Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хууль зүйн яам Хондурас улсын засгийн газар бүхэлдээ хар тамхины гэмт хэргийн хамсаатан болсныг зарлажээ.
Нью Йоркийн прокуророос гаргасан 49 хуудас бичиг баримтад Хондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесыг өөрийн дүү Хуан Антонио Эрнандес, ерөнхийлөгч асан Порфирио Лобо нартай хамтран “хар тамхины наймаанаас олсон ашгийг эрх мэдлээ хадгалахад зориулдаг” гэж дүгнэсэн байна.
АНУ нь Өмнөд Америкаас өөрийн газар нутагт ирэх кокайны урсгалыг зогсоохын тулд Эрнандесын засгийн газартай хамтран ажиллаж, олон саяын тусламж үзүүлдэг. Тэгвэл дээрх дүгнэлт гарсны дараа Хондурасд үзүүлдэг тусламжаа зогсоох магадлалтай болжээ.
Эрнандес нь 2013 онд ерөнхийлөгч болохдоо хар тамхины наймаанаас олсон $1.5 саяар сонгуулийн ажиллагаагаа санхүүжүүлж байсныг АНУ-ын прокурорууд тогтоосон байна.
Уг мөнгийг тэр хар тамхины гэмт бүлэглэлүүдээс авлига, бэлэг хэлбэрээр авч байжээ. Тэрээр 2017 онд дахин сонгогдож ерөнхийлөгч болсон юм. Тухайн үед сонгуулийн луйвартай холбоотой маргаан дэгдэж байжээ.
Эрнандесыг ерөнхийлөгч болгосон хүн, гол зөвлөгч гэгддэг өмнөх ерөнхийлөгч Порфирио Лобо мөн хар тамхины наймаачдаас олон саяыг авлигад авч байсан гэнэ.
Лобогийн гэргий 2018 онд улсын төсвөөс $700,000-ыг завшсан хэргээр баривчлагдаж байжээ. Лобогийн хүү Фабио хар тамхи наймаалсан хэргээр АНУ-ын шоронд 24 жил хоригдох ялаар 2017 онд шийтгүүлж байв.
Ерөнхийлөгч Эрнандесын дүү Антонио Эрнандес нь 2018 онд олон мянган килограм кокайн АНУ руу нэвтрүүлсэн хэргээр Майамид баривчлагдсан юм.
Антонио Эрнандес хар тамхины ертөнцийн хоёр өрсөлдөгчөө захиалан алуулж байсныг АНУ-ын прокурорын дүгнэлтэд дурджээ.
Нэг аллагыг нь тэр Хондурасын үндэсний цагдаагийн газрын офицероор гүйцэтгүүлж, дараа нь түүнийг цагдаагийн газрын даргаар томилж байсан гэнэ.
Антонио 2014 онд Хондурасын парламентын гишүүн болж, АНУ руу шилжүүлэгдэхээс нэг удаа аврагдаж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Р.ТӨМӨР, IKON.MN