Бидний амьдралын мөч хором бүр онцгой учралуудаар дүүрэн буй гэнэм. Хачирхалтай нь үл анзаарагдам, яг л голын урсгал, талын сэвшээ шиг. Эцэс төгсгөлгүй урсах голын урсгал эргээд хэзээ ч давтагддаггүй лугаа адил амьдралын маань онцгой агшин бүр эргэж ирэхгүйгээр урсан одсоор байдгийг бид тэр бүр үл мэдэрнэ, үл анзаарна. Тиймээс бид ихэнхдээ онцгой учрал тохиол бүхнийг алдаж асгах мэт дэмий сул урсган өнгөрөөх ажээ.
Гагцхүү билэг оюун төгөлдөр нэгэн л үл ажиглагдам бүхнийг алдалгүй анзаарч, сэрж мэдэрч, тэгээд зогсохгүй гайхам уран яруу өнгө дүрс, хөг аялгуу, сэцэн билгэ болгон үлдээх билээ. “Монголын Нууц Товчоо”-г туурвисан нэр үл мэдэгдэх эрхэмбээр, мөн Равжаа хутагт, Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн зэрэг тийм эгэлгүй суутнуудын бүтээсэн, туурвисан нь үндэстнийхээ оюун билгийн далайд цутгах ус ихт, яндашгүй цутгалт их мөрөн, танин мэдэхүйн асар өргөөний гулзайшгүй хүчирхэг тулгуур багана болох агаад тэдгээр суутнуудын нэгэн бол энэхэн цаг үеэ эзлэнхэн оршиж буй Лодонгийн Түдэв абугай юм.
ХҮҮХЭД БАГАЧУУДЫНХАА ОЮУНЫ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭХҮЙ
Тэрбээр 1935 онд өнөөгийн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн /Хуучнаар Наран сумын/ нутаг болох хар мод нь шуугин, харз ус нь бургилж, хад цохио нь сүүхийж, халиун буга нь урамдаж, харлаг тэх нь дүүлсэн Хантайшир хэмээх хамаг үзэсгэлэн бүрдсэн уулнаа, өнөтэй илчтэй Өвөр замын өтөг бууцнаа мэндэлжээ. Бууцных нь хөлөөс холгүйхэн дор Цагаан морьтын гол, Ялаатын голууд нийлэн бэлчирлэж, 99 булаг шандаас эх авдаг Дарь Эхийн гол буюу Дарьхинтийн голтой нийлэхээр хавцал уруудан хүржигнэн, хүрхрэн уруудаж одно. Бууцных нь шилээс алдарт Ханхарын даваа ханхайж, Долоон салаа, Гурван уст, Ганц Дусаалтын амны модод харлан, Цагаан морьтын амны өндөр улаан цохио сүүхийн харагдах билээ. Бага нас нь Хантайшир уулын Ар, Өвөр гол, Цацат, Цагдуулт, Хашаат, Хотон, Өөлдийн бэлчир, Овоон нуруунд өнгөрчээ. Төрж өссөн нутгийг нь ийн тодорхой дурдсаны учир нь Л. Түдэв гуайн бүтээл туурвилийнх нь ихэнхэд энэ нутаг усны тухай өгүүлэх бөгөөд их оюун билэгтнийг хорвоотой анхлан танилцахад тосон авч, хараа юуг нь тэлж, торгон мэдрэхүйг нь бадраан хөгжөөсөнд болой. Мөн ихийг үзэж туулсан, цээжиндээ амьдралын нарийн нандин ном, хууч түүхийг хэдэн арван ботиор нь баринтагласан уран мужаан аав, угийн сэцэн саруул ээжийнх нь яриа, өгүүлсэн аман түүх, үлгэрлэл болон нутгийн зон олны амьдрал, хүүрнэл бүхэн уран бүтээлийнх нь гол эх сурвалж, чухам танин мэдэхүйн цуцашгүй их замынх нь гараа байжээ.
Нутаг нугын ахмадуудыг буугаад мордох зуурт л элдэв юмны нарийн учгийг лавлаж тэвдүүлсэн хэрсүү, хэрэгт дуртай сониуч хүү байсан гэдэг. Аавыг нь нутгийнхан Лодон мужаан гэх. Сум, аймагтаа алдартай уран гарт хүн байжээ. Аав нь хүүгээ сургуульд анх мордоход “Номын сав бүтэн байх” ерөөл өргөж цуурга цоожтой модон цүнх урлаж өгсөн байна. Даалимбан цүнхтэй тэр цагт энэ модон цүнх онцгой содон байсан төдийгүй ерөөс эрдэм номын урт холын замд нь ч онцгой байж, билэг оюуных нь савыг бат бэх болохыг бэлгэджээ.
“Буутай янгир”, “Хоёр аварга”, “Лусын нүдэнд унасан хүн”, “Зохиогүй чимэг”, “Өлгийдүүлсэн үндэс” зэрэг гучаад өгүүллэг бүхий Үл ажиглагдах онцгой учралуудын тухай цуврал нь, ялангуяа “Хорвоотой танилцсан түүх” нь өнөөх үл ажиглагдах онцгой учралуудыг тэрбээр бүр бага балчираасаа л анзааран хурц тодоор сэрж мэдэрч байсныг нь баталдаг.
1942 – 1950 онд Наран сумын бага сургууль, Алтай хотын бүрэн бус дунд сургуулиудад суралцаж, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС дүүргэжээ. Тэгээд хорин нэгэн настай идэр залуу Түдэв төрөлх нутагтаа ирж, сургуульдаа багшилсан байна.
Энэ үе бол түүний амьдрал уран бүтээлийн онцгой үе байжээ. Дээр дурдсан Үл ажиглагдах онцгой учрал цувралуудынхаа ихэнхийг бичсэнээс гадна Ардын хувьсгалын үеэр Хантайшир уулнаа өрнөсөн өргөн цараатай, ээдрээ будлиан ихтэй үйл явдлын тухай “Уулын үер” хэмээх анхныхаа романыг туурвижээ. Романаа бичиж дуусгаад цэг тавьж бүхийдээ тэрбээр хорин гурван нас дөнгөж дүүрээд байсан гэдэг. Чухам ийм насандаа бүрэн хэмжээний томоохон роман туурвиж үлдээсэн нь манай утга зохиолд өнөөдөө хараахан үгүй хийгээд ер дэлхийн уран зохиолд ч нэн ховор үзэгдэл юм.
Дунд сургуульд багшилж байх зурвасхан үедээ олон арван хүүхдийн билэг оюуныг нээж, гараас нь хөтлөн эрдмийн их далайд хөтлөн замчилсан байдаг. Тэдний дунд нэрт зохиолчид болох С. Пүрэв, С. Лочин, Ж.Гал, Ш.Шажинбат Т.Юмсүрэн Д.Цахилгаан, Б.Дорж нар ч бий. Мөн шинжлэх ухааны бусад салбарт ч монголдоо түүчээлэгч болсон олон эрдэмтэн мэргэд “Эгэмнээс минь татаж, эрдмийн зам мөрд эргэлтгүй оруулсан” хэмээн чухам дунд сургуулийн цэл залуухан багшийгаа бахархан дурсах билээ. Шөнө дүл өнгөртөл лааны гэрэл сүүмэлзүүлэх залуу багшийнх нь өрөөний цонх олон хүүхдийг ирээдүй тийш хөтлөн замчлах гэгээ гэрэл болон сэтгэл зүрхэнд нь унтрахгүйгээр үүрд асчээ. Залуу багшийн эгэл агаад эрхэмсэг, тууштай зарчимч, хөдөлмөрч зан төлөв, танин мэдэх, бүтээн туурвих гэсэн эрмэлзэл нь олон хүүхдийн итгэл, үлгэрлэл болон насан туршид нь хөтөлжээ.
Л. Түдэв дунд сургуульд суралцаж асан 1950-иад оноос үзэг түшин эхэлж, тэр цагаас хойш тасралтгүй туурвисаар өдгөө шижир алтаар дүүрэн 40 ботийг бүтээсэн билээ. Анхан үеийн бүтээл туурвилууд нь хорвоо ертөнцийг хэрсүү сониучаар ширтэн буй гэнэн ариун нүд мэт байдаг. Энэ нь түүний хүүхэд багачуудад зориулсан бүтээл туурвилийнх нь үндсэн шинж төлөв бөгөөд, чухам үүгээрээ Монголын хүүхдийн уран зохиолын дахин давтагдашгүй оргил болжээ.
Л. Толстойгоос эхлээд олон томоохон уран бүтээлчид бага насныхаа намтар дурсамжийг бичсэн байдаг. Л. Түдэв ч мөн бага насныхаа дурсамжаа бичсэн, гэхдээ бусдаас онцгой өвөрмөцөөр бичсэн нь “Хорвоотой танилцсан түүх” юм. Тэрбээр зүгээр нэг цаг хугацааны хэлхээсэнд өгүүлсэнгүй, харин хүүхдийн танин мэдэхүй нь ерөөс хүмүүн төрөлхтний танин мэдэхүйн язгуур түүх болохыг нээн үзүүлж чадсан байна. Энэ бол чулуутай, дуутай, зурагтай, салхитай танилцаж эхлээд улмаар худал хэлэхтэй, сахилгатай, дайнтай, зохион бүтээхтэй гэх мэтээр танилцсан ер бусын түүх юм. Өнөөгөөс 50 жилийн өмнө буюу 1969 онд бичсэн уг бүтээлийг тэр цагаас хойшхи монголын бүхий л үеийнхэн шимтэн уншиж, оюун билгээ тэлж иржээ. “Хорвоотой танилцсан түүх” туужийг ЗХУ-д хэвлэгдэхэд хүүхдийн нэрт зохиолч Юрий Сотник “Хүүхдүүд та нар энэ номыг уншаад зохиолын баатрын адилаар бас л хувь заяандаа нээлт хийх болно” хэмээн бичиж байжээ. Мөн утга зохиол судлаач Никита Разговоров “... авьяаслаг бөгөөд үнэн бичигдсэн энэ туурвилуудын нэгэн адил энэ ном амьдралыг ойлгох түлхүүр болж чадна” гэжээ.
“Хорвоотой танилцсан түүх” дэлхийн олон арван хэлээр орчуулагдаж, дэлхий дахинаа бахархан уншсанаар, 2010 онд “Дэлхийн хүүхдийн шилдэг номоор” шалгарсан байна. АНУ-д “Экслибрс” хэвлэлийн газар орчуулан хэвлэжээ.
Л. Түдэвийг Монголын хүүхдийн уран зохиолын шадар гурван цэргийн нэг гэдэг. Нөгөө хоёр нь Жамбын Дашдондог, Доржийн Гармаа нар болно.
Хүүхдийн танин мэдэхүйн дээрх богино өгүүллэг, намтар туужаас гадна олон арван шүлэг, мөн олон тууж бичжээ. “Будаг амилна” өгүүллэгтээ хүүхдийн танин мэдэх хүсэл эрмэлзэл, сэтгэхүйн өвөрмөц талыг уран яруу илэрхийлж, “Эрхий дарам” өгүүллэгтээ урлан бүтээхүйн чинад нууцыг дэлгэн харуулжээ. Ялангуяа “Төл” зөгнөлт роман, “Мөнхийн ус” зөгнөлт туужууд нь манай зөгнөлт уран зохиолын хөгжилд онцгой байр суурь эзэлдэг. Ойрын ирээдүйн төсөөлөл нь зөвхөн ахуй амьдралд алхам тутам шингэж буй шинжлэхүй ухааны гарамгай шинэ нээлтүүд, нэн хөгжингүй технологи төдийгүй хүний ёс суртхууны хөгжилтэй нягт холбоотой тухай өгүүлсэн нь зохиогчийн билгийн мэлмий хичнээн хурц тод, ухааны уурга хичнээн урт болохыг илэрхийлнэ.
Түүний хүүхэд багачуудад зориулсан зохиол бүтээлүүд нь хүн хэмээхийн утга учрыг үл ажиглагдах онцгой агшнуудаар алхам алхмаар нээсээр, хүүхдийн оюуны өмнө аугаа гайхам бахдам хүчирхэг хүмүүний дүр төрхийг бүтээж өгдөг. “Байгалийн ширүүн үзэгдэл, элдэв араатан амьтны эсрэг гар хоосон, бие нүцгэн хүн гагцхүү ухаанаараа тэмцсээр байж ялсан юм. Загас шиг сэлдэггүй, шувуу шиг нислэггүй боловч хүн түүнийг хийж сураад, газар, ус, тэнгэр гурвыг эзэгнэн захирчээ. Дэлхий дээр хүнээс том, хүнээс хүчтэй амьтан асар олон боловч тэд цөм хүний захиргаанд оржээ” хэмээн хүний ухаан билгийн сүр хүчний тухай “Ухаан” тууждаа өгүүлсэн билээ.
.
УРАН ЗОХИОЛЫН НОЁН ОРГИЛ
Хэдэн жилийн өмнө манай хэсэг уран бүтээлчид Л. Түдэвийг Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан билээ. Түүнийг Нобелийн утга зохиолын шагнал авчихсан байхад дэлхий гайхахгүй ээ.
1980-аад оны эхээр бичигдсэн “Оройгүй сүм” хэмээх алдарт бүтээлийг нь өнөө цагийнхан эргэн эргэн уншсаар байна. Дэлхий нийт ч уншдаг. Алив шашин тодорхой хэмжээгээр хаалттай социализмын оргил цаг үед хэдий наанаа шүүмжлээд буй ч Буддын шашны маш нарийн нандин ухагдхуун, ойлголт, танин мэдэхүйг нээн дэлгэсэн бүтээл туурвина гэдэг амаргүй, эр зориг, арга эвийг олох аргагүй цөлх монгол ухаан юм. Тэр тусмаа өөрөө тэрхүү системийнхээ оргилд нь сууж байсан “том дарга” хүн буюу Монголын нийт залуучуудыг нэгтгэсэн МХЗЭ-ийн тэргүүн /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/, үзэл суртлын гол хүчирхэг дуу хоолой болсон “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч хүн ийм шашны гүн агуулгатай бүтээл туурвина гэдэг үү. Төрийн соёрхолт Ш. Сүрэнжав тийм цаг үед, тийм хүнээс “шашныг бадруулах санаа, бодрол, түүхт ёс жаяг, зан үйл, сэтгэлгээний нарийн учрыг ухаарсан зоримог бүтээл гарсан нь гайхалтай санагдаж байснаа гаргаж хэлье. Тэгэхэд шашны сэтгэлгээний талаар иймэрхүү зүйл бичих цөстэй хүн хэд байсан юм бол доо?...” хэмээн дурссан байдаг. Чухам Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн нарын их билэгтнүүд л тийн зориглож асан билээ.
“Оройгүй сүм” роман нь хаалттай цаг үед шашны асуудлыг гүн гүнзгий хөндсөн төдийгүй хүмүүний сэтгэл зүрхний нарийн нандин утсыг Санж, Отгон нарын дүрээр хөвөрдөн үзүүлсэн, уулын нэгэн бөглүү хийд тойрсон амьдралаар монголын нэгэн цаг үеийн амьдралыг нэвтэрхий тольдсон суут бүтээл болж чадсан юм. Чухам дэлхийн энтэй бүтээл билээ. “Оройгүй сүм” романаас гадна дээр дурдсан “Эрхий дарам зай” өгүүллэг, “Хорвоотой танилцсан түүх”, “Шуугиурынхан”, “Оточийн үүдэнд” зэрэг олон арван бүтээлүүд нь ч мөн адил, дэлхийн дэвжээнд тоосоо өргөх цараатай. Уг романд дүрслэгдсэн Буянзалбирахын хийд буюу Оройгүй сүмийн туурь Л. Түдэв абугайн төрсөн нутаг Хантайширийн нурууны үелж буусан дөрөлжид өдгөө ч шарилж луулин дундаа зүүрмэглэн буй билээ.
Ер түүний бүтээл туурвилууд ихэнхдээ түүхэн бодит баримт, үйл явдлууд, шинжлэх ухааны үнэнд тулгуурласан байдгаараа нэн онцлоготой юм.
Өнгөрсөн XХ зууны Монгол оронд хэд хэдэн томоохон нийгмийн дэвшил гарсны нэг бол Нэгдэлжих хөдөлгөөн юм. Хэдий өнөө цаг үед уг хөдөлгөөний сөрөг талыг олон талаас нь дөвийлгөн, бүхэлд нь үгүйсгэж буй ч нэгэнт түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн нийгмийн дэвшилт үүргийг нь хэрхэвч үгүйсгэх боломжгүй билээ. Энэ сэдэв нь олон угшил үндэслэл, нотолгоо шаардах учир энэ удаад үүгээр өндөрлөе. Энэхүү нэгдэлжин хөдөлгөөний үрээр Монгол үндэстний ухамсар сэтгэлгээнд ямар хэв шинжүүд өөрчлөгдөн солигдож, төлөвшин дэвшсэнийг уран сайхны дүрээр, гэхдээ түүхэн хүмүүс, түүхэн баримтад тулгуурлаж бичсэн “Нүүдэл, суудал” хоймсон роман бол Монголын утга зохиолын нэг оргил ч мөн юм. Романы гол дүр Доохүү даргын эх дүр нь домогт нэгдлийн дарга, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Г. Лодойхүү, Сүрэн даргынх алдарт намын дарга Б. Цээсүрэн, залуучуудын дарга Магнай нь Ардын багш Ж.Дүгэр нар юм. Мөн олон арван хүмүүсийн бодит дүр төрх энэ романд туссан ба энэ нь тэр цаг үеийнхээ үнэн мөнийг уран сайхны үнэнтэй найрсуулан үзүүлэхэд чухал хөшүүрэг болсон байна.
Бичлэгийн өвөрмөц аргазүй ашиглан туурвисан “Хувьсгал танаа өчье” намтар романдаа ХХ зууны эхэн үеийн монголын төр, соёлын нэрт зүтгэлтэн Магсар хурцын Дугаржав агсны дотоод сэтгэл, эмгэнэлт хувь тавиланг гайхалтай нарийн, нямбай үзүүлсэн билээ.
Эдгээрээс гадна “Бүгд Найрамдах улсын Анхдугаар он” улс төрийн роман, “Дайрлага дайравзай”, “Мөнхийн гал”, “Өнөөгийнхөн”, “Ухаан” зэрэг хэд хэдэн тууж, олон арван өгүүллэг бий.
Кино урлагт ч арилашгүй зам мөрөө гаргасан бөгөөд “Зэрэг нэмэхийн өмнө” кино зохиол бичсэн нь манай кино урлагийн хошин шог төрлийг ч нэг шат ахиулсан бол зохиолыг нь бичсэн “Говь, Хянганд тулалдсан нь” кино дайны тухай өгүүлсэн шилдэг дэлгэцийн бүтээлд зүй ёсоор ордог. Түүнээс гадна “Бөхөн”, “Таван нуурын дууль” зэрэг кино зохиол бичжээ.
.
СЭТГЭГЧ, ЗУУНЫ МАНЛАЙ СЭТГҮҮЛЧ
Л. Түдэвийг ХХ зууны манлай сэтгүүлчээр өргөмжилсөн. Монголд орчин үеийн сэтгүүл зүй 1910-аад оноос гараагаа эхэлж, өнөөдрийг хүрсэн 100 гаруй жилийн түүхэндээ ур ухаан, эрдэм билэг, авьяас чадвар бүхий хэдэн мянган сэтгүүлчдийг төрүүлжээ. Гэвч тэр мянга мянгын дотроос чухам цор ганцаар маргаангүйгээр магнайлсан байна. Зуундаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг онцгойгоос онцгой чадвар.
“Сэтгүүлч бол зохиогч биш сэтгэгч байсан цагт нэрээ мөнхөлнө” хэмээн тэрбээр нэгэнтээ бичиж байжээ. Өөрөө ч түүн лугаа байж, туурвиж чадсан юм. Эссэ, нийтлэл, хөрөг, ярилцлага, тэмдэглэл, зурвас, сурвалжлага гээд сэтгүүлзүйн бүх төрөл зүйлээр эн тэнцүү чадварлаг бичдэг. Тодорхой, баялаг баримт түшсэн гаргалгаа, дүгнэлт, гүн гүнзгий бодол эргэцүүлэл, сэцэн мэргэн санаа, хурц ёжлол, егөө хошигнол, өрнөлтэй бичлэг бүрээс нь яндашгүй арвин мэдлэгийн далай цэлэлзэж, хурц оюун билгийнх нь гялбаа цахилах билээ.
Бичлэг бүр нь сэтгүүлзүйн сургалтын хэрэглэгдэхүүн болж чадна. Ялангуяа хэрэгтэй газарт оносон баримтыг шигтгэж өгөх, баримтын цаадтайх нарийн далд учгийг тайлан гаргах, эсрэг тэсрэг олон баримтуудыг нэгтгэн дүгнэлт хийх, баримтаас баримт руу хэрхэн шилжих зэрэг ур чадвар нь чухам анхлан суралцаж буйд нь байтугай насаараа суралцсанд нь ч багшилна. Төрийн шагналт зохиолч Д.Цоодол нэгтээ “Баримт үнэд орно гэж Л.Түдэв гуай олон жилийн өмнө хэлдэг байлаа” хэмээн дурссан. Өнөө цаг үе үнэхээр л баримт үнэд орж, түүний төлөө тэмцэлдэх болж, тэр бүү хэл уран зохиол, кино урлагт баримт түшсэн шинэ төрөл зүйл хүч түрэн орж ирэх болжээ.
Бас бичлэг бүр нь танин мэдэхүй, ухаарлын хөтөч болж чаддаг. “Нью-Йорк урт чацтай хот”, “Дэлхийн хүйсэн дээр”, “Жагар орноор”, “Хол мөртлөө ойрхон Парис” тэмдэглэл, “Хүч тэнцүүгийн бахархал” хөрөг, “Үндэстний аюултай байдал”, ”Хүүхдээ цагт нь тодруулахуй”, “Совин” эссэ зэрэг олон зуугаар тоологдох сэтгүүлзүйн бүтээлүүдийг нь нэрлэж болно оо. Тэр зүгээр нэг өгүүлэхгүй, машид урнаар ойлгуулна. Тухайлбал Парист хоногт 18 000 уруулын будаг борлогддог тухай “Парисын эрчүүд хоногт 18 000 уруулын будаг иддэг” гэх мэтээр бичнэ. Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээгийн өгүүлснээр “Л. Түдэвийн нийтлэлүүд бол уншаад ухаарч чадсанд нь урагшлах замыг заах багш нь...” билээ.
Л. Түдэв нь өөрөө манлай сэтгүүлч байгаад зогсохгүй Монголын сэтгүүлчдийн хэдэн үеийнхнийг бойжуулсан сурган хүмүүжүүлэгч, үлгэрлэн манлайлагч юм. “Үнэн” сонины школ буюу сургалт гэдэг онцгой чадвар, чанар эзэмшүүлдэг сургалт нь чухам Л. Түдэвтэй салшгүй холбоотой.
Тэрбээр “Үнэн” сонинд 1959-1961 онд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1984-1996 онд ерөнхий эрхлэгчээр ажиллажээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлчид болох Х. Цэвлээ, Т. Баасансүрэн, Ц. Балдорж, Т. Галдан, Д. Цэнджав, Ш. Цэрэнпил, Б. Мөнхбаатар, Ж. Пүрэв, Г. Дамба, Ц. Цэнддоо нарын зэрэг нэр цуутай олон арван сэтгүүлч уран бүтээлчид бол чухам “Үнэн” сонины гал тогоонд нь буцалж, Л. Түдэвээс суралцсан хүмүүс ээ. Ахмад үеийнхний дунд “Тү Эрхлэгч” гэсэн яриа дурсамж тасардаггүй хөвөрсөөр л байдаг. Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжав агсан “Л. Түдэв бол хүнийг тамын тогоонд татаж оруулах бус, харин татаж гаргах шударга зоригтой, оюуны бэлтэй хүн” гэсэн бол нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил “Дэргэдээ очсон болгоныг өөрийн нөлөө, гэгээнд оруулан өсгөж өндийлгөдөг” хэмээн бичжээ.
.
НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ
Л. Түдэвийн тодорхойлолтод Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, сэтгүүлч, нийтлэлчээс гадна мөн нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн гэсэн тодотгол заавал дагадаг. Тэрбээр 1964 – 1967 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэжээ.
1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч дарга, дарга, 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна. МЗЭ-ийн хорооны даргаар ажиллахдаа Монголын уран зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх, зохиолчдоо мэргэшүүлэх, залуу зохиолчдыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилласан бол, Монголын залуучуудын тэргүүн болсноор бүхэл бүтэн хэдэн үеийн залуусыг манлайлан, улс орны хөгжил дэвшлийн төлөө, сайн үйлсэд уриалан, олон арван бүтээн байгуулалт өрнүүлэв.
Ямар ч нийгэмд бусдыгаа манлайлан мөс зүсэгч мэт явдаг оюун санааны хөтөч гэж байдаг. Чухам 1970-80-аад онд Л. Түдэв монголын залуусын хувьд тийм үүргийг гүйцэтгэж байлаа.
Л. Түдэв бээр “Эрдэм боловсрол”, “Эрүүл мэнд”, “Эмх журам” гэсэн гурван асуудлын төвд залуусыг аваачиж чадсан нь нийгмийн хүчирхэг хөдөлгөгч хүч болсон залуусын хөгжилд онцгой дэвшил авчирч чаджээ. Эвлэлийн ахмад ажилтан, эдийн засагч, доктор Ч.Баатар “... Л.Түдэв даргынхаа өргөн их мэдлэг, цар хүрээтэй сэтгэлгээ, нягт нямбай шаардлагад бид хөтлөгдөн ажилладаг байсан. Цэцэг, зөгий, техникийн сэтгэлгээ, нар, салхины хүч, жижиг үйлдвэрлэл... Тү даргын хөндөөгүй сэдэв, МХЗЭ-ийн оролцоогүй ажил гэж бараг байхгүй байхаа” хэмээн дурсчээ. Үе үеийн эвлэлийн ажилтнуудад “Тү дарга” гэсэн сонгодог дүр төрх үлгэр дуурайл болон урам зориг, ур ухаан, ухамсар хөгжлийнх нь эх ундарга болж байжээ. Тү даргын үед Монголын залуучуудын байгууллага чухам хөгжлийнхөө ч, бүтээн байгуулалт, нийгмийн соёл, шинэчлэл өөрчлөлтийн ч оргилд хүрсэн юм.
Л. Түдэвийг нийгмийн шинэчлэлийг аль 1980-аад онд эхлүүлсэн хүн гэж үздэг. Тэрбээр 1984 онд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр итгэл хүлээн томилогдов. 1980-аад оны дунд үеэс эхэлсэн хөгжлийн зогсонги байдлыг чухам “Үнэн” сонин л эрс зоримог, зарчимчаар шүүмжилж, нийгмээ шинэчлэл өөрчлөлтөд сэрээн дуудаж байлаа.
Хүнд суртал, авилгал, үрэлгэн задгай байдал, бодлого тооцоогүй төлөвлөлт, байгал дэлхийнхээ баялгыг эс хайрлах ухамсаргүй бүтээн байгуулалт, увиагүй бэртэгчлэл гээд зогсонги үеийн согог бүхнийг хайр найргүй, хурцаар илчлэн шүүмжлэв. “Хүчирхэг хүнээс үеийн үед арчаагүй, увиагүйчүүд айсаар ирсэн. Л.Түдэв бол хүчирхэг хүн” хэмээн хэн нэгэн бичжээ. Үе үеийн увиагүйчүүд гэрлээс эмээх сарьсан багваахай мэт түүнээс бэргэж, эмээж иржээ.
Нийгмийг сэрээсэн олон нийтлэлүүд Тү эрхлэгчийн шууд санаачилга, зөвлөгөө, гар, санаа бодлын оролцоотойгоор “Үнэн” сонинд шил шилээ даран нийтлэгдэж байв. Тэдгээрийн нэг нь сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн хөх сувд болсон Хөвсгөл далайг хөнөөлт уул уурхайгаас хамгаалж чадсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл юм. Мөн түүний шууд санаачилга удирдлагаар 1980-аад оны дундуур “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гарсан нь Монголын хүүхэд багачуудыг дэлхий дахины мэдлэгийн далайд аялах нэгэн хүчирхэг хөлөг онгоц болсон бол, монголчууд эх түүхээ нэн идэвхтэйгээр эрж хайж байсан 2000-аад оны эхээр Монголын хаадын намтар 108 ботийг журмын нөхдийн хамт эрхлэн гаргасан нь ч бас танин мэдэхүйн нэгэн үүд хаалгыг нээж өгсөн хэрэг байлаа.
Л. Түдэвийн удирдсан энэ мэт оюуны санааны шинэчлэл өөрчлөлтийн уур амьсалын үрээр Социалист тогтолцоог өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзэл нийгэм даяар өрнөж, улмаар 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг талархан хүлээж авах хөрс суурь бий болжээ. “Л. Түдэв их нүүдлийн замд ачааны хүндийг тэрбээр өөрөө үүрэлцэн, ард түмнээ оюун санааны гэгээрэлд уриалан дуудсаар явсан юм” О.Дашбалбар найрагч агсан бичжээ.
Түүний оюун тархи нэгэн аварга гигант, хэзээ ч үл зогсох үйлдвэр мэт байдаг. Ерөөс Л. Түдэвийн оюунаас цаг үргэлжийн үл унтрах гэрэл гэгээ цацрах билээ. Түүний бичсэнээс шилдэг афоризмууд ундарч байдаг.
- “Хүмүүний хамгийн том албан тушаал бол хүн байх”,
- “Ташуураараа хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг болжээ”,
- “Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь богино хугацаанд их юм хийх арга”,
- “Өнөөдөр шиг хол юм байхгүй. Яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй одно. Маргааш шиг ойрхон юм байхгүй, яагаад гэвэл тэр ирж яваа”,
- “Хүнгүй бол Эх орон юуных, Эх оронгүй бол хүн юусан билээ”,
- “Эрүүл мэндийг бусдаас зээлдэггүй”,
- “Мөнгө зээлэхээс эрдэм зээлдэх нь дээр”,
- “Газар эхээ хайрлаж яв! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу” гэх мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно.
"Тархи" эссэндээ ийн бичжээ. “...Тархи зовоохгүй байвал амархан мууддаг онцлогтой эрхтэн юм. Жаран жилд ямар ч хүний ой ухаан нь гурваас доошгүй их сургууль, зургаагаас цѳѳнгүй гадаад хэл, нэвтэрхий толийн 100 мянган ѳгүүллийг цээжлэн тогтоох наад захын боломжтой гэж тооцоологдсон юм. Бид сайндаа л ганц дээд сургууль, ганц гадаад хэл сураад зуугаад ном уншсан л бол их юм мэдэж тархиа ядраасан гэж ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳѳд зогсохгүй "мэдрэлийн ядаргаа тусчихлаа" гэж эмнэлэг сувилал уруу гүйцгээдэг маань тархиа хэтэрхий эрхлүүлж эрт хѳгшрүүлж байгаа хэрэг юм...”
“Хүн арван хуруутай байдагчлан бурхан шиг хүн гэгдэх болзлын арван шинж тээдэг, тэр нь дутваас үл тэгшрэх ёс суртахуунтай юм. Өөрийн хяналт, ойр дотночлол, итгэл үнэмшил, хайр сэтгэл, айдас болгоомжлол, найдвар, тачаал, нөхөрлөл, тайвшрал, бясалгал гэх арван чанарыг үүнд багтаадаг билээ. Энэ бүхэн төрсөн төөрөг, гарсан өдрийн гаригийн хуулиар төлөвшдөг ажгуу” хэмээн “Тэнгэрийн эрхшээл” нийтлэлдээ бичжээ.
.
ДЭЛХИЙН ТАВЦНАА
Тэрбээр аргагүй дэлхийн энтэй хүн болохыг Олон улсын байгууллагуудтай харилцаж байсан дараах үйл явдлууд нотолдог.
- 1972 оноос Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүн,
- 1973 оноос Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн байгууллагын гишүүн,
- 1974 оноос Дэлхийн энх тайвны зөвлөлийн тэргүүлэгч,
- 1986-1990 онд Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд Ерөнхийлөгч, Олон улсын парламентын холбооны гишүүн,
- 1999 оноос Дэлхийн уран зохиолын академийн гишүүн,
- 2002 онд Олон улсын намтар судлалын төвийн Ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллах урилга хүлээж авсан. Мөн Олон улсын намтар судлалын төвийн дэд консулаар ажиллахыг санал болгожээ.
- 2005 онд Олон улсын намтар судлалын төвөөс “Амжилтын оргил” олон улсын шагналыг олгожээ. Уг шагналыг дэлхийн 100 зохиолчид олгосон бөгөөд Л. Түдэвийг жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлсэн байна.
- 2010 онд Намтар судлалын Америкийн хүрээлэн насан туршийн академич цол, алтан медаль гардуулжээ.
Австрийн судлаач Харри Шихровский Л.Түдэвийн уран бүтээлийн талаар аль 1961 онд эхэлж үнэлэлт дүгнэлт өгчээ. Улмаар 1965 оноос зохиол бүтээлүүд нь герман, япон, англи, франц, орос, хятад, испани, чех, казах, беларусь, тува, узбек, буриад, украин, молдав, литва зэрэг 17 орны хэлээр орчуулагдан дэлхий даяар түгэж эхэлжээ. Зөвлөлтийн эрдэмтэн К.Яцковская “Иностранная литература” сэтгүүлд 1976 онд “...Хэрвээ Л.Түдэвийн 60-аад оны уран бүтээлийн замналын он дарааллын шатыг сайтар мөшгин үзвэл энэ нь түүний утга зохиолын уран зураач, судлаач шүүмжлэгчийн давхар авьяастайг нотолно...” гэсэн бол Германы Эрих Феттер “1935 онд төрсөн эл зохиолч, дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд малчны нэгэн хөвгүүн өөрийнхөө уг мөн чанарыг хэрхэн ойлгон ухаарч эхэлж байгааг сэтгэл хөдлөм дүрсэлж, уншигчдад танилцуулж байна” хэмээжээ.
Ахмад сэтгүүлч Р. Чулуун “Өнгөрсөн ХХ зууны сүүлийн хагаст Монголын Түдэвийн тухай, түүний уран бүтээлийн талаар ЗХУ болон Европын бусад оронд нийтлэгдсэн бүтээлийн зөвхөн жагсаалтыг бичихэд тулбал хэвлэлийн хуудас багадах талтай” гэжээ.
.
АМЬД ДОМОГ
Л. Түдэвтэй хамтран ажиллаж байсан уран зохиол, сэтгүүл зүй, залуучуудын байгууллагын үе үеийнхэн нэг зүйл дээр бүгд санал бүрнээ нийлдэг. Тэр бол Л. Түдэвийн ер бусын зарчимч, хөдөлмөрч, бүтээлч амьдрал тэмцэл. Тэрбээр хэзээ ч цагийн дэмий сул гиюүрч, наадаж, наргиж өнгөрөөсөнгүй. Хүмүүний амьдрал гэгч үл анзаарагдам атлаа гайхамшигтай онцгой агшнуудаар зайгүй нэхэгдсэн ажээ.
Чухам тэр онцгой агшин бүрийг сэрж мэдэрч, үнэ цэнийг нь ойлгож чадсаных нь илрэл, үр дүн бол агшин бүрийг бүтээл туурвил болгон нэхэж чадсанд буй юм.
ХХ зууны төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С. Удвал ахайтан “Барагтай хүний бүхий л амьдралдаа хийж чадахгүй зүйлийг хорь гаруйхан жилд Л. Түдэв хийж бүтээснийг би сайн мэднэ” хэмээн дурсжээ. Харин Л. Түдэв гуай өөрөө бол “Хүн амын тоо цөөн манай орны хувьд нэг хүн гурван хүний үүрэг гүйцэтгэх оюун сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг” хэмээн бичжээ. Тэгээд өөрөө үлгэрлэсэн байна. Бүр төгс үлгэрлэж, гурав биш арав хорин хүний хийхийг хийж, үүрэхийг үүрчээ. Үүрсэн шиг үүрчээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ “Түдэв маягийн аж төрөх ёс гэж бий. Тэр нь их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн нарийн механизм шиг яг таг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах” хэмээн тодорхойлжээ. Мөн Ардын уран зохиолч П.Бадарч “Би-гээ төгс олсон төгс эрхэмсэг “Би” юм” хэмээн Л. Түдэв гуайг тодорхойлжээ. Түүний энэ хувь чанарын онцгой шинж нь өнөө амьд домог болжээ. Домог мэт амьдарч, одоо ч домог мэт оршсоор байна. Өнөө ч зөн билэг, танин мэдэхүйн “Дал” сониноо тасралтгүй гаргасаар, оюуных нь үйлдвэрлэл ч тасралтгүй ажилласаар байгаа. 40 дэх ботио саяхан баринтаглажээ.
“Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо. Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрж байхад хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа” хэмээн тэрбээр “Хорвоотой танилцсан түүх”-дээ бичжээ. Энэ он жилүүдэд хорвоотой энссээр Л. Түдэв хэмээн нэгэн давтагдашгүй хорвоо цогцолжээ. “Л.Түдэвийн бүтээл туурвилууд нь өдгөө нэгэн том судлагдахуун болоод судлаачдаа хүлээж байна... Монголын хойч үеийн судлаачдын өмнө Л.Түдэвийн бүтээлүүдийг судлан, сэдэв бүрээр задлан шинжилж олны хүртээл болгох их ажил хүлээгдэж байна” хэмээн сэтгүүлч Ц.Оюунчимэг “Зиндаа” сэтгүүлд бичжээ. Үнэхээр тийм агаад түүний бүтээл туурвил, зам мөр нь манай үндэстний бүтэн зууны түүх, толь, мөн чанар юм.
Их уул бэлээсээ бүтэн үл харагдана. “Уул Алтай холдоо өндөр” гэхийн учир тэр билээ. Л. Түдэв хэмээх ихийн их уулын тухай өчүүхэн өгүүлэхэд ийм ажгуу.
Б.Номинчимэд
2019 оны 3 сарын 5.
/Л. Түдэвийн "Үл ажиглагдах онцгой учралууд" номын шинэ хэвлэлд зориулан ийм нэг богино өмнөтгөл бичив. Зүй нь их хүмүүний тухай нэг бол маш богино, ердөө хоёрхон өгүүлбэр бичих, эсвэл бүтэн ном бичих хэрэгтэй юм. Номын өмнөтгөл учир эл учрыг "үл тоов"/