Монгол Улс 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульдаа төрийн эрх мэдэл хуваарилалтыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл болгон хуваарилсан. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу эдгээр эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэлтэй ажиллах зарчмыг дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг, харьцуулсан үндсэн хууль судлал зэргийг харгалзан үзсэн байдаг. Үүний сацуу тухайн үеийн нийгмийн эрх зүйн ухамсар, соёл, эдийн засгийн шилжилтийн үеийн хүнд нөхцөлийг харгалзан үзсэн байна.
Хэдийгээр тухайн үед Үндсэн хуульдаа төрийн эрх мэдэл хуваарилалтын ерөнхий суурь зарчмыг дэлхийн нийтийн эрх зүйн нийтлэг чиг хандлагыг харгалзан тусгасан боловч үе үеийн парламентаас Ерөнхийлөгчид тал засаж, эрх мэдлийг нь нэмсээр иржээ.
Үүнээс үүдэн сүүлийн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлал өөрчлөгдөж, улмаар өнгөцхөн харвал парламентын засаглалтай мэт боловч Ерөнхийлөгчийн албан бус засаглалтай улс болж хувирсныг харж болно. Үүнд үе үеийн парламентын баталсан хуулиудад Ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүргийг ердийн хуулиар нэмэгдүүлж ирсэн явдал юм голлох нөлөө үзүүлж байна.
Энэхүү гажуудлаас үүдэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тодорхой улс төрийн нам, нам дамнасан бүлэглэлүүд эрхшээлдээ байлгах, тэдний албан бус хэм хэмжээ тогтох эрсдлийг бий болж байна. Үүний үр дүнд Ерөнхийлөгчийн тойрон хүрээллийн баг хууль сахиулах, шүүх эрх мэдэлд хяналт тавьж, улмаар Ерөнхийлөгчийн дарангуйллын засаг руу цаашдаа хальтарч ороход бэлэн болж ирлээ.
Үүний нэгэн жишээ бол Ерөнхийлөгчийн албан болон дур зоргын хүрээнд өөртөө бий болгосон /нэмэгдүүлсэн/ эрх мэдлээр дамжуулан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хэрхэн халдаж байгаа байдлыг өнөөдөр бэлхнээ харж болно.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий хуульчийг шүүгчээр дахин томилоогүй явдал гарсан.
Түүнчлэн Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган Шүүхийн ерөнхий зөвлөл /Цаашид “ШЕЗ” гэх/-д ирүүлж улмаар Ерөнхийлөгч дээрх шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн зэрэг жишээ олныг дурдаж болно.
Энэ нь цаашдаа Ерөнхийлөгч аль намаас, аль хонгилоос /шударга бусын хонгил/ дэмжигдэж гарч ирснээс шалтгаалан шүүгч нарыг томилох, чөлөөлөх асуудалд үзэмжээр шийдвэр гаргах эрхтэй болсныг харуулж байна.
Иймд энэхүү нийтлэлд сүүлийн үед тулгамдсан асуудал болоод байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд хэрхэн нийцэж байгаа талаар товч авч үзэх болно.
1/ Ерөнхийлөгчийн засаглал уу эсхүл Парламентын засаглал уу? /Шинэ үндсэн хуулийн төсөл хэлэлцэх явцад хийгдсэн хурлын тэмдэглэлээс.../
1960 оны Үндсэн хуульд 1990 оны 5 дугаар сард оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсад ерөнхийлөгчийн шинэ институц бий болсон.
Энэхүү албан тушаалтныг бий болгосноор цаашид шинэ үндсэн хуулийн төсөлд шинээр томилогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрх ямар байх талаар Улсын бага хурал болон Ардын Их Хурлын депутатуудын дунд хамгийн их маргаан дагуулсан асуудлуудын нэг болсон байна. Энэхүү маргааны гол агуулга бол Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсхүл парламентын засаглалтай байх эсэх тухай маргаан юм.
Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн албан бус дарангуйлалд шилжих эрсдэлийн талаар УБХ болон АИХ-ын депутатууд хэлэлцэж, цаашид гарч болзошгүй талаар цохон тэмдэглэж байв. Тухайлбал,
Тухайлбал, 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон:
Монгол Улсад төрийн дээд эрх мэдлийг Парламентад байлгах шаардлага байна. Зарим газар /зарим улс оронд/ Ерөнхийлөгч нар гэв гэнэтхэн Засгийнхаа эрхийг шүүрэн авч буй байдлууд гарч байна. Үүнийг бид дуурайж болохгүй. Хойд, урд талд байрлах газарзүйн байрлалаа анхаарах шаардлагатай.
Ерөнхийлөгчийн засаглал тогтсоноор 1/ улс төрийн тогтвортой байдал алдагдах нөхцөл байдал бий болно. Ард түмэн үргэлж хоорондоо элдэв маргаан, тэмцэл хийж байдаг юм руу орно. 2/ нэг хүнд хэтэрхий эрх мэдэл заавал төвлөрнө. 3/ нийгмийн амьдралд намуудын гүйцэтгэх үүрэг роль эрс суларна. 4/ төр улсын дээд удирдлагад тойрон хүрээлэл, гэр бүлсэг явдал гарцаагүй бий болно. 5/ улс орны тусгаар тогтнолын баталгаа үлэмжхэн хэврэгшинэ. Иймээс би БНМУ-д парламентын ёс, дэглэм ноёрхож байх ёстой гэж үзэж байна.
4 дүгээр тойргийн депутат К.Зардыхан:
Бидний хэлэлцэж байгаа үндсэн хуулийн төсөл бол Парламентын засаглалын үндсэн үзэл баримтлалаар хийгдсэн Үндсэн хууль юм. Бид нэг зүйлд захирагдах ёстой гэж депутатууд ярьж байна. Тэр нь бол зөв юм. Бид нэг л зүйлд захирагдах ёстой. Нэг хүнд биш, зөвхөн хуульд захирагдах ёстой. Ингэж байж ардчилал тогтдог юм. Нэг хүнд захирагдсанаар ардчилал тогтдоггүй юм. … засгийн эрх, төрийн эрх нэг гарт төвлөрөх явдал нь үндсэндээ ардчиллыг боомилохоос өөр аргагүй болно. Энэ асуудлыг та бүхэн анхаарч үзээсэй гэж бодож байна.
326 дугаар тойргийн депутат Ж.Гомбосүрэн:
Би Ардын Их Хурлын даргаар нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа Парламентын Бүгд Найрамдах Улс байх нь улс төрийн талаар тогтвортой байх найдвартай баталгаа болдог юм байна гэдгийг олон удаа мэдэрсэн. Ер нь бидэнд улс төрийн талаар тогтвортой байх шиг эрхэм чухал зүйл байхгүй байх шиг санагддаг юм. Манай орны эдийн засаг үнэхээр хүнд байна. Үүнээс гарахад улс төрийн талаар тогтвортой байж энэ бүх бололцоо хэрэгжинэ.
Үүнээс үзэхэд парламентын засаглалыг дэмжих үндэслэлүүдэд улс төрийн тогтвортой байдлыг цаашид хадгалах, Ерөнхийлөгч буюу нэг хүний дарангуйллаас сэргийлэх, улс орны тусгаар тогтнолыг баталгаатай байлгах, эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн чиг баримжаатай байх үндэслэлүүдийг гаргаж тавьж байсан нь харагдаж байна.
Харин АИХ үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байсан депутадуудын нийтлэг үндэслэлүүдийг дурдвал:
1/ Шилжилтийн үед Монголчуудад хатуу гар хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн хүнд байдлаас гаргахад тустай 2/ Тухайн үед нийгмийн дэг журам алдагдаж, гэмт хэрэг газар авч эмх замбараагүй байдал үүсэх болсон. Үүнийг зохицуулахад хатуу гар хэрэгтэй. 3/ Ард түмэн соёлгүй, бүдүүлэг байгаа учраас Ерөнхийлөгч буюу нэг хүний хатуу гар хэрэгтэй. 4/ Парламентын засаглалыг хүлээн авахад нийгмийн сэтгэл зүйн бэлтгэл бүрэн биш байна. УИХ-ын 76 гишүүн гарч ирснээр 76 гишүүний дунд Монгол Улс удирдлагагүй болно. 5/ Монгол Улсын төрт ёсны 2200 жилийн түүхэнд 2124 жилд хаант засагтай байсан. Үүнээс 3 жилд нь хэмжээт эрхт хаант засагтай байсан. Өөрөөр хэлбэл бидэнд хаант засгийн буюу нэг хатуу гарын засаглал тогтож байсан уламжлал тогтсон зэрэг үндэслэлүүдийг гаргаж тавьж байсан байна.
Үүнээс үзэхэд зарим депутатууд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байсан нь тухайн нөхцөл байдал буюу эдийн засгийн хүнд нөхцөл байдал, нийгмийн эмх замбараагүй байдал, дэг журам сул, тухайн үеийн иргэдийн сэтгэл зүйн байдалтай холбон дэмжиж байсан нь харагдаж байна.
Үүнээс үүдэн хуралдаанд оролцсон талуудын үзэл бодлын зөрчилдөөн, маргааныг таслах үүднээс Ерөнхийлөгч П.Очирбат дараахь горимын саналыг дэвшүүлжээ.
Бидний энэ өөрчлөлт шинэчлэлтийг тавьсан зорилтын гол агуулга юу билээ? Монголд ардчиллыг хөгжүүлье гэсэн. Үүнийг дэлхийн олон орон дэмжсэн. Тэгэхээр аливаа засаглалын хэлбэрт өөрт нь амьдрах орчин, орон зай, цаг хугацаа байна. Өнөөдөр ийм зорилт тавьсан нийгэмд Ерөнхийлөгчийн засаглал оршин тогтнох нөхцөл алга байна. Сая хүмүүсийн ярьснаар 2000 гаруй жил, сүүлийн 70 жил энэ хэдэн хүнд л /Чойбалсан, Цэдэнбал /дарлуулсан. Одоо л нэг эрх чөлөөгөө олж авах гэж байгаа гэж яриагүй бил үү. Тэгээд яагаад эргээд бас дараа нь “Х”, “У” гарч ирээд биднийг дарлаад өг гээд байгаа бил ээ. Ингээд миний санал юу вэ гэхээр энэ төслийн 20 дугаар зүйлийн 2-ыг хасъя гэсэн санал байна. Цаашдаа “парламентын” гэж тунхаглахгүйгээр парламентын засаглалаа тогтооё. Зүгээр ингээд эрхээ хуваарилсаар явтал чинь аяндаа парламентын улс гээд тогтоод гараад ирнэ. Асуудлыг ингэж шийдвэр яасан юм бэ?
Ийнхүү Ерөнхийлөгч болон Ардын Их Хурлын зарим депутатын санал гаргасны дагуу 20 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг хасъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон депутатуудаас 276 депутат буюу 75 хувь нь уг заалтыг хасъя гэсэн санал гаргажээ.
Ийнхүү “Ерөнхийлөгчийн засаглалтай улс мөн” гэсэн томьёолол үндсэн хуулийн төслөөс хасагдаж дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл парламентын засаглалыг цаашид хэвээр үлдээхээр саналд нэгдсэн нь харагдаж байна.
Үүнээс үзвэл дээрх протоколд тэмдэглэснээр Ардын Их Хурлын төлөөлөгчид Ерөнхийлөгчийн засаглал болон Парламентын засаглалын аль нь чухамдаа үр нөлөөтэй байх талаар талуудын байр суурь хуваагдмал байсан харагдаж байна. Хэдий тийм боловч Монгол Улсад цаашид Ерөнхийлөгчийн засаглал байх нь цаашид дарангуйлалд хүргэх эрсдэлтэй гэж үзэж цаашид Парламентын засаглалыг дэмжиж байсан нь харагдаж байна. Гэсэн хэдий боловч тухайн үед маргааны гол сэдэв болж байсан Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай байх эсэх тухай маргаан албан болон албан бусаар өнөөдрийг хүртэл маргааны гол сэдэв байсаар байгаа болох нь харагдаж байна.
2/ 1992 онд батлагдсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгасан байдал:
1992 онд баталсан Үндсэн хуульд тодорхойлсноор, “Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тусгасан. Энэхүү үүргийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тухайн намын гишүүнчлэлээс түдгэлзэх шаардлагыг хуульчилсан байдаг. Үүнээс үзвэл Үндсэн хуулийн үзэл баримтлалын хувьд Ерөнхийлөгч бол аливаа улс төрийн болон бусад хямралын үед улс төрийн нам, фракцыг хооронд нь эвлэрүүлэх үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдаж байна.
Нөгөөтээгүүр Үндсэн хуульд тусгаснаар Ерөнхийлөгч гадаад бодлого хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хуульд хориг тавих, хууль санаачлах, эрх хэмжээнийхээ асуудлаар зарлиг гаргах, зарим албан тушаалтнуудыг томилох бүрэн эрхтэй. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгч Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ба Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцох, онц болон дайны байдал зарлах эрхтэй.
Үүнээс харахад “Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэх буюу бэлгэдлийн шинж чанартай бус хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэмээр эрх мэдэлтэй болох нь харагдаж байна. Энэ нь Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх, хууль санаачлах, хуульд хориг тавих, албан тушаалтнуудыг томилоход оролцох гэх мэт бүрэн эрхийг нэмж олгосноор илэрч байна.
Эдгээр бүрэн эрхээс үе үеийн Ерөнхийлөгчид томилгоо хийх бүрэн эрхээр дамжуулан сүүлийн жилүүдэд шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтныг томилох замаар эрх мэдлээ нэмэгдүүлж байна. Энэ нь Ерөнхийлөгчөөс хууль сахиулах, шүүх эрх мэдлийг хараат болгох эрсдэлийг бий болгож байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргыг нэр дэвшүүлэх, энэ ажиллагаанд хяналт тавих, прокурорын байгууллагын дээд удирдлагыг томилох, шүүгчдийг томилох, шүүгчдийг нэр дэвшүүлдэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг томилох. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөс хууль сахиулах, шүүх эрх мэдэл хараат байдалд орсныг харуулж байна.
Эрх мэдлийн энэ төвлөрөл бий болсноор дээр дурдсанлан “Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” бус харин эсрэгээрээ дургүй улс төрчдөө намнадаг, шийтгэдэг, иргэдийн эрхийг булаадаг, хэнд ч захирагддаггүй дарангуйлагч болгох эрсдэлийг үүсгэж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж тусгасантай холбоотой. Энэхүү заалтыг ашиглан үе үеийн Ерөнхийлөгч өөрсдийн бүрэн эрхээ хууль батлуулах замаар нэмэгдүүлж ирсэн байдаг.
Улсын Их Хурлын тамгын газрын гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын 50 орчим хуульд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалтыг тусгажээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох; Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох; Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг Төрийн тэргүүнд тус тус хуулиар олгосон.
Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-өөр дамжуулан шүүх, хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх гэх мэтээр үе үеийн Ерөнхийлөгч нар эрх мэдлээ нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, 2019 онд Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаснаар Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах боломж бүрдсэн.
Энэ хуулиар хариуцлага алдсан шүүгч, бусад албан тушаалтныг түдгэлзүүлж болох ч шударгаар, хараат бусаар ажиллаж буй шүүгчид “хэлмэгдэх,” үүнийг урвуулан ашиглаж нөлөөлөх эрсдэл үүссэн талаар судлаачид шүүмжлэх болсон. Тухайлбал, Доктор О.Мөнхсайхан: 1992 онд Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн томилдог байдаг бол одоо тэднийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, хариуцлага тооцоход нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болчихжээ. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмээд өгчихсөн нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг ноцтой алдагдуулах болсон гэж шүүмжилсэн.
Үүнээс үзэхэд цаашдаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийхгүй бол Монгол Улс албан бус дарангуйллын орон болоход ойрхон болсон нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн бие даасан, хараат бус шүүхийг хамгаалах үүднээс шүүхийг Ерөнхийлөгчийн савраас гаргах шаардлагатай болох нь харагдаж байна.
3/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэр бүхий гишүүдээс өргөн баригдсан төсөлд нийт 4 багц асуудлын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр өргөн барьсан байна. Үүнээс “Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийн хэсэгт дараахь асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал,
- Шүүгчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалзах. Мөн Ерөнхийлөгч шүүгчийг томилоогүй бол үндэслэлээ нийтэд заавал тайлбарлах.
- Шүүгчийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилж 10 гишүүнээс бүрдэх, тэдгээрийн тавыг нь шүүгчид дотроосоо, тавыг нь мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хуульчдаас Улсын Их Хурлаас сонгох, томилгооны сонсгол хийх.
- Ёс зүйн хороог өргөтгөн Шүүгчийн хариуцлагын зөвлөл болгож тэдгээрийн бүрэлдэхүүн, томилогдох журмыг мөн өөрчилж, 9 гишүүнээс бүрдэх, тэдгээрт шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, иргэдийн төлөөлөл байх.
Энэхүү өргөн баригдсан 4 багц асуудлаас Ерөнхийлөгч өөрт шууд хамааралтай асуудал болох “Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийн хэсгийг хасах санал оруулсан. Энэ нь Ерөнхийлөгчөөс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд “халдаж” байгаа явдлыг зогсооход чиглэсэн өөрчлөлтийг дэмжихгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч цаашдаа шүүхэд нөлөөтэй байдлаа хадгалж үлдэх сонирхолтой болохыг илэрхийлж байна.
Судлаачийн хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн баригдсан төсөлд /2019.06.06/ тусгасан шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангахтай холбоотой өөрчлөлтийг дэмжиж байгаа бөгөөд энэ төслийг баталснаар цаашид дараахь ач холбогдолтой гэж үзэж байна.
- Одоогийн зохицуулалтаар ШЕЗ-ийн гишүүнийг гурван шатны шүүгчдийн зөвлөгөөн, Хуульчдын холбоо, Хууль зүйн сайдаас нэр дэвшүүлж байгаа ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог. 2013 оноос өмнө өөр өөр байгууллагаас өөрсдийн төлөөлөгчөө томилох эсхүл албан тушаалаараа ШЕЗ-д ордог байсан бол 2013 оноос хойш Ерөнхийлөгч бүх гишүүдийг томилох эцсийн шийдвэрийг гаргах болсон нь ШЕЗ-ийг түүнээс хараат болгох эрсдэлийг дагуулаад зогсохгүй ШЕЗ шүүгчдийн төлөөллийн байгууллага байх шинжийг сулруулж болзошгүй байгаа. Иймээс ШЕЗ-д Ерөнхийлөгчийн нөлөө хэт нөлөөтэй байгаа байдлыг сулруулах ач холбогдолтой.
- ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг ердийн хуулиар удаа дараа өөрчилж ирсэн нь тус зөвлөлийн ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг алдагдуулсан төдийгүй үүгээр дамжуулан шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг үүсгэж ирсэн.
Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх талаар Үндсэн хуульд заагаагүй нь УИХ-ын олонхын зүгээс шүүхийн бие даасан байдалд халдах эрсдлийг бий болгосон. Нөгөөтэйгүүр уг зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, томилох журмыг хуулиар дөрвөн удаа өөрчилж, 1993-1996 онд Дээд шүүхийн, 1996-2002 онд Хууль зүйн сайдын, 2002-2013 онд Дээд шүүхийн, 2013 оноос Ерөнхийлөгчийн хэт нөлөө ШЕЗ-д орох эрсдэлтэй байхаар зохицуулж ирсэн. Ийнхүү ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг ердийн хуулиар удаа дараа өөрчилж ирсэн нь тус зөвлөлийн ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг алдагдуулсан төдийгүй үүгээр дамжуулан шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг үүсгэж ирсэн. Иймээс Үндсэн хуульд ШЕЗ-ийн бүтэц бүрэлдэхүүний тодорхой тусгах, томилгооны сонсгол хийх нь цаашид Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлаас ШЕЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх замаар шүүхийн хараат бус байдалд халдах явдлаас сэргийлнэ.
- Шүүгчийн ёс зүйн зөрчил үйлдсэн шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх чиг үүрэгтэй Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилдог. Тус хорооны есөн гишүүний гурвыг Хуульчдын холбоо, гурвыг шат шатны шүүгчид, гурвыг хууль зүйн яам нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Eрөнхийлөгч зарим талаар үзэмжээрээ томилохоос татгалзах явдал гарсан. Мөн тус хорооны гишүүд даргаа дотроосоо нэр дэвшүүлдэг ч Ерөнхийлөгч томилоогүйгээс болж тус хороо бүтэн жил даргагүй байсан тохиолдол гарсан. Мөн Шүүхийн ёс зүйн хороо eсөн гишүүнтэй байхаар хуульд тусгасан боловч холбогдох томилгоо хийгдэхгүй байгаагаас одоо дөрвөн гишүүнтэйгээр ажиллаж, нийт гишүүний хурлаа хийх боломжгүй болоод байгаа. Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлж буй байдлыг хязгаарлах шаардлагатай болох нь харагдаж байна. Ингээд дээр судлагдсан асуудлуудтай холбогдуулан дараахь санал, дүгнэлтийг хийж байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байсан хурлын тэмдэглэл болон Үндсэн хуулийн үзэл баримтлалаас үзвэл Монгол Улс нь Парламентын засаглалтай улс болох нь харагдаж байна.
- Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүрэг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа 50 гаруй хуульд нэмэгдэж ирсэн байна. Энэ нь парламентын засаглалыг бүдгэрүүлж, улмаар цаашид Ерөнхийлөгчийн дарангуйлалд шилжих эрсдэл ойрхон байгааг харуулж байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж тусгасан. Энэхүү заалтыг ашиглан үе үеийн ерөнхийлөгчийн бүрэн эрх нэмэгдэж, улмаар Ерөнхийлөгчийн албан бус дарангуйлалд хүргэх эрсдэлийг үүсгэж байна. Иймд энэхүү заалтыг хууль тогтоогчид хязгаартай хүрээнд хэрэглэх шаардлага тулгарч байна.
- Одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийг хийхээр тусгасан. Үүнийг хувь судлаачийн хувьд дэмжиж байгаа бөгөөд энэ нь цаашид шүүхийн хараат бус байдалд тулгарч байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хуульч, судлаач Ж.Алтансүх