Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй

Төрийн ордонд оронгуутаа ганцаардаж буланд шахуулдаг, түмнийхээ дунд орохоороо олон дундаа бужигнадаг удирдагчтай байж үзлээ. Өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Засгаараа наадаж, төрөө түймэрдэж байгаа МCS, Тосон бумба, Цагаансуварга, Тавантолгой, ЖДҮ болон 60 тэрбумын өнөө хэдэн өөхөлсөн монополууд чинь хашиж байгаад л муу үгсээр булж, муухай ганцаардуулдаг юм даа. За зүгээр эр хүн байна даа, бүтэн гурван цаг хэмлүүлж мэрүүлчихээд гөлөг шиг гөлөлзөөд гарвал болох байсан юм уу хаашаа юм. Харин ч нэг жорыг нь тааруулж байгаад хулгайч, луйварчдыг хулмалзтал толгой гэдгэр ганц том дуугарчихсан юмаа даа.

Тэргүүн бөхийгөөд тэнэмэл гөлөг шиг гараад явсан бол бултаараа алга ташиж, бөөнөөрөө балиашиглалаа юу? Үнэндээ бол М.Энхболдын газрын наймааг ярьсаар, бичсээр атлаа яаж ч чадахгүй 30 жилийг элээсэн ард түмэн Ж. Мөнхбатын 2,0 тэрбумын байшингийн тухай дахин 30 жил ам булаалдан цуурах ёстой юу? Нэгийг нь арай гэж баяжуулаад, тэтгэвэрт нь гаргах гэж байхад дараагийн гар нүцгэн залуу одоо миний ээлж энэ тэр гээд дэвхцээд ороод ирэхээр энэ ард түмэн хэдийд нь хөгжиж, хөлжих юм? Тэгж ч амьдардаггүй байх аа.

Тиймээс л М.Энхболд ноёнтон хүртэл УИХ-ын даргын суудлаас ичих нүүргүй гулсаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр заларч байж Хүрэлсүхийн эсрэг арвуулаа гар өргөлөө. Айдас гэдэг л энэ юм даа. Аргагүй эмээж байна. М.Энхболд Монгол үндэстнийг хөгжүүлчихсэн ч юм шиг МҮОНТВ-г эзэгнэн ярилцлага өгч, ЖДҮ-ийн зээлийг салбарын сайдын мэдэлд шилжүүлэх 138 тоот тушаалыг Ерөнхий сайд байхдаа гардан үзэглэсэн Ж.Эрдэнэбат өдөр тутмын сонинд нүүр нүүрээр нь тайлбар тавиад л...чухам чичирнэ гэдэг л энэ байх. Сэлмээ гаргаад эргүүлэхгүй яасан юм л гэлцээд ам асуугаад байх юм. Гар хөлийг нь хуудуутай хуулиудаар гавлаж тавьчихаад, тал талаас нь хүч хавсран өшиглөж, тансаг зээл, тарган хэтэвчээрээ шантаажилж байгаагаа төр бариулж байна гэж эндүүрдэг болжээ.
За тэгээд улс орноороо хэд хоног л хэн хэдийг луйвардсан тухай сонслоо, ярьлаа, маргалаа. Уучлаарай, хэн нь ямар луйварчин болох, хэн хэдийг залгисан тухай яриа энэ биш юм аа. Монголын төр жилдээ нэг хөрвөөж, Ерөнхий сайдуудаараа шал арчиж, УИХ-ын дарга нь шавар баримал шиг суудалдаа мөнхөрч, Ерөнхийлөгч нь эрх мэдлээ тэврээд мэнд усгүй болчихдог энэ эрүүл бус тогтолцоо, эвгүй хоёрдмол засаглалаа өөрчлөх ганц боломж тохиогоод буй цаг үед бид амьдарч байна. Төрөө цэвэрлэх, түмэнд нь үйлчлүүлэх, үүнийгээ Үндсэн хуульдаа хуульчлан тусгах их өөрчлөлтийн түүхийг бүтээх боломж бидэнд байна.

Тэр боломжийн төлөө л Ухнаагийн хүү энд ганцаардаад сууж байгаа юм. Тэгээд тэсэхгүй яг над шиг хулгайч луйварчдын өмнөөс харж байгаад "Та нар бүгдээрээ ард түмнээсээ хулгайлдаг хулгайч шүү дээ битгий худлаа шаа" гээд өөрсдийнх нь хэлээр өндөр дуугарчихсан юм. Тэгээд яахын? Эсвэл хулгайчийг хулгайч гэж нэрлэхээ больчихсон юм уу? Хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаас илүү ихийг, нөхөж баршгүй үнэт зүйлээ монголчууд алдчихаад байна.

Ард түмнээс ардын төрийг хулгайлж байна. Монголчуудаас монгол төрийг минь 30 жилийн турш хулгайлж зөөлөө. Агуулга, зорилго, хөгжинө гэсэн хүсэл тэмүүлэлтэй нь хамт хулгайллаа. Төрөө хүний хүнд, урагшаа хил давуулж, хойшоо хот дамнуулж алдчихаад тэрбумын зээл дээр горойх ч яамай байна зүгээр. Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй юм шүү. Төрийн ордонд ганцаардаж байгаа наад Хүрэлсүх чинь харин ч Ерөнхий сайд гэдэг чөдөр тушаандаа холгуулаад, шийр заагаад сууж байгаа нь энэ. Түмэнтэйгээ нийлэхээрээ тэр байтугайг хэлж, энэ байтугайг илчилнэ!

Р.Эмүжин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан