарим нэгний ойлгож мушгиж байгаа шиг нэр хүндэд нь халдсан явдал огт биш билээ. Өнөөдөр бидний дунд бэлгийн хүчирхийлэл байна гэж Ме Тоо хөдөлгөөнд нэгдэн зургаа авахуулсан эмэгтэйчүүд, мөн энэ олон спортын алдартнуудыг бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн гэж хэн ч хэлдэггүй, бас боддоггүй юм. Харин тэд ингэж нүүр царайгаа гаргаж тэмцсэнээрээ хаана ч байдаг хамгийн далд, хүмүүсийн ойлгож мэддэг хэрнээ хэлж ярьж чаддаггүй хүчирхийллийг багасгахад, үгүй болгоход хамгийн үр дүнтэй тэмцэл болж байдаг юм. Монголын сор болсон тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү. Хэрхэвч ийм байж таарахгүй. Тиймдээ ч манай сонин шударга бус зүйлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, спортын фронт дээр “дайтаж” яваа тамирчдыг энэ тэмцэлд нэгдэхийг уриалсаар байх болно.
Нийтлэгч: Г.Баярсайхан
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин