Цагаан хэрээ болж гуагласан улс төрчид өө…?!? (хэрээ зөвхөн хар байдаг)
Та нарт хэдэн үг хэлж цагаан болдоггүй юмаа гэхэд цайрах боломж буй гэдгийг дуулгая. Гэхдээ гэмтнүүдийг цагаатгах ямар ч арга байхгүй… хайгаад ч олдохгүй л дээ… Улс төр, эдийн засгийн одоогийн балчгаас гарах арга зам байгааг нотод толилуулъя. Хэтийдсэн тэнэглэлд торлогдож, марксист философиор цэнэглэгдсэн ухаан чинь сэхээрэх шинж алга. Арга ч үгүй юм даа, бүхэл бүтэн нэгэн ерэнд нухлуулсан хойно…
1914 оноос өмнө эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д ард иргэддээ татвар бараг оногдуулахгүй, бизнесийг зөнд нь байлгаж үзсэн үйл явц хөгжил цэцэглэл бадруулж, баялаг бүтээгчид урамтай амьдрах боломж бүрдсэн, хүний эрх, өмчлөх эрхийг хамгаалсан капитализмийн гал голомт үүсэж байсан хэдий ч дэлхийн дайн дэгдэж дажинд нь төр данхайж, капитализмийн мөн чанар, философи дайны уршгаар намнагдсан түүхтэй юм билээ. Хүний эрхийг суурь үнэ цэнээр нь байлгах ганц зам нь капитализм мөнөөс мөн гэдгийг бүхий л талаас нь шинжилж, дэлхийн суутнуудын судалгаа, оношлолыг хооронд нь харьцуулж, нягталж, зөв бурууг нь ялгаж, тунгааж, обьективизмийг нотолсон, бас баталсан, нээсэн хүн бол Айн Рэйнд юм байна. Түүний “Амьд хүмүүс”, “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв” зэрэг романыг олон хүн уншаасай гэж хүсэх байна. Тархиндаа илүү тунгалаг ухаан нэмээд хүн бүхэн өөрийгөө хэн бэ, ертөнцийн альхан талд нь ергүүлж явна вэ, ямар үзлийн эзэн бэ гэдгээ олж, бас өөрийгөө нээх, таних болно шүү. Үнэнтэй нүүр тул. А бол А, Б бол Б гэдгээс хазайвал балардаг юм байна гэдгийг мэдээд авчих. Альтруистуудын цасан болон шороон шамрага нүд нээх боломж өгөхгүй нүдэж байгаа өнөө үед аливаад хандахдаа, юмс үзэгдлийг шинжихдээ рациональ уялдаа холбоотой философи гаргалгааг логикоор тайлж, капитализмыг улс орондоо жинхэнэ зарчмаар нь, ёс зүйгээр нь байгуулъя. Инээмсэглэсэн альтруист, иррационалист, буянтай царайлсан үзэл санаанаас ангижраагүй цагт гай зовлон, ядуурал зүдүүрэл арилахгүй. Хүн бүр өөрийнхөө төлөө, өөртөө буй боломж, авьяас чадвараа нээж, сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хаана хаанаа хариуцлага хүлээх чадвартай байж, хэн хэндээ хал балгүй цэвэр гэрээ хэлцлийн эрхэм соёлд суралцаж, өөрийгөө хөгжүүлвэл бусад нь хөгжинө, үндэстэн урагшилна. Энэ нь зөвхөн үнэн, зөв чөлөөт өрсөлдөөн байх учиртай.
- Төрд өмч үлдээлгүй нээлттэй, үнэн зөв хувьчлах
- Төр цомхон бүтэцтэй, чадварлаг байх
- Төр аливаа ажил үйлсэд бизнест үл оролцох
- Улс төрөөс эдийн засгийг бүрмөсөн салгах
- Олон шидийн халамж, дарамт, хүнд суртлыг устгах үйл явц нь өрсөлдөөнийг нээлттэй болгоно.
Капитализм нь сэхээрсэн хариуцлагын тогтолцоо учраас хүний эрх, өмчийн эрхийг тууштай хамгаалдаг. Онцгой идэвхтэй, үр дүнтэй хүмүүнд ашгийн төлөө ажиллах бололцоог нээдгээрээ бусад измүүдээс эрс ялгаатай, өгөөжтэй тогтолцоо юм. Өнөөдөр манайд бусдын төлөө амьдрах үзэгдэл хэт нэвширсэн учраас газар сайгүй, бүхий л салбарт аюулын харанга дэлдсээр байна. Тэр нь дандаа зохиомол, загварчилсан төдий шүү.
Өөрийгөө бусдын төлөө золих, бусдыг өөрийнхөө өмнөөс золиослох буюу золиослуулах балмад үзэл санаа бол үхмэл философи юм. Ер гаран жил энэ философид талхлагдсанаа санаач. Гай зовлон, үхэл хагацал, хэлмэгдэл долмогдол… Бод доо… Сайн бод… Сайтар эргэцүүл. Талцал, хуваагдал, хэт үндэсний үзэл энэ бүхэн чинь альтуризмын гинжинд гавлагдаад байгаагийн гай шүү… Таминь ээ… Сэрээч, ухаараач. Өөртөө хайртай байгаач гэж монгол хүн бүрт чанга хэлье.
Иррационалист Дүвчинмэжидбалбийгомбо зайран, Долдой, Боролдой, Ёроо, Ёмбоо, Сүмбээ нар “Зэрэг нэмэх” санаатай шаагиулж, “Алтан өргөө” барина гэж учраа олохгүй яваагаа олж байна гэж, ухаарч сэхээрэхгүй байгаагаа мэдэхгүй, ямар ч логик сэтгэлгээгүй хар муйхраар зүтгэж, энд тэнд ямар нэгэн юмны шав тавьсаар… Тууз хайчилж, хайчныхаа ирийг мохоосоор… Ер нь өмнөх альтуристууд ч нэлээн олон газар цай, хадаг, булсан шүү!!! Чааваас!!!
Алийн болгон төрийн гар харж, айж эмээж, хэмлэлдэж, бэлэнчлэх сэтгэлгээндээ аргамжаатай байх билээ. Залхуураасаа салж, сэтгэж, ажиллаж, өөртөө хайртай бай. Тэгж байж хайрын тухай үнэн ойлголттой болно. Хайранд хандах философи чинь үнэ цэнээ өгнө. Өнгөрсөн, одоо, ирээдүй энэ гурван цаг бол хүмүүний түүхэн он жилийн мөр.
- Өнгөрсөн нийгэм буюу улирсан он жилүүдэд бид ямар байв? Яаж шуухан амьдарч, амь зуухчаа болж байв?
- Эрх чөлөөтэй, өмчтэй, эд бараатай байсан уу? Өмсөж зүүх, идэж уухаар элбэг байсан уу? Дэлхийн аль ч өнцөг рүү хэн дуртайтайгаа нүүр нүүрээ хараад нэг газар уулзаж байгаа юм шиг асар богино хугацаанд учирч байсан уу? Бод… Бод… Бод… Сайн бод.
- Ирээдүйг төсөөлж, мөрөөдөлдөө хүрэх замаа тодорхойл. Бидэнд байгаа, буй болсон, сайн сайхан бүхнийг бизнесмэнүүд бүтээсэн юм шүү…
Төр сайн менежер гэх андуурал, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн хөрөнгөөр амиа авч явдаг, давуу эрх, дархан хамгаалалттай төрөөр угжуулагчид зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг боомилж, авлигыг өөхшүүлж байгаа юм. Зөв ёс суртахуун, чанд хариуцлага, рациональ зарчмын эсрэг альтуристууд амь дүйн тэмцэлдэж байдаг юм. Жишээ нь, байгалийн баялгийг мэдээлэлд ойр байдаг гуаглагчид л эрх ашгаараа нэгдэн, зөвлөх нэртэй ховлохуудаа, туслах нэртэй услахуудаа гар хөлийнхөө үзүүрт зарцалж тонуул хийдэг юм. Тэгсэн хэрнээ байгалийн баялаг бол ард түмний өмч гэж гонгинолдохыг нь яана. Өөрийгөө ороосон орооцолдооноос гарах гэж атрилдаж байгаа, орондоо “зүүдэндээ” хууль засдаг, орон улсыг шоронжуулагч, багшийнхаа хүүг хэлмэгдүүлэгч, өөрийнхөө хүүг аврагч цагаан хэрээ бол жинхэнэ альтруист болой...
…Хэрээ хэрээнийхээ зүг ниснэ…
Догмидын Сосорбарам 2019.05.12 Токио