ЦОНХ, ЦОНХ, ЦОНХНЫ ЦААНАХ ТУВ ТУНГАЛАГ ХҮН


…цонх, цонх, цонхны цаана суугч түүний дотоод орон зайд ямар ч “тоос шороо” нэвтрэхгүй. Харин гадаад орон зай дах “тоос шороо”-гоо хэзээ ч юм, хаанаас ч юм, “Буух зурвас”-т газардахдаа үргээчихсэн юм гэнэ лээ. Тэгээд л тэр тув тунгалаг. Олон, олон цонхны цаана суугч түүнийг тун ч олон нүд гаднаас нь ширтдэг. Тэр нүднүүд ч тув тунгалаг. Хэрэв булингартай нүдэнд бол тэр вээр үзэгдэхгүй, эс бөгөөс нэн бүдэг харагддаг. Мэдээж, тув тунгалаг учраас тийм юм. Би, түүнд нэлээд ойр хүн. Гэхдээ л бид хоёрын дунд нэг цонх буй. Дундаа ганц ч цонхгүйгээр, өөрөөр хэлбэл түүнийг бүр дотроос нь ширтэгч /эхнэр болоод охидоос нь өөр/ хэн нэгэн үгүй буй заа.

Ганцхан чамдаа хундагалмаар дарсыг
Газарт асгахдаа харамсахгүй болтлоо
Амьдарч үзнэ, би.
Хүн төрөлхтний бүх л оюун санаа, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлийн зүг чиг, зам харгуй бүр түг түмэн янз боловч голдоо нэг л “уулзвар”-тай. Тэр нь гэгээрэл хийгээд амар амгалан. Товчхондоо, тунгалаг оршихуй. Энд үгүүлэн буй тэр хүний хийдэг ажил нь гэвэл дээр дурдагч “уулзвар”-т хүрэх жим бүрийн чулууг нүцгэн гараараа, нэг нэгээр нь “түүж” суух. Тэнэг ч юм шиг, мэргэн ч юм шиг ажил шүү.
Хаад хэзээд түүх болохыг хүсдэг.
Харин яруу найрагчид
Домогт дуртай.
Яруу найраг гэж нэг л зүйл байдаг. Гэвч түүнийг хэдэн ч янзаар, ямар ч аргаар, яаж ч бичиж болдог. Тэр, шавь нартаа иймэрхүү үгс хэлдэг болов уу гэж /учир нь тэр вээр багш юм/ нэгхэн цонхны цаанаас би таамагласан. Лав л, яруу найраг гэж нэг л зүйл байдаг тул яг л ингэж бичих ёстой гэж /юуны багш гэдэг нь тодорхой биз дээ/ хэлдэггүй нь илт мэдрэгддэг.
Тэр вээр, “нэгдүгээр цонх”-оо баруун гарынхаа долоовор хурууны өндөгөөр нээж, хааж, нээж, хааж суунгаа над руу тун ч нухацтай ширтдэг юм.
…Шилэн цонхтой нүдээрээ, би
Шидтэний үзээгүйг ч үздэг дээ…
Харин хоёрдугаар цонх нь бол яруу найраг юм.
Миний хотын
Бүр миний гудамжны
Намар, өвөл хоёр
Нийлж архидаад
Шал согтуу
Шартаад босож чадахгүй
Маргааш нь
Миний хотод
Намар ч үгүй
Өвөл ч үгүй
Хаврын нэг тийм
Хонхилзуур өдрүүд
Цонхны цаана…
Түүний яруу найраг хотизм ч юм уу, эсвэл өөр нэгэн, магадгүй хэд хэдэн изм ч юм уу, бүр зэн буддизм ч юм уу бүү мэд. Мэдэх хүн нь тэр өөрөө л дөө.
Намрын өвсөн дундуур шургаад
Нарны бээрсэн гэрлийг түүж
Гараа бүлээцүүлнэм.
Манан дунд төөрсөн нүдээрээ
Маргааш цохилох зүрхийг тэмтчиж
Сэтгэлээ бүлээцүүлнэм.
Түүний гуравдугаар цонх нь хүүрнэл зохиол юм.
…Өдөр хоног, сар жил ямар ч хурдан арилан өнгөрдөг болоо вэ? хэмээн эргэцүүлэн суухуйд тэнд байшингийн дээвэр дээрээс их цас гулсан унаж, тэдний цонх харагдахаа болив. Удалгүй тэр өөрөөсөө ч том хүрз барин байшингаас гарч ирээд, дээврээс унасан цасыг хэдэн тийш нь шидлэхэд том эрээн алчуур нь тэнд зуны эхэн сарын нуга хөндийг эрхгүй эргэн санахад хүргэнэ. Чандаган туулайн үсний сор шиг цагаан салхи, цасан дээр мушгирсан хээ урласан нь тэнд намрын дунд сард элсэн манхны хормойгоор том эрээн могой баруун зүг мурилзан одсон мөр байсныг санагдуулна. Морин хашааны дэргэдүүр чарганы хос мөр чанх зүүн зүгийг чиглэн зурайсаар голын шугуй руу шурган орж байсан нь өнөөдрийн их цасанд бүдгэрэн бүдгэрсээр үзэгдэхээ байжээ. Хаврын их уснаар энэ зам, нар шингэх үед мөнгөн утас шиг гялайн харагдаж, тэнд гөрөөсний туранхай янзага чүүчигнэн зогсож байж билээ.
Тэр, цасаа арилгаж, цонхоо онгойлгожээ. Сагсгар хар нохой түүнийг тойрон сүүлээ эгээ л сэнс шиг эргэлдүүлэх нь тэнд өнгөрсөн зуны адаг сард хэцэн дээр тохсон хар даашинз салхинд нисэн алдан хийсч, хэдэн хар тодол үргэн, гуагчсаар миний дэргэдүүр өнгөрсөнийг сануулна. Гэтэл одоо хэдийнээ өвлийн дунд сар гарчээ. Намар оройхон загаснаас буцаж явахдаа үүгээр өнгөрөхөд энэ хар нохой учиргүй боргож…
“Тэнд” хэмээх үгүүллэг нь ийн эхэлдэг. Би, энэ үгүүллэгийг уншиж дуусангуутаа дуу алдсан. Тэгэхээр бичиж дуусангуутаа тэр вээр бас дуу алдсан л болов уу.
Монголын орчин цагийн уран зохиолд богино болон дунд хэмжээний хүүрнэл зохиол тун ч дажгүй хөгжсөн гэж би боддог. Тэртусмаа нэн орчин цагт түүний хүүрнэл зохиолууд оройлж яваа гэж бас боддог.

Эмгэн, эрүүндээ наалдсан будаагаа гараараа арчаад эмнэлэгийн хоолны амтгүй тухай ээлжит яриагаа эхлэх гэснээ:
-Охин минь чи хүүхэдтэй юу? гэж асуув. Хариуд нь би:
-Гурван хүүхэдтэй гэвэл:
-Би ч гэсэн гурван хүүхэдтэй. Гэхдээ миний гурван үр эмээгийнх нь зүүдэнд байгаа гэснээ над руу харж, шүдгүй амаа ангайлган инээмсэглээд ярьж эхэллээ.
***
-Одоо чи эндээс зайл. чиний энд байх хугацаа дууссан.
-Би тэгээд хаачих юм бэ? Намайг битгий хөөгөөч.
-Чи анх зүүднээс ирсэн биз дээ? Тэгээд буцаад зүүдэндээ очихгүй юу?
-Би зүүднээс ирээгүй. Намайг өршөө гэж хамаг хүчээрээ хашгираад сэрэв. Хар хөлс цутгасан байлаа. Хонгилд хэн нэгний бөгшүүлэн ханиах битүү сонсотно. Цонхоор цагаан гэгээ тусаагүйг бодоход үүр цайх яагаа ч үгүй бололтой. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав, дөрөв… зуун гуч, зуун гучин нэг, зуун гучин хоёр…
-Чи минь хаашаа явах гэсэн юм бэ? Энд хичнээн ч хугацаагаар байж болно шүү дээ.
-Үгүй ээ, би эндээс заавал явна. Энд байх дэндүү гунигтай байна.
-Чи анх зүүднээс ирсэн. Тэнд тийм ч сайхан биш гэдгийг чи мэдэж байгаа. Тийшээ битгий яваач.
-Би заавал явна. Намайг явуулаач хэмээн хамаг тэнхээгээрээ хашгираад сэрэв. Дэргэд минь тэр намайг ширтээд сууж байв. Хамаг биеэ хураажээ. Царай нь бүр цонхийчихжээ. Хэд хоног хоол ундгүй, намайг харж хоносон түүнийгээ хайрлах сэтгэл төрлөө. Хонгилд хэн нэгний их л баяртайгаар инээх сонсотно. Цагаан гэгээ тусаагүй, гадаа харанхуй ноёлж байв. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав, дөрөв… хоёр зуун далан долоо, хоёр зуун далан найм…
Анх сайхан зүүднээсээ салахыг хүсэхгүй, унтаад л байвал бүх юм болох юм шиг санагддаг байв. Гэвч удалгүй аль нь зүүд, аль нь зүүд биш болохыг ялгахаа байж билээ. …
Загас мэт… хүрэл зүрх… зүүднээс ирлээ. Түүний энэ мэт үгүүллэгүүдэд би тун ч дуртай. Түүнд бас жүжиг, эсээ, шүүмж судлал, өөр юу, юу ч билээ, нэн олон цонх буй. Нэн олон цонхтой авч нэвт гэрэлтэгч нь гагц өөрөө. Би, түүнийг магтахгүй гэж боддог байсан юм. Нэг хүнийг магтахад олон хүн уурладагийг би мэднэ. Олон хүнийг магтвал цөөхөн хүн уурладагийг бас мэднэ. Гэвч, гудамжинд салхи босож, хог новш хийсэлдэн байх нь давхар, давхар цонхны цаанах түүнд хамаа юун.
Ийм тодорхой ярианд нэр дурьдах ч хэрэггүй мэт. Тийм олон цонхны цаана суугч тэр вээр мэдээж “Хүрээ хөвгүүн” байж таарна. “Хүрээ хөвгүүн” юм чинь эр хүн, тэгээд “МОМО” байж таарна. Гэхдээ, түүнийг би момо ч гэдэггүй, багш ч гэдэггүй. “Багш аа” гэж дуудахад насны ялихгүй зөрүү, “Найз аа” гэж дуудахад нэр хүндийн мундахгүй зөрүү тээр болчихсон юм.
Хаалгыг минь тогшиж
Намрын бороо орж ирнэ.
Намайг шалба норгоно…
Эрүүнээс дуслах усыг тоолж
Энд би удаан амьдарна.
Би, гэгээлэг хүн биш ч түүн шиг гэгээлэг хүмүүст дуртай. Түүнтэй утсаар ярьсаны дараа шүлэг бичих сайхан санагддаг. Түүнтэй уулзаж ярилцсаны дараа амьдрах сайхан санагддаг. Ялангуяа, гэрт нь цугтаа шөнийг хугаслангаа сархад хугаслах, тэгээд номын санг нь “хугаслах” сайхан санагддаг.
Бид хоёр, Зохиолчдын хорооны ногоон ордоны гадаа анх танилцсан юм. Миний хувьд, Зохиолчдын хороотой “танилцахаасаа” өмнө түүнтэй танилцсан хэрэг. Тэгээд л бид хоёрын хоорондох цаг хугацаа, орон зайг дамнасан урт хүүрнэл эхэлчихсэн юм.
Он цаг урссаар. Миний гар бичмэлүүд түүний номын шүүгээнд “аж төрж” асан он жилүүд. Түүний гарын үсэгтэй номууд миний бичгийн ширээнээ “аж төрсөөр” буй он жилүүд. Бичсэн ном шиг, бичиж буй ном шиг, бичигдэх ном шиг он жилүүд. Он цаг урссаар…
Үзэг л байхад, биш ээ, үг л байхад, магадгүй үг байхгүй байсан ч яруу найргийн тухай, гоо сайхны тухай, сонгодог зүйлсийн тухай ярилцсаар л байх болно, бид.
Хэзээ ч билээ, “нэгдүгээр цонх”-ных нь наана, цаанаас ярилцан сууж ахуйд бас нэгэн цонхны цаана цас орсоор байсан. Тэр цонх, Эрдэнэтийн цонх байсан. Одоо, үүнийг бичиглэн сууж ахуйд бас нэгэн цонхны цаана бороо орсоор байна. Энэ бол Станбулын цонх. Харин тэр, яг өдийд хамгийн гадна талынхаа цонхоор шагайн тамхи татаж зогсоо биз ээ. Тэр нь Улаанбаатарын цонх…
Жич: Эл бичвэр дэх эшлэлүүд
түүний бүтээл болой.
2013.5.23. СТАНБУЛ.
Posted 6 days ago by Х.Нямхишиг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан