Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм.Энэ дуунд би маш их хайртай. Хүүхэд гэж өөрийгөө хэлэхгүй ч би том болсон гэж огтхон ч боддоггүй. Гэв чиг амьдрал бага насанд минь эрхлүүлдэг байсан шигээ байхаа больсонд өөрийн эрхгүй нэгийг бодож, хоёрыг тунгаана. Тэгэх бүрийд ёстой л “галт тэрэг байдаг бол” гэж жаалхан бага насаа санагалздаг юм. Үнэн учигтаа аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн гэнэн багын дурсамжиндаа хоргодож буй нь тэр. Бага насаа би аав, ээжийнхээ энхрийлэлгүйгээр төсөөлшгүй. Уншигч та ч бас тэгэх биз. Хүн бүхний бага нас гэрэлтэй байж, аав, ээжийн хайранд умбах ёстой. Гэтэл хэний ч өмнө хийсэн гэмгүй бяцхан хүүхдүүд жаалхан биендээ ахадсан зовлон үүрч, бага насандаа эдгэшгүй сэв суулгаж буй явдал ихэссээр л. Гурав, дөрөв, тавхан настай бяцхан үрээ хөх, няц болтол нь зодохдоо томчуул юу боддог бол. Бодох битгий хэл гэмшихгүй байгаа хэрцгий хүмүүсийг яг үнэндээ гайхмаар. Нэг өдөр хажуу айлын эмэгтэй нарийхан хоолойгоор цуцашгүй ихээр хашхирч гарах нь тэр. Хүүхдийнхээ хичээлийг хийлгэж буй бололтой “Тэгээч, ингээч” гэж загнаж, гар хүрч байгаа бололтой хүүхэд уйлаад л... Энэ явдал гурван цаг гаруй үргэлжилсэн юм. Тэр үед би зориг гарган цагдаад хэлж чадаагүйдээ ихэд харамсдаг. Басхүү өөрийн бага насыг тэр хүүтэй харьцуулж бодохдоо сэтгэл эмзэглэж, өрөвдсөн юм. Ухамсарт хүмүүс минь хожим хойно гэмшихгүй, ялангуяа, бяцхан зүрхийг эцэг, эхийн хатуу гараас хамгаалахын тулд хүүхдийн эрх зөрчигдөж буйг мэдсэн даруйд заавал холбогдох байгууллагад ханддаг байгаарай. Тэдний хиргүй, тунгалаг ертөнц, гэнэн бага нас хожим дурсахад гэрэлтэй байх ёстой билээ.