Б.Цогтгэрэл: Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол ядуурал, утаа, түгжрэлээс ангижрах гэрэл харагдахгүй байгаа

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзсан юм. 
-УИХ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар яг ямар асуудлыг хэлэлцсэн бэ. Энэ өөрчлөлтөөр ямар ямар заалтад өөрчлөлт оруулахаар байгаа вэ?
-Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр УИХ-ыг хариуцлагатай болгох, Засгийн газрыг тогтвортой ажилладаг болгох, төрийн албыг хараат бус болгох, шүүгчдийг хараат бус болгох, намчирхалыг саармагжуулъя гэж байгаа. Орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцдогийг болиулаад иргэн өөрөө нэр дэвшдэг болгоё гэсэн өөрчлөлтүүд явж байгаа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар өөрчлөлт тусгасан уу?
-Ерөөсөө тийм зүйл оруулаагүй. Зөвлөлдөх санал асуулга болон, орон нутгаас ирсэн санал, улс төрийн намаас ирүүлсэн бүх саналыг нэтгээд боловсруулсан хуулийн төсөл явж байгаа. Үүн дээр бүрэн санал нэгдсэн ч зүйл байгаа, санал нэгдээгүй ч зүйл бий. Мөн орхигдсон зүйл нэлээд их бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хязгаарлалттай. Энэ хуулийн хүрээнд аль болохоор Үндсэн хуулийн ажиллах чадварыг нэмэгдүүлэх, монгол төрийн чадамжийг дээшлүүлэх, тусгаар тогтнолын Үндсэн хууль байсан бол одоо хөгжлийн Үндсэн хууль болгох шаардлагатай байгаа. Үүн рүү чиглэсэн заалтуудыг өөрчилж болох хүрээндээ оруулахаар ажиллаж байна.
-Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байсан. Гэтэл энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэсэн байр суурьтай ч хэсэг байна. Та ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Нийгэмд гурван сөрөг ойлголт байна. Нэгд, нэг нам дангаараа төрийн эрх барьж байхдаа Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Хоёрт, МАН өөртөө ашигтайгаар энэ хуулийг өөрчлөх гэж байна. Гуравт, нэр төдий хоёрын хооронд өөрчлөлт хийгээд нийгмийн хүлээлтэд хүрсэн өөрчлөлтийг хийж чадахгүй гэсэн байр суурь байна. МҮАН-ын хувьд, би ажлын хэсэгт байгаа гишүүний хувьд аль болох бусад саналыг тусгая, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй субъектуудын саналыг бүгдийг нь тусгая гэсэн саналыг байнга тавьж байгаа. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд баригдахгүйгээр хийх ёстой өөрчлөлтөө хийе гэсэн байр суурьтай байгаа. Тэнгэрийн тааллаар гэдэг юм уу 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал өгчихлөө. Эд хүсвэл ямар ч хуульд өөрчлөлт хийж чадна. УИХ-ын даргыг огцруулахын тулд хууль гаргаад өөрчилж болж байна шүү дээ. Тэгвэл үүн шигээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиа өөрчилчих. Тэгээд хийе гэж байгаа, өөрчлөх шаардлагатай байгаа бүх өөрчлөлтөө хийчих гэж байгаа. Үүнийгээ шинэ хууль гэж нэрлэх үү, нэмэлт өөрчлөлт гэж нэрлэнэ үү ямар ч байсан хөгжлийн Үндсэн хуультай болох шаардлага гарцаагүй бий болоод байна.
-Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь нь “давхар дээл”-тэй байхаар төсөлд тусгасан бэ. Ер нь хуульд ямар өөрчлөлт оруулбал Засгийн газар тогтвортой байна гэж үзэж байгаа вэ?
-Одоогийн саналаар Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь “давхар дээл”-тэй байхаар төсөлд тусгасан. Хууль тогтоодог нь хууль тогтоох ажлаа, гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг нь ажлаа хийх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, хоорондоо хутгалддаг байдлыг болиулъя гэсэн санал. Нөгөө талаар Засгийн газрыг тогтвортой байлгах хэд хэдэн хязгаарлалт байгаа. Тухайлбал, дараагийн Ерөнхий сайд тодорч байж Засгийн газар унадаг, Засгийн газар байгуулах болон Засгийн газрыг өөрчлөн байгуулах процессыг нэлээд хүндрэлтэй болгож байгаа. Ийм тохиолдолд Засгийн газар ойрхон, ойрхон солигдоод байхгүй, харьцангуй тогтвортой ажиллана гэж үзэж байгаа.
-УИХ, Засгийн газрын чиг үүрэг хоорондоо хутгалдсан байдлыг өөрчлөхийн тулд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-УИХ-ыг Засгийн газрын үйл ажиллагаанд ордгийг болиулж байгаа. Одоо УИХ өөрөө хууль тогтооно, төлөвлөгөөгөө боловсруулна, түүнийхээ санхүүжилтийг батална, өөрөө хэрэгжүүлнэ, өөрөө хянана гэж байгаа. Тэгэхээр энэ үлгэр болчихож байгаа юм. Ийм байгаа учраас томоохон төрийн өмчит компаниудаас иддэг, төсвийг идэж уудаг, авлига хээл хахууль, ЖДҮ гээд энэ бүх зүйл чинь энэ завхралаас бий болж байгаа. Тиймээс хууль тогтоох байгууллага зөвхөн хуулиа тогтооно. Хэрэгжүүлдэг хүмүүс нь тусдаа хэрэгжүүлээд явах юм. Үүнийг харин УИХ хянадаг байх тогтолцоог л хуульчилъя гэж байгаа юм.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэлээд хасахаар төсөлд тусгасан уу. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Төсөлд Ерөнхийлөгчийн эрх болон үүрэгт ямар өөрчлөлт оруулахаар тусгаад байна вэ?
-Ерөнхийлөгчийн хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлая гэсэн заалт байгаа. Энэ нээх ч буруу биш. Ерөнхийлөгч дээр бусад хуулиудаар маш их эрх мэдэл төвлөрсөн. АТГ-ын даргыг санал болгох, ерөнхий шүүгч, прокурорыг санал болгох гэх мэт. Үүгээрээ дамжуулаад улс орны хөгжлийн хөтөч, эв нэгдлийн бэлэг тэмдэг биш харин ч тагнадаг, шалгадаг, муугаар хэлбэл нэнтгэлдэг чиг үүрэг Ерөнхийлөгч дээр оччихоод байна. Ер нь онолоороо Үндсэн хуулиар Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд хамаарагддаг. Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийнхээ толгойд нь байгаад хөгжлийнхөө хөтөч нь байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш шүүх, цагдаахнаар оролддог, хэнийг хэрэгт хийх үү, хэнийг хэргээс мултлах уу гэдэг жишиг сүүлийн 10-аад жилийн турш явж байна.
-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хүнээ нэр дэвшүүлэх бол орон нутгийн сонгуульд нам оролцохгүй, хүмүүс хувиараа нэр дэвшинэ гэсэн үг үү?
-Монгол Улс бол нэгдмэл улс. Нэгдмэл улсад төр байгуулах сонгууль нэг л болох ёстой. Одоо бол Монгол төрийг байгуулдаг, УИХ-аа байгуулдаг нэг, орон нутгийн сонгууль тусдаа нэг, суманд мөн тусдаа нэг сонгууль болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр гурван удаа төр байгуулаад, дээрээ нэг нам ялсан байхад дунд шатанд нь өөр нам ялдаг. Бүр анхан шатанд нь дахиад өөр нам ялчихаад “манай намын бодлого өөр” гээд сууж байж яавч таарахгүй. Нөгөөтээгүүр Монголын нийгмийг ахуй амьдралаас нь хөндийртөл намчирхал руу чирж байгаа зүйл бол орон нутгийн улстөрчид. 200, 200 мянга гишүүнтэй гэж байгаа. Энэ бүтцээ ажиглуулахын тулд улс төрийн намуудад санхүүгийн асар их шаардлага гарч ирж байгаа. Үүнийгээ албан тушаалд очсон хүмүүсээрээ дамжуулж авдаг. Нөгөө “60 тэрбум” гэж яриад байгаа чинь чухамдаа улс төрийн намуудыг мөнгөний пирамид болгоод байгаа юм. Монголын сонгуулийн процессыг мөнгөний уралдаан болгож хувиргаад байна. Тиймээс энэ мөнгөний уралдааныг бодлогын уралдаан болон хувиргахын тулд анхан шатандаа улс төрийн намаас хараат болох ёстой. Үндсэн хуульд ч орон нутагт төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагатай хослуулна гэж заасан. Төр гэдэг тэртээ тэргүй намаар байгуулагдсан. Тэгвэл нутгийн удирдлага намгүй байгуулагдаж байж энэ хоёрын хоорондын огтолцол дээр орон нутгийн удирдлага явах ёстой. Одоо бол дээд төрийг ч намаас байгуулдаг, нутгийн удирдлагыг ч намаас байгуулаад дан намжсан, улстөржсөн, хийрхсэн, намчирхалын талбар болоод байна.
-УИХ-ын зарим гишүүн 5000 хүнээс сонгогдсон бол зарим нь 50000 хүнээс сонгогдсон байдаг. Тойргийн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Ер нь орон нутгийн засах захиргааны өөрчлөлтийн асуудлыг тусгасан уу?
-Засаг захиргааны бүхэл бүтэн бүлэг яригдаж байгаа. Гэхдээ эцэслэж амжаагүй байна. Нэг зүйлийг л өөрчилчхөөр дагалдаад маш их зүйл өөрчлөгдөх гээд, өөрчилж болох цар хүрээнээсээ давчих гээд байгаа. Сонгогчдын тоотой холбоотой асуудал Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдаад явах бүрэн боломжтой.
-Хаврын чуулган эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд төслөө боловсруулж дуусах уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Процессыг түргэтгэх, байнгын ажиллах үүднээс УИХ-ын дарга өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзсан. Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна гэж зарлаж гарч ирсэн анхны Их хурлын дарга. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилчихье, сайн болгочихъё гэсэн эрмэлзэл байх шиг байгаа юм. Тиймээс ажиллах байх гэж бодож байна. Үүнийг нийгмийн идэвхтэй хэсэг тултал нь ашиглах гэж үзэх ёстой. Учир нь 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал өгсөн. Өмнө нь 2000 онд 73 суудал өгч байсан. Харамсалтай нь эхнийхийг нь албан тушаал, давхар дээл, булган шуба дахаар солиод юу ч биш болгочихсон. Одоо энэ боломжийг ашиглахгүй бол цаашид бид 10, 20 жил ч Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй байх нягууртай. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол ядуурал, утаа түгжрэл, улсын өрнөөс ангижрах гэрэл гэгээ харагдахгүй байгаа.
Л.Одончимэг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан