Зээлийн хугацааг хязгаарлах шийдвэрийн ЗОРИЛГО ЮУ ВЭ?


Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос 2018 оны жилийн эцсийн байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан юм. Төсвийн орлого анх удаа ашигтай гарсан тухай Сангийн сайд мэдээлж байсан. Харин иргэдийн  амьдрал, амьжиргааны төвшин, аж ахуйн нэгжүүдийн орлого тааруухан байгааг илтгэх нэг үзүүлэлт болдог хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 848.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 25.4 тэрбум төгрөгөөр өссөн байв. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн оны эцсийн байдлаар 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 631.5 тэрбум төгрөгөөр өссөн байлаа.
Сар шинийн баярын өдрүүд хаяанд ирчихсэн энэ үед арилжааны банкуудын зээлийн эдийн засагчид хамгийн завгүй байна. Цалингийн, тэтгэврийн, хэрэглээний, тэтгэмжийн гээд таарч тохирсон зээлээ авах гэсэн иргэд дараалал үүсгэсээр байгаа юм. Өрнөөс өрний хооронд амьдарч буй монголчуудын нийтлэг төрх бол энэ.  Ямар сайндаа зээлгүй бол зорилгогүй гэсэн үгийг өөрсөддөө зориулан зохиосон нь эмгэнэлтэй ч бодит үнэн юм. Тэгвэл иргэдийнхээ өрийн дарамтыг бууруулахын тулд авч буй арга хэмжээ гэж тодотгосон нэгэн шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сараас, өр орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гарсан юм. Лизингээр авсан зурагтныхаа төлбөрийг таван жилийн турш төлдөг, сунжирсан байдлыг зогсоосон гэсэн үг.
Иргэдийн өрийн дарамт  сүүлийн 7-8 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, тухайн үед нийт өр, зээл нь ДНБ-ий 17-18 хувьтай тэнцдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар 33-35 хувьтай тэнцсэн байна. Арилжааны банкуудаас авсан тойм мэдээллээр айл өрхүүд сарын орлогынхоо 70 гаруй хувийг зээлд тушаадаг гэсэн судалгаа бий.
Тэгэхээр энэ дарамтыг багасгахын тулд ийм шийдвэр гаргасныг Монголбанкнаас тайлбарлаж байсан. Харин иргэдийн хувьд энэ шийдвэрийг төдийлөн мэдээгүй байв. Сар шинийн баяртай холбоотойгоор хэрэглээний зээлийн эрэлт огцом өссөн энэ өдрүүдэд энэ шийдвэрийг олон янзаар хүлээн авч байна. Урт хугацаанд бага төлөлтийг хийх сонирхолтой нэгэн байхад, богино хугацаанд бага хүү төлсөн нь дээр гэж сайшаах нь ч байна. Энэ шийдвэрийн хэтийн зорилго нь иргэд өр тавьж ирээдүйн хэрэглээгээ барьцаалж, түүнийгээ танах байдлаар амьдардаг байдлыг халах, өр зээл тавьж хэрэглээгээ нэмэгдүүлэх биш, орлогоосоо тохирсон хэрэглээгээ санхүүжүүлж сурах хандлагыг төлөвшүүлэх гэж шийдвэр гаргагчид тайлбарлаж байгаа юм.

Зууны мэдээ
Б.Төгс
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан