Шинэ биш Шилэн дансны хууль ба “10 хувь”-ийн авлига

Шинэ байхаа больсон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар аудит хийсэн ээлжит тайлангаа саяхан УИХ-д уламжлаад байна. 2015 оны эхний өдрөөс уг хуулийг мөрдсөнөөс хойш жил бүр 1-2 удаа аудит хийж, тайланг нь УИХ-д хүргүүлж ирсэн юм. УИХ ч холбогдох байнгын хороогоороо хэлэлцсэн болоод өнгөрлөө. Гэтэл энэ удаагийн буюу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хамаарах дүгнэлтэд анхаарал хандуулахгүй байхын аргагүй дүн, мэдээ байна уу гэвэл тийм. Жишээ нь, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн 836 аж ахуйн нэгж, байгууллагаас шилэн дансны нэгдсэн цахим хуудаст ердөө 29 нь холбогдох мэдээллээ байршуулжээ. Үүнээс дөнгөж хоёр нь хуульд заасан мэдээллээ ил тод гаргасныг энэ удаагийн тайланд онцолсон байна.
Эдгээр 836 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлбэл зохих хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээний нийт дүн 349.7 тэрбум төгрөг. Үүнээс мэдээллээ ил тод байршуулсан хоёр аж ахуйн нэгж, байгууллагын хийсэн ажлынх нь 1.7 тэрбум байгаа нь тайлагнах ёстой нийт дүнгийн 0.5 хувьд ч хүрэхгүй нь анхаарал татах баримт биш гэж үү.
Тэгвэл 2018 онд хийсэн аудитын тайлангаас яг энэ үзүүлэлтийг харж, харьцуулъя. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газрын 2016, 2017 онд хийсэн аудитын тайланд дээрх заалтын хэрэгжилтийг ингэж нарийн тайлбарлаж, мэдээлээгүй юм билээ. Харин өнгөрсөн онд хийсэн тайланд 2017 оны аравдугаар сарын 1-нээс хойших нэг жилийн хугацаанд хамруулах ёстой мэдээллийг хянаж, шинжилсэн байгаа юм. Ингэхдээ үүнийг “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран, тус байгууллагаас шинжээч оролцуулсан бөгөөд нийт 941 аж ахуйн нэгж, байгууллагаас 4.8 хувь буюу 45 нь тухайн цахим хуудсанд мэдээлэл байршуулах цэстэй байсныг дурдсан байна. Сонирхолтой нь, мөн л хоёр аж ахуйн нэгж байршуулсан цэсэндээ заасан мэдээллийг ил болгосон нь УИХ-д сая танилцуулсан тайланд дурдагдсан өнөөх хоёр компани байх аж. 
Тодруулбал, БСШУСЯ-аас ажил, үйлчилгээ авсан “Хатуу төмөр” ХХК-ийн Архангай аймгийн Хашаат сумд хэрэгжүүлж буй, нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 250 суудал бүхий соёлын төв болон “Бор божуу” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багт хийж буй, 900 сая төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн барилгын төсөл юм. Өөрөөр хэлбэл, мэдээллээ ил тод байршуулсан энэ хоёр компанийн нэрийг хоёр тайланд хоёуланд нь тусгасан хэрэг. Сүүлийн тайланд хамаарах, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагуудаас нэг нь ч мэдээллээ ил тод болгоогүй гэсэн үг. 
Уг нь тэд хариуцан ажилласан хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээнийхээ нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ёстой. Шаардлагатай гэж үзвэл олон нийтийн болон өөрийн цахим хуудсаар давхар мэдээлэхээр Шилэн дансны тухай хуульд заажээ. Эдгээр мэдээллийг төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулахад эдгээр аж ахуйн нэгж, байгууллагаас ямар ч төлбөр авдаггүй.
Гэтэл татвар төлөгч бидний бүрдүүлж буй улсын төсвөөс мөнгийг нь гарган хэрэгжүүлдэг хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээний ард хамгийн их “но” байдаг. Сонгон шалгаруулалт явуулдаг хэдий ч хэнд хэдэн төгрөг өгвөл “ажил” авч болох вэ гэдэг арга ухаан аль хэдийн нарийссан нь нууц биш. Тэгж яривал төсвөөс авч буй санхүүжилтийг 10 сая хүргэхгүйгээр буюу 9 999 999 төгрөгөөр тооцож, хэд хэд хуваах байдлаар гарган авч, Шилэн дансны хуулиас нуугддаг тал ч бий. Юутай ч тухайн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 10-аас доошгүй хувийг “зуучлагч”-даа өгч байж төрөөс зарладаг сонгон шалгаруулалтад тэнцдэг гэх яриа худлаа биш. “Зуучлагч” нь гол төлөв төрийн албан хаагч байдаг нь ч үнэн. Төрөөс тэрбумтнууд төрж байна гэх яриа энд бойжиж, бодит биеллээ олдог. Тиймээс “10 хувь”-ийн авлига өгсөн, авсан аль аль нь хариуцлагаас зайлсхийхийн тулд холбогдох мэдээллүүдээ ил болгодоггүй, хууль мөрдүүлэх гэж хөөцөлддөггүй биз. Авсан “ажлынхаа” 10 хувийг авлигачид өгсөн гүйцэтгэгч өөртөө ашиг үлдээхийн тулд аль болох бага зардал, хямд материал ашиглах нь гарцаагүй. Арав, арван хувиар “тоншиж” амташсан албан хаагч, ашиг харсан аж ахуйн нэгжийн балгийг адагт нь ард түмэн амсдаг нь хамгийн харамсалтай.
Үндэсний аудитын газар Шилэн дансны тухай хуулийг биелүүлэх ёстой төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд (төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч) гэх байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хамрагдаж, хуульд заасан мэдээллийг хугацаанд нь бүрэн мэдээлсэн, эсэхийг нь шалгадаг гэж ойлгож болно. Улмаар холбогдох байгууллага, албан тушаалтан хяналтыг хэрэгжүүлж, өмнө нь өгсөн зөвлөмжийг биелүүлсэн, эсэхийг хянадаг. Ингэхдээ шилэн дансны үйл ажиллагаанд дотоод хяналт тавих этгээдийг оновчтой тодорхойлж, хууль хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар хууль, журамд тодорхой тусгах нь зүйтэй гэдгийг удаа дараа анхааруулж ирснийг тайлангуудаас харж болохоор буй.
Жишээ нь, 2017 онд хийсэн аудитын мөрөөр гаргасан зөвлөмжийн биелэлт 44.3 хувьтай байгааг саяын тайланд онцолжээ. Тэр тусмаа Шилэн дансны тухай хуулийн 3.1.4 буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс авсан санхүүжилтийн холбогдох мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулах үүргийг тодорхой болгож, биелэлтээр нь санхүүжилт олгох арга хэмжээ авах зөвлөмж огт хэрэгжээгүйг дурдсан байна. Уг нь эл зөвлөмжийн хүрээнд Ерөнхий сайд өнгөрсөн онд Шилэн дансны тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан ч үр дүн алга. Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитаар өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй, илэрсэн алдаа, зөрчил давтагдсаар байгаа нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих дотоод хяналтыг сайжруулж, холбогдох албан тушаалтнуудад ногдуулах сахилга, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж буй хэрэг. “10 хувь”-ийн авлигыг өөгшүүлээд байгаа юм биш үү.

Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан