САЙХАНБИЛЭГИЙН ЖИШЭЭ
2015 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилгаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан мэдэгдлийн эсрэг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдэл хийсэн явдал тийнхүү сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болжээ.
Парламентын засаглалын онцлог бол Засгийн газар тэнхмийн зарчмаар ажилладагт оршино.
Тэнхмийн зарчим гэдэг бол Ерөнхий сайд ажлаа хуваарилж, ачаагаа тэнцүүлэх, хамт ажиллаж, хариуцлагаа хуваалцах багийг өөрөө бүрдүүлж, тэдний өмнөөс хариуцлага хүлээх явдал юм. Тиймээс хамт нэг санаагаар ажиллах боломжгүй этгээдийг тэнхимдээ үлдээх эсэхийг Ерөнхий сайд шийдэх эрхтэй, Ерөнхий сайдынхаа эсрэг мэдэгдэл хийсэн этгээдийг Засгийн газрын гишүүнээс хөөх бүрэн үндэстэй төдийгүй хөөхгүй бол улстөрийн хувьд гаж үзэгдэл болно.
Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг огцруулах боломжгүй байсан, учир нь Л.Пүрэвсүрэнг УИХ-аас сонгосон байв.
Н.АЛТАНХУЯГИЙН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР ТАВАН УДАА ТАВЬЖЭЭ
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтын гол уршиг нь “төрийн жолоо”-г сарниулж, Засгийн газар багаараа ажиллах боломжгүй болгосонд байв.
- Засгийн газар тэнхмийн зарчмаар ажиллах тухай Үндсэн хуулийн уг үзэл баримтлалыг устгаж, УИХ дахь нам, фракц, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөллөөс Засгийн газрыг бүрдүүлэх суурийг тавьсан.
- Ерөнхий сайд сайд нараа томилж, бодлогоо хэрэгжүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа сайдтайгаа хариуцлага тооцох чадваргүй болсон. Үүний тод жишээ бол Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аргаа барсан тохиолдол юм.
- Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй байх боломжийг олгосон. Засгийн газар ажлаа хийхгүй байгаа нь тодорхой салбар хариуцсан сайдын ажил хэрэг, дур сонирхлоос хамаарах бөгөөд Ерөнхий сайдаас хамаарч байгаагүй. Ерөнхий сайд салбарын сайдыг ажлаа хийхийг шаардвал тухайн сайдыг томилсон нам, фракцийн эсэргүүцэлтэй тулгарч УИХ-аас огцруулах асуудлыг сөхдөг болсон. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хоёр жилийн дотор таван удаа тавьж байсан.
Харамсалтай нь, Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулах явдлыг хязгаарлаагүй. 43 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ерөнхий сайд өөрөө буюу Засгийн газрын гишүүдийн тэн хагас, 3 дахь хэсэгт УИХ, Ерөнхийлөгчийн санал гаргах эрхтэй, өөрөөр хэлбэл огцруулах асуудлаар бараг л хүн болгон санал гаргах эрхтэй байгаа нь Засгийн газрын тогтвортой ажиллах үндэсгүй болгосон.
- УИХ дахь нам, эвсэл, түүнийг бүрдүүлж буй эдийн засгийн бүлэглэл улс орны амьдралын тодорхой салбарыг хувьчилж авах үзэгдэл бий болсон. Уул уурхайн асуудлыг сонирхож байгаа фракц Уул уурхайн сайдыг, зам тээврийн асуудлыг сонирхож байгаа фракц Зам, тээврийн сайдыг гэхчилэн хуваарилах болсон.
“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн нэг, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хийсэн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллахыг зөвшөөрсөн явдал бүр ч нэрмээс болсон юм. Энэ үйл явцын үргэлжлэл болж яам, агентлагт ч төрийн албаны тогтвортой байдал алдагдаж нам, фракцийн төлөөлөл шургалж, улстөрийн авилга газар авах суурийг тэлсэн.
- Засгийн газрын гишүүдэд таалагдахгүй, ашиг сонирхолд нь нийцэхгүй бол Ерөнхий сайдын ямарваа шийдвэр огт хэрэгжихгүй, хэрэгжүүлээгүйнх нь төлөө хариуцлага хүлээхгүй байдал бий болсон. Засгийн газрын тогтоол батлагдаж байх үедээ хэрэгжихгүй гэдэг нь улстөрийн хувьд тодорхой байсан тохиолдол цөөнгүй.
Чухам иймээс Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн. Намаар дамжин УИХ-д төлөөлөлтэй болсон улстөр-эдийн засгийн бүлэглэлүүд Засгийн газрын гишүүнээрээ дамжуулан хувьчилж авсан өөрийнхөө салбарт л ажиллаж байгаагаас биш улс орныг хамарсан үндэсний хэмжээний цогц бодлого хэрэгжих боломжгүй, ядуурал газар авсан хэвээр, эдийн засаг цогц хөгжих боломжгүй хэвээр байна. Улмаар “Монголд төр алга болчихлоо”, “олигархууд улс орныг мөлжиж байна” гэсэн шүүмжлэл газар авах, цаашилбал ардчилал хэрэггүй юм байна гэсэн уур амьсгал бүрдээд байна.
ГАРЦ, ШИЙДЭЛ
“Дугуйг дахин зохион бүтээх хэрэггүй” гэдэг, парламентын засаглалтай ардчилсан улсад засгийн газрын тогтвортой байдлыг бэхжүүлж байгаа Үндсэн хуулийн зохицуулалтын тэдгээр механизмуудыг л нутагшуулахад болно. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дараахь зүйлийг тусгасан.
- Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны төлөө биечлэн хариуцлага хүлээдэг байлгахын тулд 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж өөрчилж байна.
Ерөнхий сайд хамт ажиллаж, хариуцлага хуваалцах сайд нараа өөрөө бүрдүүлснэээр
- Нэгд, тэдэнтэй хариуцлага тооцох боломжтой болж ажлын гүйцэтгэл сайжирна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнх нь Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хариуцлага тооцож чадахгүй байсан шиг эмгэнэлтэй тохиолдол гарахгүй.
- Хоёрт, хариуцлага эзэнтэй болж, Засгийн газрын үйл ажиллагааны төлөө Ерөнхий сайд биечлэн хариуцлага хүлээнэ. Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь нэгэнт л олгож байгаа учраас түүнтэй, гагцхүү түүнтэй хариуцлага тооцож огцруулах нь илүү шударга болно.
- Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулах явдлыг хязгаарлаагүй доголдлыг засч 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” хэмээн тусгасан.
Үндсэн хууль судлалд “Ерөнхий сайдад эс итгэх конструктив санал хураалт” хэмээн нэрлэгддэг ийм механизмыг 1949 оны ХБНГУ-ын Үндсэн хуульд зааснаас хойш тус улсад 1949-2014 оны хооронд 65 жилийн хугацаанд 8 ерөнхий сайд ажиллаж, хөгжлийн бодлого нь тогтвортой хэрэгжсээр өнөөдөр Өрнө Европын хамгийн хүчирхэг улсын нэг болоод байна. Коммунист системээс 1990 онд хамт шилжихдээ парламентын засаглалыг сонгож авсан 10 улсаас Монголоос бусад 9 нь конструктив санал хураалтыг Үндсэн хуульдаа тусгасан, тэдгээрийн төрийн бодлого тогтвортой, эдийн засаг хөгжсөөр өнөөдөр манай улстай харьцуулшгүй болжээ.
УИХ-д олонх болсон нам Ерөнхий сайдаа шууд томилж байгаа, гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах үед шинэ Ерөнхий сайдыг томилох эрхээ алдаж болзошгүй улстөрийн эрсдэл үүсч байна. “Алдаж болзошгүй” гэдгийн учир нь “алдана” гэсэн үг биш, “нийт гишүүний олонх угс саналыг” дэмжээгүй бол, өөрөөр хэлбэл, намын сахилга батаа чанга хадгалж чадвал Ерөнхий сайдаа хамгаалж үлдэх боломжтой төдийгүй олонх өөрөө Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэл цөөнх “олонхоос урвасан” өөрийнхөө нэр дэвшигчийг1 огцруулна гэсэн баталгаа болж чадахгүй.
Зарчмын хувьд, УИХ-д олонх болсон нам задрах эрсдлийг ямар ч хуулиар, тэр дотроо Үндсэн хуулиар сэргийлж, задрахгүй байхыг шаардах боломжгүй. Монголын ч, олон улсын ч практикт парламентад олонх болсон нам задарсны үр дүнд Ерөнхий сайд огцордог, үүнийг Үндсэн хуулиар багцлах боломжгүй.
- Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахын тулд 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/ дахь заалтад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” хэмээн нэмэхийн сацуу 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ” хэмээн өөрчилсөн.
Хөгжлийн бодлогын мөнгөн илэрхийлэл бол улсын төсөв, үүнийг Сангийн яам хэмээх мэргэшсэн бүтэц бүтэн жилийн турш ажиллаж өргөн барьсан төслийг парламентын дурын гишүүн улстөрийн зорилгоор ямар нэг тооцоо судалгаагүй шууд өөрчлөх явдал зохистой биш хэмээн судлаачид сүүлийн үед тэмдэглэх болсон. Ерөнхий сайдынхаа хөгжлийн бодлогын мөнгөн илэрхийлэлд парламентын аливаа гишүүн өөрчлөлт оруулахаар бол заавал зөвшөөрөл авах ёстой, эс бөгөөс парламент төсвийг хүлээн зөвшөөрөхгүй явдал нь Ерөнхий сайдад огцрох үндэслэл болдог. Ийм заалтыг оруулснаар Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой хадгалагдах боломжийг олгоно.
ДҮГНЭЛТ
1940 онд Гитлерийн Германы цэрэг Францын хил рүү түрж оржээ. Ерөнхий сайд Пол Рено Германы эсрэг бүх хүчээрээ байлдахыг зорьсон боловч Парламент дахь өөр өөр фракцийн төлөөлөл болсон сайд нар нь бууж өгөх, энхийн хэлэлцээр байгуулах гэх мэт олон санаа гаргаж байв. Ерөнхий сайдын орлогч Филлип Пэтэн хүртэл бууж өгөх хэрэгтэй гэж шахаж байжээ. Засгийн газар шийдвэр гаргаж чадахгүй байсаар Германд эзлэгдэж, Филлип Пэтэн Ерөнхий сайд болсон юм.
Харин Британ улс Ерөнхий сайд Черчилийн удирдлага дор дайсны эсрэг сөрөн зогссон.
Германтай энхийн хэлэлцээр байгуулах бодлоготой байсан Гадаад харилцааны сайд Халифаксийг тэнхмээсээ хөөж, нэг гарт улс орноо зангидаж, нэг санаагаар зогссоны хүчинд Британ фашистын Германыг бут ниргэж чадсан юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийн гол зорилго Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажиллах боломжийг олгохын сацуу хэн хариуцлага хүлээхийг тодорхой болгож, улмаар хөгжлийн бодлого тогтвортой хэрэгжих суурь үндсийг бүрдүүлэх зорилготой юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хоорондоо уялдаатай, нарийн тооцсон бөгөөд аль нэг нь алдагдахад үр дүн бодитой гарах магадлал эрс буурах бөгөөд өнөөгийн улстөрийн нөхцөл байдал хэвээр хадгалагдах өндөр эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Засгийн газрынхаа гишүүнд хариуцлага тооцож чаддаггүй, Засгийн газраа байн байн огцруулдаг хэвээр үлдэнэ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн үеэс эхлэн наад зах нь 2014 оноос эхлэн Ерөнхий сайд өөрөө тэнхмээ бүрдүүлэх, Ерөнхий сайдад эс итгэх конструктив санал хураалт, төсвийн төсөлд Засгийн газрын зөвшөөрөлтэй өөрчлөлт оруулж байх талаар үе үеийн ажлын хэсэг санал нэгдснээр ирснийг цохон тэмдэглэе.
Парламентын засаглалтай хоёр өөр орон нийтийн дайсантай хэрхэн тэмцсэн хоёр өөр түүх ганц л зүйлийг хэлж байна. Гүйцэтгэх эрх мэдэл нэгдмэл байвал ялна, хөгжинө, үгүй бол ялагдана, сөнөнө.
1 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үг.
О.Машбат