“Ганцаардсан чоно” хочит зохиолч Хонхэрэйдийн Б.Энхбат ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаад гарч ирээд гурван жил болж байна.
Хүн амины хэргээр гянданд таван жил хоригдоод дэглэм буурч дээрх ангид шилжин ирж хүмүүжиж байгаад эрх чөлөөтэй болсон.
Бусдыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт түүнийг буруутгаж, анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жил ял эдлүүлэхээр болгон хөнгөрүүлсэн байдаг.
Б.Энхбатыг “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийг үүсгэн байгуулагч гэдгээр нь зарим хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр өөрийгөө цаазын ялаас амьд үлдсэн хамгийн сүүлчийн хүн гэдгээ суллагдсаныхаа дараа ярьж байсан билээ.
Соц нийгмийн үеэс ном зохиол, нийтлэлүүдээ бичиж, “Захиалгат аллага” нэртэй цуврал бүтээлээрээ нийгмийг шуугиулж явсан Хонхэрэйдийн Б.Энхбатыг амьдралдаа хөл алдан өргөст торны цаана сууж байхад ийнхүү ярилцаж байв.
-Таны бага насны тухай яривал?
-Миний аав үүх түүхээ судалсан зохиолч хүн байсан. Миний бага нас номон дунд өнгөрсөн. Тухайн үеийн соён гэгээрүүлэгч номын мундаг эрдэмтдын дунд өнгөрүүлсэн дээ. Би өөрөө 4 настайдаа ээжгүй өссөн. Хүний ганц хүү. Гэхдээ эцэг нэгтэй хоёр дүү байдаг.
Аавыгаа амьд байхад баярлуулж чадаагүй. Аав минь намайг өөрийнхөө үзгийг өвлүүлнэ гэж мөрөөдөж байсан. Миний аав тухайн үедээ амьд архив байсан. Аавын минь үүх түүхийн гар бичмэлийг хар гэрийн минь хаалга үүдийг эвдэж ороод авч сүйтгэж устгаж байсан. Тэр ч бүү хэл оюуны бүтээлийг хошного арчих цаас гэж доромжилсон. Миний аавын үлдээсэн түүх болон гар бичмэлийг устгаж, салхинд хийсэн асуудлыг одоо шүүх дээр явж байгаа.
-Таныг их үндсэрхэг үзэлтэй хүн. Тиймээс хятад үндэстэнгүүдтэй их тэмцэж, хууль бус үйлдэлтэй байнга тэмцдэг гэх?
-Би угаасаа үндсэрхэг үзэлтэй хүн. Миний гол зорилго үндэсний үзэл, үндсэрхэг үзлээ үүх түүхээ хамгаалах. Монгол хүн монголоороо л байх ёстой. Гэтэл сүүлийн үед гэлтгүй улс орноо худалдах, хятадуудын гар хөл болоод газар шороогоо худалдаж, монголчуудыг дээрэлхэж байгаа бусармаг үйлдлийг хараад тэсч тэвчиж чадахгүй дээ би бачуурч, бухимдаж, бослого гаргамаар санагдаад байдаг юм. Гэхдээ зөв амьдрах хэрэгтэй дээ.
-Та гянданд таван жил яс суугаад дэглэм буурч байсан. Мэдээж, хоёр шоронгийн дунд ялгаа харагдаж байгаа ч 415 дугаар хорих анги бас л чанга дэглэмтэй анги шүү дээ?
-Ялгаа харагдалгүй яах вэ. Хэдий чанга дэглэмтэй хорих анги ч гэсэн хянагч, хүмүүжигчид надад их хүндэтгэлтэй ханддаг байсан. Гянданд байсан үеийг бол бодох ч юм биш ээ. Гяндан бол амьдын тамын орон шүү дээ гэж хэлмээр байна. Бодоод үз л дээ. Ямар л олигтой байх вэ. Ганцаараа гав дөнгөтэй нэг өрөөнд сууна. Ууж идэх хоол унд, унтах хэвтэх газар нь ямар байх уу төсөөлөөд үзээч.
Гэтэл тэнд амьдралдаа алдснаас болж хэчнээн сайхан залуус орсон байна вэ. Цаазаар авахуулах ял сонсчихоод насаараа хоригдох юм уу чанга дэглэмтэй 25 жил хоригдоно гэдэг их айхтар зүйл. Тэнд байгаа хүмүүсийн нүдэнд ирээдүй нь ямар харагдах вэ, сэтгэл санаанд нь ямар бодол төрөх үү гэдэг ойлгомжтой шүү дээ.
-Та анх цаазын ял сонсоод Гяндан руу ачигдсан. Харин дараа нь давж заалдах шатны шүүхээс цаазын ялыг хэлтрүүлж, 25 жилийн хорих ял болгосон. Тэр үед юу бодогдож байв?
-Анх цаазын ял сонсох аймшигтай санагдсан. Хэзээ буудуулах бол гэхээс нойр хүрэхгүй, элдвийн юм бодогдоно. Гянданд дээд шат нь дээдийн өрөө гэж бий. Надтай цуг ялын дээд хэмжээ авсан нэг хүн байсан. Хөөрхий зайлуул, тэр хүн буудуулсан. Харин надаас хойш дээд хэмжээ авсан хүмүүс бүгд амьд гарсан. Монголын төр цаазын ялыг өөрчилж, 25 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх болгосонд би баярладаг. Мөн тамаас амьд гарсандаа одоо ч баярладаг. Гянданд орсон хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй юм. Хоригдож байгаа хүн ч тэгээд сэтгэл санаагаар амархан явчихдаг, амархан турж эцдэг юм байна лээ.
-Ерөнхийлөгч цаазаар авах ялыг байхгүй болгосныг та юу гэж боддог вэ?
-Үндсэн хууль, Эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд цаазаар авах ялаас өршөөдөг. Тэр нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн тохиолдолд хянаж үзээд цаазын ялаас өршөөх шийдвэр гаргадаг. Түүнээс биш нэгэнт цаазын ял хуульд байгаа цагт шүүхийн шийдвэрээр дээд хэмжээг сонсч л байгаа шүү дээ. Харин хүмүүсийн хувьд цаазын ялгүй болсон гэж ойлгогдоод байгаа юм.
-Та хорих 415 дугаар ангид номын санч хийдэг гэсэн. Хүмүүжигчид хэр их ном уншдаг вэ?
-Би энд ирсэн цагаасаа хойш эндхийн номын санчаар ажилласан. Манай номын сан бараг 1000-д номтой болсон. Намайг ирэхэд Бурханы шашны, Христийн шашны тухай ном их байсан. Одоо бол түүхийн болон гадаад хэлний сурах бичгүүд олонтой болжээ. Мөн миний зохиолч, яруу найрагч найзууд өөрсдийн бичсэн болон орчуулсан янз бүрийн номоо хандивласан. Манай хүмүүжигчид ном унших дуртай. Залуучууд нь ихэвчлэн гадаад хэлний ном сонирхдог. Ер нь ялтнуудын заавал унших ёстой номын жагсаалтыг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Ийм ажил хийхийн хажуугаар өөрийнхөө зохиол бүтээл дээр ажиллахаар цаг хугацаа хурдан өнгөрдөг.
-Хоригдож байх хугацаандаа хэр олон бүтээл дээр ажиллав. Гарын шавьтай болсон гэж сонссон шүү?
-Нийтлэлч Баабарын “Нүүдэл, суудал” гэдэг алдартай бүтээлд нь шүүмж бичээд дууслаа. Мундаг ном учир их том ажлын ард гарч санаа амарч байна. Гянданд байхад насыг минь хүндэлж сайхан харилцдаг залуус олон байсан. Тэдний нэг болох Ариунгэрэл, Отгоо, Өлзийбаяр гэсэн залуус намайг “Энхбат багш аа” гэж дуудаж, надаас их зүйл сурч авсан. Харин энэ хорих ангид ирээд шүлэг бичдэг залуус байдгийг мэдсэн. Миний үзсэн туулсан амьдрал, мэдлэг мэргэжлийг минь хүндэлдэг юм болов уу гэж боддог. Э.Очирсүрэнгийн “Хөх чонын төмөр хүлээс” яруу найргийн номыг хянаж хэвлүүлж гаргалаа.
Мөн Ганболд гэж нэг залуу орчуулгын номоо бэлэн болгосон байгаа. Энэ жилдээ хэвлэгдэн гарах байх. Эдгээр залуус маань амьдралдаа алдсан. Тэглээ гээд хэн нэгэнд адлагдах ёсгүй. Хэдий хоригдож байгаа ч гэсэн хийсэн, бүтээсэн бүтээлтэй тэднээрээ би бахархдаг юм. Миний хувьд тэднийг чадлынхаа хэрээр л зөв замд нь оруулах, цаашид дахиад алдалгүй зөв бодолтой яваасай гэж бодож, хэлж сургадаг юм.
-Өнгөрсөн жилүүдэд та өөрөө хэдэн ном бичив. Хэвлүүлсэн нь хэд бол?
-Надад 18 номын гар бичмэл бэлэн байна. Гэхдээ би ганцыг нь ч хэвлүүлж чадаагүй байна. Хэвлүүлэх боломж бий ч миний ном хэвлэгдээд гарвал нийгэмд дуулиан шуугиан тарих нь тодорхой. “Эрүүгийн ертөнцийн нууц түүх”, “Хоригдлын тэмдэглэл” гэсэн хоёр номоо гаргана.
Мөн “Хүн гүрнээс өмнөх үеийн монголчуудын түүх” гэсэн ном бичлээ. Хамгийн том бүтээл маань бол Баабарын номын шүүмж байлаа. Яагаад гэвэл тэр хүнийг би хүндэлдэг. Хэрвээ би Баабар байсан бол түүнээс ч илүү бичих байсан болов уу гэж боддог. Энэ шүүмжийг арваад жил нухаж байж дуусгасан. Гэхдээ л цоожтой саванд юм хийнэ гэдэг хэцүү. Миний бүтээлүүд дундаас хамгийн ихээр шуугиан тарих нь дээрх шүүмжийг гэж бодож байгаа шүү.
-Та 415 дугаар хорих ангид хэр олон найз нөхөдтэй болов?
-Би энэ ангид ахмад настангуудын тоонд ордог болохоор намайг хүндэлдэг хүмүүжигчид олон. Албан хаагч, удирдлагууд ч “Энхбат ах аа” гээд сүйд болдог. Залуусын хувьд зөв хэлээд зөв зүгт нь чиглүүлээд, сургаад байвал энэ чанга дэглэмтэй хорих ангид чинь хүнээ байчихсан хүмүүс байхгүй шүү дээ. Алдаж, онох үе байлгүй яах вэ. Хамгийн гол нь хүсэл мөрөөдлөө зөв олоогүйгээс өнөөдөр хөлөө алдаад өргөст торны цаана сууж байгаа юм.
-Тухайн үед таныг хүн буудсан, буудаагүй, буу алдсан… Эсвэл охиныхоо хийсэн хэргийг үүрсэн гэх мэт олон янзаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн. Хэргийн тухайд та бол мэдэж байгаа биз дээ?
-Би нэг л зүйлийг боддог. Эцэг хүн ямар ч үед хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Тэгэхгүй бол эцэг гэж яваад яах юм бэ. Ер нь бол хүний нэр төр гэж байна. Хэн нь буруутай гэдгийг цагдаа, шүүх тогтоосон. Үнэнийг хэлэхэд санаатай буудсан хэрэг биш. Машины донсолгоонд буу алдсан юм шүү дээ. Гэтэл энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдчихэж чадахгүй байж улс төрийн зорилгоор хүн яллах муухай юм билээ.
-Та хэт үндсэрхэг үзэлтэй. Тиймээс талийгаач залууг өвөрмонгол аялгуугаар яриад байсан учир хүлээж аваагүй гэдэг?
-Тэгж ойлгож болохгүй. Талийгаач хүүтэй удаан ч ярилцаж чадаагүй тийм харамсалтай зүйл болсон шүү дээ. Болсон хэргийн тухайд ах нь нарийн зүйл ярихгүй ээ. Алдахгүй аавын хүү, бүдэрсэн морь хоёрыг буруутгаж дэвслэж болохгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын замтай.
-Та үргэлж хүзүүндээ хас тэмдэг зүүдэг. Гянданд байхдаа ч зүүж байсан. Энэ ямар учиртай эд болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Би хас тэмдгээ гянданд байхдаа ч зүүж байсан. Одоо ч хүзүүнээсээ салгадаггүй. Хас тэмдэг бол хүн төрөлхтөний танин мэдэх гэж тэмүүлээд байгаа тэр сансрын хар нүх энэ тэрийг чинь бэлгэддэг асар нарийн гүн ухаантай. Хар нүх гэдгийг ойлгосон цагт хасын учрыг ойлгох байх. Олон мянган жилийн өмнө агуйн ханан дээр хас тэмдэг зурж орхисноос эхлээд XXI зууны монголчууд өнөөдрийг хүртэл хас тэмдгээсээ салалгүй хэрэглээд, зүүгээд явж байна. Өөрийнхөө хас тэмдгийг би үр хүүхдэдээ үлдээнэ гэж боддог. Түүнээс үндсэрхэг үзэлтэйдээ байнга зүүдэг юм биш ээ. Хасын нарийн утга учир, ур ухааныг тайлбарлана гэвэл бүхэл бүтэн хэдэн боть ном, их хугацаа шаардана даа.
-Таны охин Э.Гоомарал одоо хаана юу хийж байгаа вэ?
-Сайн ханьтай сайхан үрстэй хүн би. Миний охин Бурханч лам Г.Пүрэвбатын дэргэд зээгт наамлаар бурхан урладаг болсон. Хүү маань шашны уран зургийн чиглэлийн хүн болсон.
-Охин тань талийгаачийн хүүхдийг төрүүлсэн гэх яриа байдаг юм билээ?
-Миний зээ охин бий. Талийгаачийн хүүхэд мөн. Тухайн үед бид ар гэрийнхэнд нь хэлэхгүй тас нуучихсан юм. Үхсэнээс үлдсэн юм гээд охинтой болсон охины минь элэг нь жаахан дэвтдэг байх гэж боддог юм.
-Талийгаачийн ар гэрийнхэнтэй та уулзсан уу?
-Үгүй. Гэхдээ би уучлалт гуйна аа. Хэзээ нэгэн өдөр уучлалт гуйж сайхан ярилцана аа.
О.Гэрэл
Оллоо.mn