Ерөнхий сайдын “их цэвэрлэгээ”

УИХ-ыг тараах талаар хаа нэгтээ хэн нэг нь ам нээж, бухимдлаа гадагшлуулах тохиолдол байсан ч ажил хэрэг болгохоор идэвхийлэн хөөцөлдсөн нь байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн түүхэнд үгүй. Харин энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд тараах тухай яриа олонтоо сонсогдож, хэд хэдэн ч бодит оролдлого гарснаараа дээд амжилт тогтоох нь.
УИХ-ЫГ ТАРААХ ТУХАЙ ХАМГИЙН ИХ ЯРЬСАН ХҮН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ыг тараах талаар хамгийн олон удаа ярьсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 4-нд “Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараагаас УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана” гэснээсээ хойш тэрбээр чуулганы хуралдаанд оролцох бүртээ УИХ-ыг өөрөө тарахыг санал болгож ирэв. Тухайлбал, УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж, өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгон, 2018 оны аравдугаар сарын 29-нд зөвшилцөх албан бичиг хүргүүлж байв. Мөн энэ оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо өмнөх саналаа дахин тавьсан. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 29-нд УИХ-д өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгосон.
Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хааж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн. Хагас жил орчмын хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдлаа. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас нь өмнө тараах асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, уриалж байна. Улам бүр явцууран, мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж буйг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ нь Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэнэ” хэмээж байлаа.
Түүнчлэн энэ оны долдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулахдаа “Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо. Улс оронд шинэ гараа, шинэ эхлэл даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж, эдгээр алхмыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавьяа байгуулах болно” гэв.
...Энэ бүхний үр дүнд авлигажсан төсөв боловсруулсан, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж авсан, УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, гишүүд нь хүчин, хүн амь, авлигын гэмт хэрэгт олноороо нэр холбогдож, сэрдэгдэн, ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа алдсан гэх “зүйл ангиуд”-тай УИХ тарахад тун ойртоод байна...
Ерөнхийлөгчөөс гадна УИХ дотроос ч парламентыг тараах санал нэг бус гарсан. Тодруулбал, гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн өвөл УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачлан, өөрийнхөө бланк дээр гарын үсэг цуглуулсан. Тэрбээр “Засгийн газрын болон УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болсон. Тэдэнд хариуцлага тооцох талаар намын удирдлагад хэлсэн ч хүлээж аваагүй учраас УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байна” гэж мэдэгдсэн. Түүний бланк дээр 20 шахам гишүүн гарын үсэг зурсныг тэрбээр хэлж байлаа.
Мөн энэ оны эхээр парламентын үйл ажиллагаа хоёр сар шахам гацахад АН-ын бүлгийнхэн УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлан хуралдуулах тогтоолын төсөл санаачлан, гарын үсэг цуглуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газрын хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрч, тэмцлийн хэлбэрт шилжсэн нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байгаа учраас УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүд нь албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга хариуцлагын олон төрлийн алдаа гарган, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж байна. Гуравдугаарт, олон нийтийн байгууллагын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш муу байгаа дүн гарсан. УИХ-ыг тарах нь зүйтэй гэж судалгаанд оролцсон иргэдийн 80 шахам хувь үзсэн байна. УИХ-ын үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээ 1.8 оноо болтлоо буурсан нь өмнөх онуудынхаас эрс багассан үзүүлэлт. Энэ нь УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ” хэмээж байлаа. Тэрбээр УИХ-ыг тараах тогтоолын төсөлтэй хамт ээлжит бус сонгууль товлон зарлах асуудлыг ч өргөн барьсан. АН-ын тогтоолын төсөлд Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Я.Санжмятав, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нарын 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан юм.
ХЭНД АШИГТАЙ ВЭ
УИХ-ыг тараах тухай дээрх санал, санаачилгуудад дурдсан үндэслэл, шалтгаан нь оргүй зүйл биш. УИХ-ын нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх чадвар доод цэгтээ хүрсэн, ажил үйлс нь ч бүтэмж муутай байгаа нь бултах аргагүй үнэн. Тийм ч учраас эрх баригчид өөрсдөө УИХ-ыг тараахаар шийдсэн биз. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах оролдлогыг бодит ажил хэрэг болгохоор гишүүд гарын үсгээ зурцгааж байна. Энэ удаа эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараах санал гарган, хэрэгжүүлэхээр зүтгэж буйгаараа онцлог. Намынх нь нөхөд ч түүний энэ саналыг дэмжиж байгаа. Учир нь тэр үгүйсгэх аргагүй үндэслэл, шалтгаанаа намын нөхдөдөө танилцуулсан юм билээ.
“УИХ-ын гишүүдийн ёс зүй, чадвар дээшилсэнгүй. Улам дордож, сонгогчдын итгэлийг алдаж байна. Тиймээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзэх хүн ганц Ерөнхийлөгч, дээр дурдсан бичигт гарын үсэг зурсан гишүүдээр тогтохгүй. Сүүлийн үеийн хэд хэдэн судалгаа УИХ-д итгэх олон нийтийн итгэл алдарсан, нэр хүнд нь шалдаа хүртэл унасныг илчлээд буй нь эрх баригчдыг өөрсдөө парламентаа тараахад хүргэж буй нэг шалтгаан. УИХ-ын унасан нэр хүнд, урагшгүй байдал дээр өвлийн утаа, замын түгжрэлээс үүдэлтэй стресс бухимдал нэмэгдвэл ирэх хавар, зуны улс төр 100 хувь МАН-ын эсрэг эргэнэ хэмээн Ерөнхий сайд тооцож. Тиймээс Ерөнхий сайдын рейтинг өсөлттэй яваа дээр, өрсөлдөгч намуудаа гэнэдүүлэн, ээлжит бус сонгууль зарлаж, намаа чирэн сонгуульд орохоор төлөвлөөд буйг нь нөхөд нь зөв гэж үзэн, дэмжиж байгаа.
Мөн “Удахгүй ард нийтийн санал асуулга, хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох бөгөөд зардал чирэгдэл ихтэй энэ хоёр ажлыг нэгтгэчихье. Ингэвэл хөрөнгө, хүч хэмнэхээс гадна ирц бүрдэхгүй байх эрсдэлийг бууруулна. Аль аль талдаа ашигтай” хэмээн нөхдөө ятгасан сурагтай.
Түүнчлэн үг, үйлдлээрээ хууль тогтоох байгууллага, нам, төрийн нэр хүндийг унагадаг, хэрэгжүүлж буй бодлогыг ил, далд эсэргүүцэж, ажилд саад хийдэг, зорьж буй үйлсэд нь гар нийлж, мөр зэрэгцэхгүй нь тодорхой болсон зарим хүнээс энэ завшааныг ашиглан салж, “их цэвэрлэгээ” хийх бодол ч У.Хүрэлсүхэд байгаа даг аа. Энэ бүхний үр дүнд авлигажсан төсөв боловсруулсан, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж авсан, УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, гишүүд нь хүчин, хүн амь, авлигын гэмт хэрэгт олноороо нэр холбогдож, сэрдэгдэн, ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа алдсан гэх “зүйл ангиуд”-тай УИХ тарахад тун ойртоод байна.
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь парламентын халдашгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурь илэрхийлэх гишүүн мэр сэр байгаа бол олон нийтийн дунд “Улстөрчид хууль зөрчсөн ч шийтгэл хүлээдэггүй. Буруутайг нь хуулийн байгууллага нотлоод байхад огцруулах нь бүү хэл хамгаалаад үлддэг гажиг бий болсон. Энэ нэр хүндээ алдсан парламентыг тарааснаар гишүүдэд хариуцлага тооцож болдог гэдгийг харуулсан сайн жишиг тогтооно. УИХ-ыг одоо тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь өнгөц харахад МАН-д ашигтай ч цаагуураа улс төр эрүүлжиж, төрд хариуцлага бий болгоход нөлөөлнө” хэмээн найдлага тавьж буй нь олон байна.

А.Амина
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан