Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ?
Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой. Бид уул уурхайн хариуцлагын асуудлыг голчлон байгаль орчин, орон нутагтай харилцах харилцаатай холбож ярьдаг хандлагатай болчихлоо. Орон нутагт яг юу өгөв, ямар хувь нэмэр оруулав гэдгийг хараад байхаас биш улс оронд ямар хөгжил дэвшилд авч ирэв гэдэг талаас ер харахгүй байна. Байгаль орчны асуудлыг мэдээж ярих нь зөв байх. Гэхдээ энэ тэргүүнд яригдах зүйл бол хүний хөгжил, дараа нь байгаль орчин.
Хариуцлагатай уул уурхайг үнэлэх аргачлалыг холбогдох байгууллагууд боловсруулж, туршиж эхэлсэн байна. Энэ аргачлалыг хэрэглэснээр ямар бодитой үр дүнд хүрэх бол?
Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага, түүнийг хэрхэн үнэлэх гэдэг дээр тодорхой үзэл баримтлалтай болох хэрэгтэй гэж бид үзээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгаль орчны засаглалтай хамтран гарын авлага гаргасан юм. Гарын авлагыг ашиглан уул уурхайн салбартаа өөрийн санаачлагаар хариуцлагатай уул уурхайг түгээн дэлгэрүүлэхийг МУУҮА-д санал болгосон. Энэ чиглэлээр ассоциаци ажиллаж байна.
Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст ассоциацийн гишүүн 8 компани нэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагаагаар л хариуцлага ямар түвшинд байна гэдэг нь харагдана. Түүнээс биш чи хариуцлагатай бай гэж нэг нь загнаад, нөгөө нь хариуцлагатай л байгаа шүү дээ гэх юм бол урагшаа ахихгүй. Хариуцлагатай байгаа эсэхээ өөрсдөө үнэлж дүгнэдэг, тэр үнэлгээ дүгнэлтээрээ үйл ажиллагаагаа сайжруулдаг, хийдэг байх нь чухал. 2008 онд Хариуцлагатай уул уурхайн санаачлага гэж төсөл хэрэгжин 8 зарчмыг гаргаж ирсэн. Харин бид эдгээрийн тавд нь анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй гэж үздэг. Нэн түрүүнд компанийн засаглал, ил тод байдал чухлаар тавигдаж байна.
Уул уурхайн компаниудыг авч үзэхээр нэг хүний хөрөнгө давамгайлсан, үүсгэн байгуулагч нь бас 1-2 хүнээс хэтрэхгүй байгаа тохиолдолд өөрийн хөрөнгөндөө хэн, хэрхэн хандах вэ гэдэг тусдаа ойлголт болно. Дэлхий нийтийн жишгээр бол ихэвчлэн олон нийтийн компани үйл ажиллагаа явуулдаг. Нийтэд хувьцаагаа гаргадаг,Төлөөлөн Удирдах Зөвлөлөөрөө дамжуулж компанийн бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэг. Ийм жишиг рүү бид явж байж уул уурхайн салбарын нийгэм дэх үнэлэмж дээшилнэ. Компани үйл ажиллагаагаа, санхүүгийн мэдээллээ ил тод байлгадаг, ялангуяа орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаа мэдээлдэг байх хэрэгтэй. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын жил бүрийн тайлан гардаг хэдий ч компаниуд төлбөр хураамж, хандив тусламжаа ил тод байлгах тал дээр илүү хүчин чармайлт тавьж ажилламаар байна. Ажиллагсдынхаа өмнө хариуцлагатай байх нь компанийн хүний нөөцийн бодлогоос шууд хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах, жендерийн тэгш байдлыг бий болгох, ажилтнуудаа шатлан дэвшүүлдэг, үүний тулд сургалтад хамруулах зэрэг маш олон асуудал энэ хариуцлага гэдэг ойлголт дотор багтана. Компаниуд дотоод журамдаа үүнийг тусгасан хэрнээ эргэж харахгүй явдаг юм уу, аль эсвэл үнэхээр компанийн бодлогоо хэрэгжүүлэх хөшүүрэг болгож ашигладаг юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ номер нэгд тавьдаг зүйл бол ажилчдаа хамгаалах асуудал. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас үүдэлтэй осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд компани бүхий л ажлын байрандаа эрсдэлээ үнэлж тодорхойлдог.
Хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдсэн 8 компани л Таны дурдсан аргачлалыг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг хүмүүс бий?
Хариуцлагатай уул уурхайн кодексыг компаниуд өөр өөрийн жишээн дээр авч үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “тэнгэрийн юм ярьдгаа болиосой” гэж хүлээн авч магадгүй юм. Санхүүгийн болон боловсон хүчний чадамжтай компани л үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Монголд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор анх тусгай зөвшөөрөл олголтыг эхэлсэн. Харин одоо бол хөрөнгө оруулах чадавхтай компани л уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх ёстой юм байна гэдэгт санал нэгддэг болсон. Уул уурхайг мөнгө олдог хэрэгсэл болгож хардгаа болих хэрэгтэй. Өөрийн гэсэн түүхтэй, замналтай, ёс зүйтэй салбар бол уул уурхай. Маш их хэмжээний хөрөнгө оруулдаг, нарийн мэдлэг шаарддаг, шинэ технологи хэрэглэдэг энэ салбарт хэн дуртай нь гүйж ороод мөнгө олох хэрэгсэл болгоод байж болохгүй л дээ. Хариуцлагын тухай яриад бүр ч нэмэргүй.
Байгаль орчинд ээлтэй уул уурхай гэж ярих нь хэр оновчтой юм бол доо. Ямар ч уул уурхайн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд байгаль орчинд хор хохирол учруулдаг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй.
Байгаль орчинд хал багатай үйл ажиллагаа явуулах нь хамгийн түрүүнд компанийн бодлогоор тодорхой болсон байх ёстой. Үүнийг хэрэгжүүлдэг нэгж мэдээж чухал. Би 2009 оноос хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрыг хариуцан ажиллаж байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудал хариуцсан ажилтантай компани тийм ч олон байгаагүй. Өнөөдөр томоохон компаниуд ХАБЭА-н тусдаа нэгжтэй болсон. Энэ нэгжийг байгуулахад дуртай хүмүүс байдаггүй нь сонин. Ажилд саад тотгор учруулдаг нөхдүүд гээд үйлдвэрлэлийнхэн нь халгадаг. Угтаа компанийн сайн сайхны төлөө л энэ хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Ийм нэгжүүдийн тавьсан шаардлагыг хүлээж авч, хэрэгжүүлж байна уу, хэрэгжүүлж чадаж байгаа бол компани хариуцлагатай байна гэсэн итгэл үнэмшил төрнө. Үнэлгээнд заасан сөрөг нөлөөллийг заавал арилгаж байж ажиллах хэрэгтэй. Бүр үүнээсээ давуулж, санаачлага гаргаж ажиллах нь чухал байна л даа. Уул уурхайн үйл ажиллагаа бол байгалийн нөхөн сэргээгддэггүй нөөцийг ашиглахад чиглэдэг. Нөөц нэг л өдөр шавхагдаж, уурхай хаагдана. Харин хаагдах үед яах вэ гэдэгт сайн төсөөлөлтэй байх нь зүйтэй. Өнөөдөр олборлолт, нөхөн сэргээлтээ хийгээд байх бололцоотой уул техникийн нөхцөлтэй ашигт малтмалын ордууд бий. Тэгвэл олон жилийн дараа хаалтын нөхөн сэргээлт хийгдэх томоохон төслүүд байдаг. Босоо болон налуу уналттай уурхайнуудад бол өнөөдөр ашиглаад маргааш нөхөн сэргээнэ гэсэн асуудал огт яригдахгүй. Тийм учраас хаагдах үеийн төсөөлөлтэй, хийх ажлуудаа үе шатаар хувааж, үе шат болгондоо хийх ажлаа тодорхойлж, түүндээ хөрөнгө мөнгө хуримтлуулах асуудлаа маш сайн тодорхойлж ажиллах хэрэгтэй. Энэ ажлаа олон нийтэд сурталчилдаг, орон нутгийн иргэддээ танилцуулдаг болсон цагт хариуцлагатай уул уурхай бий болно.
Орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрээр хариуцлагатай уул уурхай хэмждэг болоод байгаа. Хамгийн их анхаарал хандуулдаг ажил нь ч энэ. Энэ талаар Та юу гэж үздэг вэ?
Жишээ хэлэхэд, Австралид 1870-аад онд алтны далд уурхай байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан.
Энд тэндгүй л тусгай зөвшөөрлүүдэд хуваагдсан, зөвхөн өөр өөрийн ашиг орлогын төлөө зүтгэж байсан болохоос тэнд хүний амь нас эрсдэх, байгаль орчинд хор хөнөөл учруулахаа ер хайхардаггүй байж. Гэхдээ яваандаа энэ асуудалд анхаарал хандуулдаг болж, өнөөдөр нэлээд цэгцэрсэн. Монголын уул уурхайн компаниудад Олон нийттэй харилцах алба гэж бий. Үүнийгээ манай компанийн хамгийн чухал нэгж гэж нэрлэдэг. Энэ нэгж нь компанийнхаа бүхий л бодлогыг хариуцаж ажилладаг. Ил тод байдал өндөр түвшинд байж ойлголцол сайн байдаг. Манайд байдаг нийтлэг хандлага бол тухайн орон нутагт юу хүсч байгаад нь дэмжлэг үзүүлье гэдэг байдлаар хандаад байх шиг байна. Энэ нь буруу. Тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн талаар тодорхой судалгаа явуулж хөгжлийн хэтийн төлөвлөгөө, үүнд ямар байр суурь баримталж ажиллах гэдгээ орон нутагтаа танилцуулах юм бол төслийн үйл ажиллагаа эрсдэл багатай урагшилна. Компани аль болох орон нутгийн иргэдээс бараа материалыг нь худалдаж авдаг байх хэрэгтэй.
Орон нутагтай хамтран ажиллах гэрээг хариуцлагатай уул уурхайн сайн талуудын нэг гэж хардаг. Гэтэл энэ гэрээг хэр мөрдөж байгаа нь тийм ч тодорхой биш байна шүү дээ?
2006 оны Ашигт малтмалын тухай хуульд яг энэ талаар л суулгаж өгсөн гэж би ойлгож байгаа. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ бол хоёр талаасаа зөвшилцөж үйлддэг эрх зүйн бичиг баримт. Түүнээс биш хэн нэгний хэмжээ хязгааргүй хүсэл мөрөөдлийг биелүүлдэг зүйл байж болохгүй. Гэрээнд ийм ийм зүйл тусгавал сайн байна гэдэг загварыг л Засгийн газар баталж өгсөн.
2025 он хүртэлх “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-т хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар тусгасан. Энэ бодлогыг сайжруулах шаардлага бий юу?
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани тухайн уурхайн нөөцөө тогтоох юм бол шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бололцоог хуулиар олгосон. Өнөөдөр байгаа 1680 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч бүгд ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ гаргаад ир, улмаар тухайн төсөл ашигтай тохиолдолд үйл ажиллагаагаа эхлүүл гэдэг ийм зарчимтай, манай хууль. Ийм зөвшөөрлөө авсан хүмүүс үйл ажиллагаагаа зэрэг эхэлдэг. Ингэж олон уурхай зэрэг шахуу ажиллалаа ч цаана нь эрэлт нийлүүлэлтийн шугам төвөгтэй байдалд ордог. Орон нутгаас гардаг эсэргүүцэл ч шууд үүнтэй холбоотой. Зарим нь бүтээгдэхүүнээ борлуулж амжихгүй байхад дараагийн уурхай ажиллахаар болж байдаг. Миний бодлоор, нэн тэргүүнд экспортлох ашигт малтмалаа тодорхойлж, юуг нь стратегийн ач холбогдолтой түүхий эд гэж үзэх, алийг нь нөөцөд үлдээх вэ гэж авч үзвэл дараагийн уурхайг хэзээ байгуулах дүр зураг харагдана. Тэр хүртэл одоо ажиллаж байгаа уурхайнууд хариуцлагатай үйл ажиллагааг харуулж чаддаг байх хэрэгтэй.
Эх сурвалж: Mongolianminingjournal.com
http://www.mongolianminingjournal.com/a/70848?fbclid=IwAR3_r3AYbKDvNtrB8NPpM_0MEGoj9JJFw9hXYa9tURpj93CeHQzwehDTLAw