Владимир Путин сайн тагнуулч байсныг архивын баримт бичигт өгүүлжээ


Зөвлөлт Холбоот Улсын тагнуулын хүчирхэг байгууллага КГБ-ийн зарим бичиг баримтуудыг нууцаас гаргаж, олон нийтэд үзүүлэх арга хэмжээг ОХУ-ын архивын төв газар Санкт Петербург хотод зохион байгуулжээ.
Энэ үеэр өнөөдрийн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой баримтыг дэлгэн үзүүлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Путиныг 20 гаруй настай байхад буюу тагнуулын ажилтны гараагаа дөнгөж эхэлж байх үед КГБ-ийн гаргасан тодорхойлолтод “Нөхөр Путин бол үзэл суртлын, улс төрийн болон мэргэжлийн тал дээр тогтвортой өсөн сайжирч байгаа мэргэжилтэн юм” гээд түүнийг “үнэнч шударга, сахилга баттай хүн” гэж магтжээ.
Одоо 67 настай Путин 1970-аад оны дундаас эхлэн нууц албанд ажилласан бөгөөд 1985-1990 онд буюу Зөвлөлт Холбоот Улсын сүүлчийн он жилүүдэд Зүүн Германы Дрезденд томилогдон ажиллаж байв.
Сүүлд тэр ОХУ-ын ерөнхийлөгч болохдоо Кремльд хуучин КГБ-ийн мэргэжилтнүүдийг татаж, өөрийгөө тойрон хүрээлүүлсэн гэдэг.
Архивын материалд бас Путин “зохион байгуулалттай, үр дүнтэй ажилласныхаа төлөө дээд удирдлагаас сайшаал сонсож байсан” тухай өгүүлжээ.
Путин 2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын батлахаа одоо болтол дурсгал болгон хадгалж явдаг тухайгаа дэлгэж байсан юм.
Эх сурвалж: AFP
Р.ТӨМӨР, IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан