МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

-МАН ээлжит бус сонгуулиар 18 суудал авна гэсэн тооцоолол гарчээ-
УИХ-ын ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард явуулахаар гишүүдийн гарыг үсгийг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. МАН-ын бүлгийн гишүүдийг генсек нь дуудаж, уулзан ЖДҮ болон бусад “хутгалдсан” хууль бус асуудлуудыг нь сөхөх, сөхөхгүй хэмээн барьцаалж, гарын зсэг зуруулсан гэх мэдээлэл ч бий. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувь дуудаж, гарын үсэг зуруулаагүй, гишүүдийн дунд ээлжит бус сонгуулийн талаарх яриа бол бий гэдгийг тайлбарласан ч намынх нь гишүүд хэвлэлүүдэд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж эхэлсэн. Уг нь холбогдох хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг нийт гишүүдийн гуравны хоёр буюу УИХ-ын 51 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ тарах буюу чуулганы хуралдаанаар хэлэлцэх эрх бүрдэнэ.
Гэвч өнөөгийн цаг дор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгаар далайлган УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болж байгаа нь хэнд ашигтай, хэрэгтэй үйл явц вэ гэдгийг бид өчигдрийнхөө нийтлэлд тодорхой дурьдсан.
Парламнетад 65-уулаа орж, тангараг өргөчихөөд эрх зүйн чадамжгүй болтлоо хагаралдсан, ихэнх нь ЖДҮ-д холбогдсон, намын дарга нь хүртэл худалч, хулгайч, хүн хүчиндсэн гэх зэргээр нөхдөө муулж, гай болохоор зай бол хэмээн том дуугарч байхад МАН-д итгэх итгэл иргэдэд байх уу. Ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар ил, далдаар ярилцаж, зүтгүүлж яваа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хоёр тэгвэл юунд найдана вэ гэж намынх нь нөхөд гайхацгааж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь олонд шударга дүр эсгэх гэж харагдаад намынхаа нөхдийг болж бүтэхгүй бугнууд хэмээн нэрлэчихсэн. Түүнийн энэхүү яриаг АН-ынхан өлгөж аван  намынх нь дарга нь гишүүдээ гэмт хэрэгтэн гэдгийг Улс даяар зарлачихсан хэмээн пэдийж хаа дуртай газраа тэднийг баалж явна. 
Аливаа судалгаа, үндэслэл хамгийн чухал. Тэгвэл судалгааны зарим байгууллага намуудын рейтингийг гаргаснаас дурдая.
Хэрвээ МАН яг энэ байдлаараа ээлжит бус сонгуульд оролцвол маш бага суудал авах тооцоолол гарчээ. Задалбал, МАН-18, АН-34, МАХН-16, Бие даагчид-8 гэсэн бүтэц  гараад байгаа аж. Энэ тооноос харахад МАН, МАХН хоёр нийлээд АН-ын авсан 34 гэдэг тоонд хүрэхээр байгаа аж.
Хэдийгээр энэ хоёр намыг угшил нэгтэй гэдэг ч одоо яг энэ цаг үед тэд нэг замаар явахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Тиймдээ ч энэ “дайн” дундуур МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ам нээхгүй, чимээгүйхэн алгаа үрчин суугаа.
Харин АН болон Ерөнхийлөгчийн хувьд МАН-аар Үндсэн хуулийг батлуулахгүйгээр УИХ-ыг тараалгах санаа нь одоо нийтэд ил болчихсон. Хэдий УИХ-д бүлэггүй ч АН-ынхан Ерөнхийлөгчтэй нийлж МАН-ынхаынг бойкотолчихсон. Тиймдээ ч МАН өнөөдөр Засгийн эрхийг дангаараа барьж байгаа ч ямар ч чадамжгүй гэдгээ харуулссар эцэст нь Үндсэн хуульдаа ч өөрчлөлт хийж чадахгүй гацаасан.
Тиймээс МАН-ын учир мэдэх ахмад гишүүд “одоо яагаад ч ээлжит бус сонгуулийг яаран сандран хийж болохгүй” хэмээн залуустаа учирлаж бас ухуулахыг хичээх болжээ. Арга ядахдаа намын дарга, генсек хоёрыг сөрөхийн тулд Онц их хурлаа зарлан, хуралдуулж, тэднийг огцруулах асуудлыг хөндөхөөр зэхэж буй ажээ.
Өдгөө улстөрчдийн хүсээд байгаа гэж нэрлэсэн ээлжит бус сонгууль нь ард олонд бус зөвхөн У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын дарга нарт л хамгийн ашигтай хувилбар. Учир нь тэд улс орон, намынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих бус зөвхөн өөрсдийгөө бодож УИХ-ын гишүүн болж, дархан эрхтэй болох буюу хуулийн хамгаалалтад орохыг хүссэн хэрэг. Түүнээс тэд ээлжит бус сонгуулиар МАН маш цөөн суудал авна гэдгийг тооцоолж байгаа. Гэсэн ч тэдэнд энэ асуудал төдийлэн чухал бус.
Монгол Улсад ардчилал бий болсон 1990 оноос хойшх мөчлөгөөр Засгийн газар дөрөв биш 1.5 жилийн настай болсон хэмээн шуугидаг. Гэтэл одоо МАН-ынхан Засгийн газраа байтугай паралментыг 1.5 жилийн настай болгож Монгол Улсын нэр хүндийг дэлхий нийтэд гутаах ажлыг хийх нь ээ. Хэрвээ УИХ тарсан тохиолдолд ЖДҮ-чин гишүүд нэг нэгээрээ хуулийн байгууллагад дуудагдаж булхай луйвараа нэг нэгээр нь онгичуулж “аав”-ынд заларна гэдэгт мөрийцөх байна. Эцэст нь ээлжит бус сонгуулийг хийхээр улайрч буй нөхөд энэ улсыг бүр мөсөн дампууруулж, элгээр нь хэвтүүлэх гэж буйг ард түмэн эрх биш гадарлаж буй биз ээ.
Энэ бүхнээс үүдэж МАН-ын ахмад гишүүд болон зарим нэг залуус нь   бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй МАН-ыг хэдхэн хүн орвонгоор нь эргүүлж самрах аюулаас сэргийлэхээр сэм ярьж байгаа нь дэндүү гунигтай. Угтаа бол залуус л энэ цаг үед тэргүүлж, хувиа бодож, довоо шарлуулахаас илүү эх орноо бодох ёстойсон.

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан