“Танай, манай хүн” гэх хэрүүлийн алим болсон Б.Баттүшиг нь хар тамхины Блэк Морган бүлэглэлд элссэн байжээ

Хар тамхины хэргээр Германы цагдаа нарт баригдсан дипломат албаны хоёр нөхрийн дуулианаар улс төрийн хүрээллийнхний дунд танай хар тамхичин, манай хар тамхичид гэх янзтай бас нэг хөгийн хэрүүл өрнөж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан дипломатуудын хар тамхины хэргийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлсэн хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Ц.Элбэгдорж нь хар тамхины бүлэглэлтэй холбоотой байжээ. Тэгтэл бас зарим хэвлэл, цахим хуудсуудаар Германы шоронд хоригдож буй Туркийн Станбул дахь дэд консул асан Б.Баттүшиг болон түүний ойрын хүмүүсийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “тавиулууд” хэмээн бичиж байна. Тухайлбал, Б.Баттүшигийн төрсөн дүү Б.Баттуяа, Сүхбаатар  дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, түүний нөхөр  Б.Баярмагнай, ГХЯ-ны газрын дарга, түүний ах Б.Баярсайхан нар нь Х.Тэмүүжингийн гэр бүлийн найзууд байсан юм гэнэ. Тэгвэл Х.Тэмүүжинг анх Ц.Элбэгдорж  тал бүрээр дэмжиж улс төрд оруулаад, дараа нь Хууль зүйн сайд болоход ихээхэн нөлөөлсөн юм билээ.  Иймд тэднийг нэг гал тогооныхон гэж болохоор ч юм шиг. Тэгээд бүр дипломатуудын хар тамхины бүлэглэлүүд Европын улс орнуудаар цэцэглэн хөгжих хөрс суурийг тавьсан хүмүүс болж таарав бололтой.
Гэхдээ дээрх схем нь ихээхэн эргэлзээтэй. Бас оргүй худал зүйл болов уу. Яагаад гэхээр Монголын дипломатууд Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болохоос өмнө хар, бор тамхины конторбандын хэрэгт арав хориороо холбогдож байжээ. Энд ганцхан жишээ татахад 2005 оны гуравдугаар сард Болгар дахь ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал нь дипломат дугаартай машинаар 120 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад баригдаж ял сонссон байлаа. Тухайн үеийн ханшаар энэ нь Европын хар тамхины далд наймааны зах зээлд 23 сая ам.доллар хүрч байжээ.
Нөгөөтэйгүүр Туркээс жолооч С.Эрдэнэбаярынхаа хамт 70 кг хар тамхи тээвэрлэж явсан дэд консул Б.Баттүшиг болон түүний дээрх ах дүү нар цөмөөрөө МАН-ын угшилтай хүмүүс юм байна.  Тодруулбал, ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын ойр дотнын хүн ажээ. Д.Цогтбаатарыг 2008-2012 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Б.Баярсайхан нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм байна. Мөн Д.Цогтбаатарыг 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд байх үед Б.Баярсайхан нь тэнд бас Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хийгээд цохиж явсан байх юм. Түүнчлэн Б.Баттүшигийн дүү Б.Баттуяа, түүний нөхөр  Б.Баярмагнай, түүний ах Б.Баярсайхан нар нь цөмөөрөө МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн байжээ.
Б.Баттүшиг нь 2000 оноос Европын орнуудад  хүчтэй тархсан хар тамхины Блэк Морган бүлэглэлд элсэж, урьд нь тав зургаан удаа хар тамхи тээвэрлэж явсан байна. Блэк Морган бүлэглэлд өмнө нь манай дипломатуудаас Д.Шатарбал нарын зэрэг хэд хэдэн хүн элссэн байв. Харин сүүлийн өдрүүдэд дарга нар дипломат албаны хар, бор тамхичдаасаа 36 хүнийг ил тод зарлах  сургаар тийнхүү танай, манай намын хар тамхины бүлэглэлийнхэн хэмээн нэг хэсэгтээ л худал үнэнийг хольж хутган баахан шуугилдах  ажээ.
О.Баяр
Шуурхай.мн


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан