Залуу үеийнхний бараг дөрөвний нэг нь гар утасны “хэт донтой” болсныг тогтоожээ


Их Британийн King’s College London сургуулийн судлаачид залуу үеийнхний гар утасны хэрэглээний талаар томоохон судалгаа хийснээ “BMC Psychiatry” сэтгүүлд саяхан нийтлүүлжээ.
Уг судалгаанд өмнө нь хийгдсэн 41 судалгааны ажлын материалд дүн шинжилгээ хийж, залуу үеийн 42,000 орчим төлөөллийг хамруулсан байна.
Ингэхэд судалгаанд оролцогсдын 23 хувь нь гар утаснаас хэт хамааралтай болсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ бүлгийн залуусыг гар утаснаас нь салгахад сэтгэл санааны гүн цочролд орж, уурлаж бухимддаг, гар утас хэрэглээд эхлэхээрээ хэр их хугацаа зарцуулж байгаагаа хянаж, хязгаарлаж чадахгүй болсон байна.
Ийм байдалд хүрсэн хүмүүс гүн стресст орж, сэтгэл санааны хувьд байнга дарамттай, нойр дутагдалтай, хичээл сургуульдаа муудсан байгааг тогтоожээ.
“Гар утас өөрөө донтуулж байгаа, эсвэл түүн дээрх аппликэйшн донтуулж байгаа эсэхийг бид тогтоож чадаагүй байна. Ямартай ч залуу үеийнхний гар утасны хэт хэрэглээнд анхаарал цаг болсныг, хүүхдүүдийнхээ хэрэглээнд эцэг эхчүүд нь анхаарал тавих хэрэгтэй болсныг энэ судалгаа харуулж байна” гэж судалгааны ахлагч, King’s College London-ий психологийн хүрээлэнгийн профессор Никола Калк ярьжээ.
Мөн судалгааг цааш гүнзгийрүүлж хийх шаардлагатай байгааг тэрээр онцолсон байна.
Эх сурвалж: BBC
Э.СЭМҮҮН, IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан