“Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд чанар стандартыг мөрдөх” сургалт боллоо


“Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд чанар стандартыг мөрдөх” сэдэвт технологийн сургалтыг Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн, Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслөөс зохион байгууллаа. Арьс шир боловсруулах дотоодын үйлдвэрүүдийн технологич, мэргэжилтнүүдэд бусад орны боловсруулах технологийн тухай мэдээлэл өгөх, өөрсдийн үйлдвэрлэлд тохирох технологийг тусгаж авч нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломж бий болгох, арьс шир боловсруулах технологийн нэг хэсэг болох арьс ширний тоног төхөөрөмжүүд, арьс ширний химийн бодисуудын үйлдвэрлэлд хэрэглэх арга ажиллагааны чиглэлээр энэхүү сургалт мэдлэг олгох зорилготой юм.
Энэхүү сургалтад "Хөдөө аж ахуй Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн явцын тайлан" сэдвээр төслийн зохицуулагч Т.Энхжаргал, "Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт төрөөс баримтлах бодлого" сэдвээр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, "Арьс ширний химийн боловсруулалтын технологи болон химийн материалуудыг үйлдвэрлэлд ашиглах арга техник" сэдвээр арьс ширний технологич С.Оюунсүрэн, "Арьс ширний өнгө заслын процесс дахь Турк улсын технологийн туршлага болон хэрэглэгддэг химийн материалуудын тухай ерөнхий ойлголт, шинж чанар, тоног төхөөрөмжүүд" сэдвээр Туркийн арьс ширний технологич Ахмет Капижи, "Арьс шир үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болон арьс ширний механик боловсруулалт", "Боловсруулсан арьс ширний төрлүүд болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол" сэдвээр "Монгол Шевро ХК"-ны технологич инженер Б.Баттүшиг, "Байгал орчинд ээлтэй арьс боловсруулах сүүлийн үеийн технологийн шийдлүүд" сэдвээр ХҮСХХ-ийн захирал Т.Төрмөнх, "Арьс ширний үйлдвэрлэлийн хог хаягдал тэдгээрийг багасгах бодит боломжууд", "Дотоодын арьс ширний химийн бодисын зах зээлийн өнөөгийн байдал" сэдвээр арьс ширний технологич Н.Мягмаржав нар тус тус илтгэл тавьсан юм.
Мөн Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно корпораци, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мон Ирээдүй ХХК, Түмэн шир ХХК, Арилдий ХХК-ны аж ахуй нэгжийн технологичид, их дээд сургуулиуд, эрдэм, шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Энэхүү сургалт нь байгаль орчинд ээлтэй арьс шир боловсруулах технологийн шийдлүүд, өнгө засалгааны технологи зэрэг чухал сэдвүүдийг хамарч үйлдвэрлэгчдэд мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан