Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын Инчеон хотод саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан байв.
Инчеоны цагдаагийн газар Д.Одбаяраас энэ сарын 15-нд дахин байцаалт авах тухай Өмнөд Солонгосын өдөр тутмын хамгийн том сонин болох “The Korea Times” баасан гаригийн орой мэдээлжээ.
Сануулахад, Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн Инчеоны нисэх буудалд саатуулагдсан бөгөөд түүнийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч 20 настай эмэгтэйн өгзгөнд гар хүрсэн, түүнтэй хамт явсан А нь өөр нэг үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн хэмээн буруутгагдаж байна.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авч, Одбаяр нь "Болсон явдалд би хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой хэрэг" хэмээн мэдүүлсэн байдаг. ҮХЦ-ийн дарга Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцох ёстой байсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр түүнийг Индонез рүү нисэхийг зөвшөөрч, буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхийг сануулжээ. Мөн уг хэрэгт онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.
Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явсан бол энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд прокурорт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд тус улсын хуулиар 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай юм байна.
Харин Цэцийн дарга өнгөрөгч лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 6-нд Индонезиэс Сөүлд ирж, Инчеоны цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн бөгөөд байцаалт 11 цаг үргэлжилсэн тухай өмнө мэдээлсэн. Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеоны Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байгаад энэ өдрөөс /арваннэгдүгээр сарын 6/ эхлэн Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болжээ.
Д.Одбаяр нь мэдүүлэг өгч дуусаад Монгол руу нисэх ёстой байсан ч мөрдөн байцаагч нь “нэмж тодруулах шаардлагатай зүйлс байгаа” гэсэн учир шүүхээс түүнийг 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавиад байгаа юм. Байцаалт яагаад бүхэл бүтэн 11 цаг үргэлжилсэн болон хилийн хориг тавих болсон шалтгааныг “орчуулгын асуудал хүндрэлтэй байсан учраас” хэмээн тайлбарлаж, 15-ны өдөр дахин байцаалт авахаар болсон байна.
Д.Одбаяр нь анх өгсөн мэдүүлэгтээ “Би энэ хэрэгт холбоогүй, миний арын суудалд сууж явсан хүний хийсэн хэрэг” хэмээн мэдүүлсэн бол хоёр дахь мэдүүлэгтээ “Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна” хэмээн мэдүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байгаа. Мөн зарим нэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч чухам ямар үйлдэл гэдгийг нь дурдаагүй. Гэвч уг хэрэг гарах үед шаардлага тавьсан онгоцны багийнхан болон орчуулагч хийж байсан бүсгүйд “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би ҮХЦ-ийн дарга байна. Тэгж хэл. Монголд очихоор чинь чамайг байхгүй болгоно оо” хэмээн заналхийлсэн тухай мэдээлэл хэдийн цацагдаад байгаа.
“The Korea Times” сонин баасан гаригийн оройн мэдээндээ “Д.Одбаяраас 15-ны өдөр /ирэх баасан гаригт/ дахин байцаалт авна” хэмээн мэдээлсэн боловч бямба гаригт “SBS” телевизийн сэтгүүлч “Зургаан өдрийн хориг дутуу байхад Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцах болж байна. Цагдаагийн байгууллага хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч прокурор хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзсэн” гэжээ. Мөн БНСУ-д суугаа Монголын Элчид сайдын яам ч бас “Тийм хэрэг болоогүй” хэмээн зүтгэсээр байгаа юм байна.
Товчхондоо, “Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцаж ирнэ. Буянт-Ухаад үндэсний баатрын дүрээр угтаж авна” гэдэг яриа ортой ч байж магадгүй боллоо. Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг битгий дэвэргээд бай. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь харж байна. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна” хэмээн загнаснаас үзвэл эцэстээ хоёр орны хэвлэл мэдээллүүд нийлж байгаад “хүн гүтгэсэн” хэрэг болоод хоцорч мэдэхээр байна.
Учир нь Солонгосын хуулиар гэмт хэрэгт тооцогдож шалгагдаж байгаа энэ хэрэг манай Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш. 2015 оны Эрүүгийн хуульд /Д.Дорлигжав сайдын батлуулсан/ байсан "Бусдад бэлгийн дарамт учруулах" гэмт хэргийг 2017 онд МАН-ын Засгийн газар, С.Бямбацогт сайд байхдаа Эрүүгийн хуулиас хассан байдаг юм.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
Эх сурвалж: inews.mn