SIPRI: ОХУ цэргийн зардлаар тэргүүлэгч таван орны тоонд орсонгүй


Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын цэргийн зорилгоор зарцуулсан нийт мөнгөний хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 2.6 хувиар өсөж, 1.8 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлтээр тэргүүлэгч таван орны жагсаалтад ОХУ багтаагүй тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ шинжээчдийн гаргасан тайлан мэдээнд дурдсан байна.
Тайлан мэдээнд дурдсанаар, дэлхийн улс орнуудын цэргийн зардал өнгөрсөн жил 1988 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Шведийн судалгааны хүрээлэн 1988 оноос улс орнуудын цэргийн зардлын талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. “2018 онд дэлхий дахины цэргийн зардал хүйтэн дайн дууссаны дараа ийм зардал хамгийн доод түвшинд хүрч байсан үе буюу 1998 оныхтой харьцуулахад 76 хувиар нэмэгдсэн” гэж тайлан мэдээнд дурдсан байна. Өнгөрсөн онд улс орнуудын цэргийн нийт зардал дэлхийн ДНБ-ний 2.1 хувийг эзэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох хэмжээ 239 ам.доллар байжээ.
“SIPRI” хүрээлэнгийн шинжээчдийн мэдээлснээр, ОХУ өнгөрсөн жил цэрэг армидаа 61.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 3.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Ийнхүү тус улс цэрэг армидаа хамгийн их мөнгө зарцуулсан улсуудын жагсаалтад нэг байраар доошилж зургадугаарт бичигджээ.
АНУ болон БНХАУ цэргийн зардлаар тэргүүлж байна

Цэргийн зорилгоор зарцуулсан мөнгөний хэмжээгээр эхний тавд АНУ, БНХАУ, Саудын Араб, Энэтхэг болон Франц улс оржээ.  Эдгээр улсын зардал дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардлын 60 хувьтай тэнцсэн байна.
2010 оноос хойш АНУ-ын төсөв анх удаа 4.6 хувиар нэмэгдэж, 649 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын дараагаар бичигдсэн найман улсын зардалтай бараг тэнцүү байна. Америкийн цэргийн зардал өссөн нь Дональд Трампын засаг захиргаанаас 2017 онд баталсан цэргийн зориулалттай бүтээгдэхүүн худалдан авах шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аж.
БНХАУ өнгөрсөн онд өмнөх оныхоос 5 хувиар их буюу 250 тэрбум ам.долларыг цэрэг армидаа зарцуулснаар хоёрдугаарт бичигдсэн байна. Хятадын батлан хамгаалахын салбарын төсөв 24 дэх жилдээ дараалан нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд 1994 оны үзүүлэлтээс бараг 10 дахин өсөж, дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардлын 14 хувийг эзэлжээ. Тус улс 2013 оноос хойш ДНБ-ий 1.9 хувийг жил бүр цэргийн зорилгод хуваарилж байгаа аж.
SIPRI хүрээлэнгийн мэдээлснээр, НАТО-гийн гишүүн 29 улсын цэргийн нийт зардал 963 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь нийт зардлын 53 хувийг эзэлсэн байна.
Өнгөрсөн онд мөн Төв болон Зүүн Европын улсууд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн болохыг тайлан мэдээнд онцолжээ. Тухайлбал, Польш улсын цэргийн зардал 8.9 хувиар нэмэгдэж, 11.6 тэрбум ам.доллар болсон бол Украин 4.8 тэрбум ам.доллар цэрэг армидаа зориулсан нь өмнөх жилийнхээс 21 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Болгар, Литва, Латви, Румын улс цэргийн зардлаа /18-24 хувь/ нэмэгдүүлжээ.
Ази, Номхон далайн орнуудын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд цэргийн зардал нь нэмэгдэх хандлага ажиглагдах болсон байна. Өнгөрсөн онд тус бүс нутгийн цэргийн нийт зардлын хэмжээ 507 тэрбум ам.доллар буюу дэлхийн нийт зардлын 28 хувийг эзэлжээ. 1988 онд энэ үзүүлэлт 9 хувь байсан байна.
Энэтхэг улс өнгөрсөн онд 66.5 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Пакистан улсын цэргийн зардал 2018 онд өмнөх оныхтой адил 11 хувиар өсөж, 11.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
БНСУ-ын хувьд өнгөрсөн жил цэрэг армидаа өмнөх оныхоос 5.1 хувиар их буюу 43.1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2005 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан