Филиппинд нэн ядуу өрхийг тэтгэх өвөрмөц хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Филиппиний экологи судлаач идэвхтнүүд тус улсын нэн ядуу өрхийг тэтгэх бас байгаль орчныг хамгаалах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. “Хуванцрын оронд цагаан будаа” гэж нэрлэгдсэн энэ хөтөлбөрт оролцогчид нь хоёр килограмм хуванцар хаягдал түүж тушаагаад нэг килограмм цагаан будаа авах боломжтой болсон. Ингэснээр нэн ядуу өрх нь хүнсний асуудлаа ч тодорхой хэмжээгээр шийдэхтэй зэрэгцээд, хог хаягдлыг дахин боловсруулах газар тушаахад суралцаж байгаа юм байна.
Энэхүү хөтөлбөр нь ямаршуу үр дүнтэй байгааг “Reuters” агентлаг сурвалжилсан байна. Вероника Долорико гэдэг 49 настай эмэгтэйг энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцдог болсноос хойш төрөлх тосгоныхон нь “эко эгч” гэдгээр нь андахгүй болсон байна. Тэрээр өглөө болгон нийслэл Манила хотын захаар явж хөршүүдээсээ хуванцар хаягдлыг нь цуглуулан авдаг. “Эко эгч” тун нямбай хүн тул өчүүхэн жижиг гялгар уут, чихрийн гялгар цаас байсан ч үлдээлгүй түүж, уутандаа хийдэг. Ийм болохоор түүнийг “эко” гэж хочилсон гэнэ.
Тэрээр “Манай эндэх тун бохир. Хэрэв чаддаг сан бол би гудамжинд ганц ширхэг ч хог үлдээхгүй түүгээд явмаар байна. Гэрээс гарах болгондоо хуванцар цуглуулах шуудай авч гардаг. Манай хамаатнууд “Чи хог түүж яах гэв ээ. Наадахаа хая” гэж дандаа үгэлдэг юм. Гэвч энд тэндгүй хөглөрөх хог харахаар сэтгэлд эвгүй байдаг юм” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
“Хуванцрын оронд цагаан будаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Долорико нь тосгоныхоо гудамжийг цэвэрлээд зогсохгүй гэр бүлээ цадтал хооллодог болжээ. Тэрээр хоёр килограмм хуванцар тутамд нэг килограмм цагаан будаа авч байгаа. Харин нийслэл Манилад цагаан будаа нь 1 кило нь 70 центийн үнэтэй. Дэлхийн хамгийн ядуу орны ядуу тосгоны хүмүүст бол энэ асар их мөнгө. Вероника Долорико гэхэд л ганц өдөр түүсэн хуванцраар сольж авсан цагаан будаагаар нөхөр, дөрвөн хүүхэдтэй гэр бүлээ долоо хоногийн турш тэжээдэг болсон. Байгаль хамгаалагчид ингэж цуглуулсан хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрт өгдөг аж. Наймдугаар сарын байдлаар 213 кг хуванцар хаягдал цуглуулсан аж.
Энэхүү хөтөлбөрийг хянагчдын нэг, тосгоны ахлагч Андор Сан Педро нь энэ солилцоог аль аль талдаа ашигтай гэж үздэг аж. Тэрээр “Хүмүүсийг хүнд ажил хийсэнд талархах далимд бид тосгоноо цэвэрлээд авч байгаа. Энэ бол шударга их зөв тогтолцоо. Одоо цагт оронд нь юм авахгүй л бол санаачилга гаргадаг хүн гэж бараг байхгүй болсон. Харин энд бол экологийн төлөө анхаарал тавиад хүмүүс хоолтой болж байна шүү дээ” гэсэн байна.
Ocean Conservancy байгууллагын мэргэжилтнүүдийн гаргасан үнэлгээгээр дэлхийн далайг хуванцар хаягдлаар бохирдуулдаг хэмжээгээрээ Филиппин улс дэлхийд нэгдүгээр ордог. Байгаль судлаачид нь “Хуванцрын оронд цагаан будаа” хэрэгжсэнээр экологид хортой нэг удаагийн хуванцар уутны хэрэглээ багасахгүй ч гэлээ хүмүүс ядаж л хариуцлагатай хэрэглээнд сурна гэж найдаж байгаа юм байна.

Б.Гарьд 
Эх сурвалж: newspress.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан