Путин хаанаас, хэрхэн баяжив?

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ойрын хүрээллийнхний хувийн хөрөнгө санхүүгийн мэдээллийг цуглуулах, хянах эрх үүргийг Америкийн тагнуулд олгох хуулийн төслийг  хоёрдугаар сарын 27-ны өдөр өргөн барьсан юм. 
Энэхүү төслийн зохиогчид болох Төлөөлөгчдийн танхимын гишүүд Вал Демингс болон Элис Стефанинк нарын онцолсноор өнөөгийн Оросын удирдлагууд эрх мэдлээ тогтоон барьж, бусад ардчилсан дэглэмийн хүчийг сулруулахын тулд авилга ашигладаг гэнэ. Тиймээс “Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн эрх мэдэл рүү довтлох шилдэг арга нь тэдгээрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг хууль бус, нууц санхүүгийн эх үүсвэрийг шалгах явдал юм”гэж Демингс мэдэгджээ. Энэхүү баримт бичиг нь Оросын Ерөнхийлөгч хэрхэн баяжсныг тогтоохын зэрэгцээ олигархиудаас хэн нь “авлигын сүлжээг” тэтгэж байгааг тодруулах гэнэ. Хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим дэмжсэн бөгөөд одоо Сенатаар хэлэлцэгдэх юм байна. Фрейдзон: Гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилласнаар Путин баяжиж эхлэсэн 
“Радио Свобода” хэвлэл Оросын эрх баригчдын баяжсан хэдэн схемийг нээлттэй эх сурвалжаас цуглуулсан бөгөөд Кремлийн эзэн болон түүний ойрын хүрээлэгчдийн баялаг хууль бус замаар олдсон гэж дүгнэсэн байна. 2019 оны гуравдугаар сард “Полиграф” төсөл Путины эд хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулан нийтлэхдээ албан ёсны мэдүүлэгт Оросын Ерөнхийлөгч жилд ердөө 112 мянган доллар олдог, харин түүний 13 дансанд нийтдээ 214 мянган ам.доллар байгаа гэж мэдүүлснийг сануулж байв. Ийнхүү мэдээлэхдээ, “дарга ” нь ийм “бага” орлоготой гэж мэдүүлсэн ч хэвлэлийн төлөөлөгч нь болох  Дмитрий Песковын гарт 600 мянган ам.долларын цаг байгаа гэдгийг онцолж байлаа. Путины эд хөрөнгийг өнөөдөр л гэнэт сонирхоод эхэлчихээгүй. Аль 2007 онд Оросын нэрт нийтлэлч Станислав Белковский Путины  хөрөнгө 40 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж байлаа. Түүнчлэн Путин  “Сургутнефтегаз” гэх газрын тос хийн компанийн 37 хувийг нууцаар эзэмшдэг, Газпромын 4,5,Gunvor компанийн 75%-ийг эзэмшдэг хэмээн  мэдээлж байв. АНУ-ын Тагнуулын ерөнхий газар судалж үзэхэд энэ мэдээлэл батлагджээ. Харин 2012 онд Путины эд хөрөнгө 70 тэрбум ам.доллар болтлоо өссөн байх магадлалтай гэж Белковский таамаглаж байв.  Мөн онд сөрөг хүчний гол тэргүүлэгч гэгддэг байсан Борис Немцов Путины хөрөнгийн талаар илтгэл нийтлэсэн бөгөөд энэ илтгэлд Владимир Путиныг 20 ордон, виллатай, 43 онгоц, төрөл бүрийн усан онгоцтой, мөн үнэтэй бугуйн цагнуудын бүхэл бүтэн цуглуулгатай хэмээжээ. 2017 онд АНУ-ын Сенатын хорооны сонсгол дээр  Уильям Браудер мэдэгдэл хийхдээ 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Владимир Путин дэлхийн хамгийн баян хүн хэмээн онцолж байв. Путины эд хөрөнгийн талаар 2014 онд Хүний эрхийн сангийн тэргүүн Гарри Каспаров тун анхаарал татахуйц мэдэгдэл хийж байлаа. Түүний мэдэгдснээр Путины хөрөнгө хилийн чанадад нууцлагдсан байдаг бөгөөд үүнийг нь илчлэхэд тун хүнд гэнэ. Харин Оросын төрийн өмчийн “Газпром” компанитай шүүхдэлцэж байсан, ерээд онд оросуудтай бизнесийн хамтрагч байсан Израилийн бизнесмен Максим Фрейдзон 2015 онд мэдэгдэл хийхдээ Владимир Путиныг илчлэн, түүнийг 90-ээд оны эхэн үеэс хөрөнгөө хуримтлуулж эхлэсэн бөгөөд тухайн үед гэмт хэргийн бүлэглэлүүдтэй “нөхөрлөх” болсон гэжээ. Тодруулбал, 90-ээд оны эхээр бизнесмен Фрейдзон Петербург хотод цэцэглэж байсан бизнесмен, дээрэмчид болон хотын захиргааны албан тушаалтнуудын бүлэглэлтэй танилцжээ. Энэ бүлэглэлд тухайн үед хотын захиргааны гадаад харилцааны хорооны дарга байсан Владимир Путин багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг байж. Чухамхүү энэ л жилүүдэд Путины найзууд хөрөнгөжих эхлэлээ тавьжээ. Тухайн үед түүний хүрээлэлд байсан хүмүүс бараг бүгдээрээ өнөөдөр Оросын улс төр, бизнесд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Максим Фрейдзон “Радио Свобода”-д ярилцлага өгөхдөө тухайн үед Путин Петербургийн үл хөдлөх хөрөнгүүдийг бизнесийнхэнд шилжүүлэн, ашигтай төслөөс хувь нэхдэг байсан аж. “Гэмт хэрэгтнүүд Путинээс тусгай зөвшөөрөл зэрэг төрөл бүрийн тусламж авдаг байсны дээр гэмт хэрэгтнүүдээс хэн нэгэн баривчлагдвал хотын эрх баригчид тэдэнд тусладаг байсан” гэж Фрейдзон ярьжээ.Мөн тэрбээр Владимир Путинд хоёр ч удаа авлига өгсөн бөгөөд ирээдүйн ерөнхийлөгч тухайн үед өнөөгийнхтэй харьцуулахад шалихгүй гэгдэх 20 мянган ам.долларын авлига авсан гэнэ. 
Түүнчлэн Фрейдзоны өгүүлснээр дээрмийн Петербургт Путин гэмт хэргийн бүлэглэлийнхэнд дэмжлэг үзүүлснээр хар тамхины наймааны томоохон бүлгийн суурийг тавьсан гэнэ. Мөн өдгөө Орост амжилттай яваа бүхий л компаниуд Путины дэглэмийн ивээдэг газрууд, ямар нэг таагүй хэрэгт унахгүй тулд тэднээс холхон байсан нь дээр гэж Максим Фрейдзон ярьжээ.

Г.Бямбасүрэн 
Эх сурвалж: shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан