Ундны усны хомсдол өнөөгийн ертөнцийн гол асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн дулаарал явагдаж байгаа үед усны хомсдол нь зөвхөн экологийн төдийгүй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал болон хувирч байгаа юм. Дэлхийн түүхэн дэх дайнууд аливаа нөөц баялгийн төлөөх тэмцэл байсан бөгөөд тун удахгүй усны төлөө дайтах болно гэж эрдэмтэд анхааруулдаг. Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болсон усны талаар бид юу мэдэх ёстой вэ?
Хөдөө аж ахуйд усны нөөцийн 70%-ийг зарцуулдаг
Ус зарцуулалт хамгийн их буюу усны нөөцийн 70 хувь нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулагддаг байна. Хэрэглээндээ ухамсартай хандаж, хаягдлаа хянаж, илүүдэл хүнс худалдан авахгүй бол бид энэ тоог багасгаж чадна. Манай гаригийн хүн ам өсч байгаатай холбоотойгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
Хүмүүс хүнсэндээ хамгийн ихээр хэрэглэдэг мах болон ногооны үйлдвэрлэлд ус илүү ихн зарцуулагддаг байна. Түүнчлэн тариалангийн талбайгаас бордоог угааж, ойролцоох нуур цөөрөм, гол руу урсгаж байгаа нь ихээхэн хүндрэлтэй асуудал болж байгаа юм. учир нь химийн бодисууд байгалийн усан санд орсноор нутгийн экосистемд хор хөнөөл учруулан, орчныг бохирдуулж, загасны тоо толгойг багасган, ус ширгэхэд нөлөөлдөг байна.
Хоёр тэрбум хүн чанартай ус ашиглаж чаддаггүй
НҮБ-ын мэдээлснээр дэлхий дээр хоёр тэрбум орчим хүн чанартай ундны ус ашиглаж чаддаггүй бол дахин хэдэн тэрбум хүн бохир усны суваггүй сууцанд амьдардаг аж. Ариун цэврийн наад захын нөхцлийг хангахад цэвэр ус зайлшгүй хэрэгтэй бөгөөд ийм нөхцөлд амьдарч буй олон мянган хүн бохир уснаас халдвар аван, жил бүр амиа алддаг байна. Цэвэрлэгээний сайн систем байхгүй нөхцөлд химийн, аюултай бодисууд шууд хүний биед ордог юм. Үйлдвэрийн уусгагчид, хар тугалга, зэрэг уул уурхайд ашиглагддаг бодисууд, пестицид, нитрат зэрэг нь хүний бие организмд орж, ихээхэн хор хөнөөл дагуулдаг гэнэ.
Уснаас үүдсэн сөргөлдөөн
Цэнгэг усны удирдлагын салбар иргэний эмх замбараагүй байдлын шалтгаан бөгөөд гэхдээ одоогоор бүс нутгууд маргааныг шийдвэрлэх тохиромжтой арга замуудыг олсоор байгаа юм.
Тухайлбал, Пакистан, Энэтхэгийн хооронд Инд голын усны эзэмшлийг хуваадаг гэрээ хагас зууны туршид үйлчилж байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд, цаг уурын тааварлашгүй байдлын улмаас усны хэмжээ болон чанар өөрчлөгдөх эрсдлийг араасаа дагуулах тул гэрээг шинэчлэх шаардлагатай гэж шинжээчид үздэг.
“Исламын улс” бүлэглэлийн дайчид 2014 онд Ирак дахь Мосулын усан санг хяналтандаа оруулсан ч АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэй Иракийн армид цохигдон, гарч байлаа. Дараа жил нь тэд Сирийн усан сангийн гарцыг хаасны улмаас зургаан сарын турш Евфратын урсгалыг хааснаар Анбар мужийн өмнөд нутгийн оршин суугчид ундны усгүй болж байлаа.
Цаг уурын өөрчлөлт
Байгалийн нөөцийн чанар цаг уурын байдлаас шууд хамаарна. Дэлхийн цаг уур дулаарсны улмаас ган, үер гээд байгалийн гамшгууд гарах нь элбэгшсэн бөгөөд дулаан цаг агаар чийгийг ууршуулан, улмаар хуурай бүс нутгууд улам хуурайшиж, харин чийглэг уур амьсгалтай нутгууд улам чийгтэй болох юм.
Дулаан уур амьсгал усан санд ч нөлөөлдөг. Зарим төрлийн загаснууд өөрчлөлтөд дасан зохицоход хүндрэлтэй байдгийн дээр усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч, хортой ургамлууд нэмэгдэнэ гэж эрдэмтэд анхааруулдаг.
Хөрсний ус
Ундны усны гол эх үүсвэр нь нуур, цөөрөм, гол мөрөн биш харин хөрсний ус юм. Дэлхийн гадаргын усан сангаас 25 дахин их ус хөрсөнд бий гэж үздэг. Хөрсний усыг тариалангийн талбайн услагаа, уул уурхайд голчлон ашигладаг бөгөөд дэлхий дээр хоёр тэрбум гаруй хүн хөрсний усыг ундандаа ашигладаг байна.
Г.Бямбасүрэн
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN