“KFC” рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ хэрэг явдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн юм. Лабораторийн шинжилгээгээр тус сүлжээ рестораны ундны усны эх үүсвэрээс нитрат болон халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ. Мөн хоёр ажилтнаас нь шигелийн төрлийн нян илэрсэн юм. НМХГ-ын дүгнэлтээр дотоодын хяналт хангалтгүйгээс болж олон хүн хохирох шалтгаан үүссэн гэсэн юм. Ингээд тодорхойгүй хугацаагаар Улаанбаатар хот дохь “KFC” рестораны салбаруудыг хааж мөнгөн төлбөрөөр торгох арга хэмжээ авахаар болоод байна.
KFC сүлжээ рестораны толгой компани болох “YUM Brand” нь мөн түргэн хоолны “Pizza Hut”, “Taco Bel” болон “WingStreet” зэрэг сүлжээ ресторануудыг эзэмшдэг байна. "YUM Brand" дэлхийн дахинд 125 оронд 40.000 ресторантай юм. Нийт 60.000 албан ёсны ажилчидтай бөгөөд жилийн орлого нь 6 тэрбум ам.доллар давдаг аж.
Дэлхийн нэр хүнд бүхий сүлжээ рестораны үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн нь сайшаалтай хэрэг. Гэвч Монголд үүссэн нөхцөл байдал нь Монголын Засгийн газрын бүтэц бүхий Мэргэжлийн хяналтын газрын "дотоодын хяналт хангалтгүй байсан" гэсэн дүгнэлтийн дагуу Улаанбаатар дахь салбар ресторануудыг тодорхойгүй хугацаагаар хаах болсон нь “KFC Mongolia” компанийг франчайзинг эрхээр хүлээсэн үйлчилгээний стандартыг зөрчсөн гэх хангалттай нотолгоо болж мэдэх юм. KFC компанийн албан ёсны вэб хуудсанд нийтэлснээр франчайзинг эрхийг нь худалдан авахад хамгийн багадаа 1.4-2.8 сая ам.доллар шаардлагатай байдаг аж. Хэрэв франчайзинг эрх эзэмшигч нь үйлчилгээний стандартыг ноцтой зөрчиж, брэндийн нэр хүндийг унагасан гэж үзвэл франчайзинг эрхийг хураан авах журам олон улсад үйлчилдэг байна.
Ер нь бол аль ч тохиолдолд KFC бурууддаггүй, яагаад гэвэл олон улсад дэлхийн брэндийн нэр хүнд унах учраас. Бурууг KFC-гийн ажилтнуудад үүрүүлэх мэтээр дэлхийн брэндийн нэр хүндийг аварч гарах нь франчайзинг эрхийг авсан компанийн албан бус үүрэг байдаг нь бараг KFC-гийн алтан дүрэм ажээ. Хэрвээ ингэж “зохицуулж” чадахгүй бол тухайн компанийг франчайзинг хийх эрхийг цуцалдаг байна. Ийм сценараар өрнөсөн үйл явдал, жишээ дэлхийд нэлээд байдаг байна.
Хэрвээ Монголд үүссэн энэ хэрэг явдлаас хамаарч “KFC Mongolia” компани франчайзинг эрхээ алдахад хүрвэл хэн ч хожихгүй бөгөөд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд унах болно гэдгийг давхар санууштай. Гаднын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр бууруулах болоод хэсэг хугацаа өнгөрлөө, үүн дээр нэмж Монголын франчайзинг бизнесүүд нэр хүндээ алдах нь эдийн засагт хохиролтой юм.
Өмнө нь дэлхийн олон оронд KFC сүлжээ ресторанууд удаа дараа ийм асуудал гарч байжээ. Үүний дотор хамгийн их шуугиан тарьсан үйл явдал нь 2013 онд Хятадад болсон бөгөөд KFC рестораныг тахиагаар хангагч том нийлүүлэгчид нь тахиагаа их хэмжээний антибиотик болон даавраар тэжээж байсан нь илэрсэн юм. Энэ хэрэг явдлаас болж Хятадын хэрэглэгчид тус KFC-гийн рестораныг хүний биед муу, эрүүл ахуйн стандарт хангаагүй гэж үзээд үйлчлүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Мөн сайн дурын байгууллагууд KFC рестораныг тус улсаас гарахыг шаардаж, жагсаал хүртэл зохион байгуулж байжээ. “YUM Brand” нь Хятадыг хамгийн гол зах зээлээ гэж хардаг байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж тус улсаас олох орлогын хэмжээ нь хоёр дахин буурч байжээ. Тиймээс “YUM Brand”-ын тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хятадын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйж энэ хэрэг явдлыг намжааж байсан юм.
Харин Монголын KFC-д үүссэн нөхцөл байдалд Монголын ард түмэн бухимдалтай хандаж, цахим орчинд тус сүлжээ рестораныг бүр мөсөн хаах ёстой гэсэн сэтгэгдлүүдээр дүүрчээ. Мэдээж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ олон улсын нэр хүнд бүхий компанийг хаалаа гээд КFC-гийн франчайзыг эрхийг авсан Таван Богд групп биш, Монгол Улс л муу нэр дуулна, монголчууд хохирно.
Гэхдээ нэн тэрүүнд “KFC Mongolia” компани брэндийн нэр хүндийг хамгаалахаас илүүтэй үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлал хүсэх нь зүйн хэрэг юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: scmp, bbc, kfc official