Ш.Сайхансамбуу: УИХ-ыг тарааж, МАН-ыг татан буулгавал ард түмэн алга ташина

УИХ–ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
–Та 2017 онд “УИХ–ыг тараах хэрэгтэй, Ерөнхийлөгч зөөлдөөд байна” гэж хэвлэлээр ярьж байсан. Өнөөдөр энэ асуудал ид яригдаж байгааг та ямар өнцгөөс харж байна?
-Анх 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал авахад “60 тэрбумын хэрэг” яригдсан. Би тухайн үед хууль бус УИХ бүрэлдлээ. Их хурал нь хууль бус учраас Засгийн газар нь ч хууль бус. Эндээс хэзээ ч зөв шийдвэр гарахгүй” гэдэг талаас нь шүүмжлэлтэй хандсан. УИХ-д нэг нам хэт олонх болчихоор  цөөнхөө үл тоож, ард түмнээ ч сонсохоо байгаад эхэлдэг. Тиймээс цаашид дураараа дургидаг, хууль өөрчилдөг, хуйвалдаанаар юу ч зохион байгуулж болдог ийм хэлбэр рүү шилжих юм байна гэж хараад, тараах хэрэгтэй гэсэн юм. 2018 он ийм байдлаар төгсгөл болж одоо дээр байгаа нөхдүүд тарах ёстой гэдгээ өөрсдөө хэлж байна. Энэ хүртэл үхэн зүтгэн явж ирсэн нөхдүүд тарахгүй, тарааж ч чадахгүй биз. Ёс зүйн хувьд бүгд тарах ёстой. Ардын нам дахин 2020 оны сонгуульд орох ёсзүйн болоод эрхзүйн чадамжгүй. ЖДҮ-ийн асуудал, “60 тэрбумын хэрэг”, Тавантолгойн нүүрсний хэрэг, дээр нь  Оюутолгойн луйврыг эргэн харж гэрээг өөрчлөх талаар юу ч хийсэнгүй.
Уг нь эдэнд боломж бий.  2008 онд Оюутолгойн гэрээг хэлэлцэж байхад яваандаа өөрчилнө гэж биднийг, ард түмнийг  хуурсан. 2016 онд гарч ирээд гэрээг шинэчилнэ, цахилгаан станц бариулна, ажилчдын ахуй хангамжийг сайжруулж, орон сууц, үйлчилгээний төвтэй болгоно гэчихээд юу ч алга. Ер нь энэ УИХ анхнаасаа дампуу байдлаар байгуулагдсан, тэрийг нь ард түмэн одоо л ойлгож байх шиг байна. Ерөнхийлөгч зөөлдөөд байна гэдгийг ямар утгаар хэлэв гэвэл одоо чуулган хуралдахгүй, ирц  хүрэхгүй гээд байж байна. Гишүүд ирэх, ирэхгүй нь хамаагүй. Төрийн тэргүүн  УИХ-ын танхимын цоожтой  хаалгыг нээж байгаад ард түмэндээ өөрийн тайланг тавих хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилд юу хийв, юуг нь эрх баригч нам хийлгээгүй вэ. Лав л Ерөнхийлөгч АТГ, шүүх, прокурорын дарга нарыг өөрчлөх гээд бараагүй, ямар шалтгаан  байсныг тайлагнах хэрэгтэй.
-2013 онд та “С.Баяр тэр­гүүтэй 12 хүнийг намаас хөөх хэрэгтэй” гэсэн. Гэсэн ч тэд биш та намаа­саа хөөгдөв үү, гарсан уу, ямар­тай ч хаалгыг нь хаажээ?
-Ер нь бол аль 2008 онд “С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулав” гэж би нийтлэл бичсэн юм. МАНАН тэндээс эхэлж үүссэн шүү дээ. Дөрвөн жил тэрийг ярьсан. С.Баяр Оюутолгойн гэрээ гэгч луйврыг  “Бороо Гоулд”-ийн маягаар хийж,  хоёр жилийн дараа  өвдсөн болж худал жүжиглээд үлдсэн хоёр жилийн эрхээ Сү.Батболдод  шагнал болгож өгөөд явсан. Хурал дээр хэлсэн үг нь одоо ч протоколоор бий. Тэрийг МАН-ын гишүүд тухайн үед ярьж л байсан. Тэндээс  нь  сүүлд “Оффшорын хэрэг” гарч ирсэн. Оюутолгойн гэрээг зурахаас хоёр хоногийн өмнө Швейцарийн банкинд С.Баярцогтын нэр дээр 10 сая ам.доллар оруулсан нь  дэлгэгдсэн. Бүх баримт хэвлэлээр гарсан. Луйврын гэрээг дэмжсэн гишүүд бүгд УИХ-д гурваас дээш  сонгогдсон нөхдүүд байсан. УИХ-д  4-5 удаа сонгогдсон гишүүд муу юманд гаршчихсан, өөрсдийгөө хашир, туршлагатай парламентч гэж өргөмжлөн ард түмэнд сурталчлаад байдаг. Нэгийгээ түлхэж, нөгөөг барьж үлдэхийн тулд сая ЖДҮ -ээс зээл өгч Засгийн газраа тогтоож, “ЖДҮ” болон  “60 тэрбумынхан” гээд хэрэлдээд сууж байна.
Ийм байдалтай Ардын нам цааш явахгүй. Нам болохгүй болчихоод байгааг  би өнөөдөр ч  биш 2008 оноос яриад, 2013 онд хэвлэлээр ил тод зарласан. Тухайлбал, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг  зайлуулахгүй бол нам дампуурна. Эднийг хөөхгүй бол  нам 100 жилийнхээ ойг хийж чадахгүй  гэж би тэр үед хэлсэн. Жирийн гишүүд ч захаас аван ярьж хэлж байсан.  Намайг албан ёсоор дамжуулж  өгөөч гэснийг нь тухайн үед хэвлэлээр ил тод хэлээд өгчихсөн нь тэр. “Бид  сайн муугаа ярьж,  дотроосоо ариусахгүй бол  тэнд байгаа АН-ыг шүүмжилж, сүүлд байгуулагдсан МАХН-д мууг чихээд өөрсдөө сайхан болчихгүй” гэдгийг зөндөө хэлсэн дээ. Гэтэл өнөөдөр МАН 100 жилийнхээ ой дээр дампуурах гээд сууж байна. Бүр 2020 оны сонгуульд орж чадахгүй болтол шившгээ дэлгэлээ.
Эдний шившиг Монголоор тогтохгүй дэлхий дахинд тарчихлаа. Хойд, урд хөршийнхөн аль эрт дүгнэлтээ хийж, цахим хуудсууддаа бичиж байна. Гадныхан Монголын УИХ-ын гишүүд нь сайдын албыг давхар хашиж байгаад татвар төлөгчдийн болоод ард түмнийхээ мөнгийг бага хүүтэйгээр хуваагаад завшчихдаг юм байна. Монголын ард түмэн ямар  хүлцэнгүй юм бэ гэж ярьж, бичиж байна. Үнэхээр манай хуулийн байгууллагууд ч, иргэд, сонгогчид чимээгүй байгаа нь сонин. Нэг хүн гарч ирээд удирдана гэж хүлээдэг юм уу, хаашаа юм. Өөрсдөө нэгдэж тэмцэхгүй бол хэн аврах юм бэ. Нөгөөтэйгүүр, иргэдийг  жагсч цуглах гэхээр Зөрчлийн хуулиар барьж аваачаад торгож, шийтгэдэг. Тэгсэн атлаа дээр байгаа хүмүүс өөрсдөө аймшигтай муухай юм хийчихээд хариуцлага хүлээхгүй байна.
–Ардын нам цаашид  байх  боломжгүй гэлээ. Үүнийгээ тодруулна уу?
-Энэ намыг  ард түмэн саяхнаас л жинхэнэ утгаар нь таньж, бага ч гэсэн ярьж, хэлэх болсон МАН-ын ЖДҮ, “60 тэрбумын хэрэг” дээр хоёр ч хүн амины хэрэг нэмэгдэнэ. Төрийн албан хаагчид нэгийгээ хутгалж, тамлаж амийг нь бүрэлгэсэн. 2006 онд Ц.Түмэнгэрэл гэгч нөхөр  Д.Бадраа гэдэг залуугийн амийг хөнөөсөн. Өнгөрсөн намар ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсан. Ер нь бол ЖДҮ, “60 тэрбумын хэрэг”-ээс өмнө энэ хоёр хүн амины хэргээр Ардын намын сонгуульд орох эрхийг хасч, татан буулгах ёстой. Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ардын намын асуудлыг авч хэлэлцээд  татан буулгах ёстой. Дээр нь Ерөнхийлөгч өөрийн тайланг ард түмэндээ тавих учиртай. Ямар ажлууд хийв, ямар бэрхшээлтэй тулав, юуг нь хийлгэж, юуг нь хийлгэхгүй байгаа юм бэ. Сүүлийн үед мэдээлэл хийнэ гэхээр ирц хүрэхгүй, УИХ нь цуглахгүй юм.
Энэ юу болж байна вэ. Социализмын үед ч нэг нам ингэж түмний толгой дээр гараагүй. Түүхэнд ийм зүйл дахин давтагдахгүй байх. Энэ эхний бөгөөд эцсийнх болов уу гэж харж байна. Дээр нь “Эрдэнэт”-ийн 51 хувь, утаанд зарцуулсан нэртэй шамшигдуулсан 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал  чимээгүй байна. ЖДҮХС-гаас гадна 10 гаруй сан бий, тэднийг шалгах ёстой. Гадны зээл, тусламж хаачив. 2016-2020 он хүртэлх төсөл, хөтөлбөр,  тендер гэж мөнгө идсэн, уусан асуудлыг ярихгүй юм. Арилжааны банкаар дамжуулан мөнгө хүүлж, ард түмнийг шулдаг явдал зогсохгүй байна. Ард түмэн цалингийн, тэтгэврийн, оюутны зээл гээд өртэй. Ард түмнээ ингэж өрөнд баригдуулсан явдлыг ярих ёстой. Гишүүдийн тойргийн мөнгийг ч  шалгах ёстой. Тавантолгойн нүүрснээс мөнгө иддэг явдал бий. Удирддаг хүн нь УИХ-д сууж байгаа. 49 оффшорчийг яагаад ярихгүй байна вэ. Энэ мэт МАН-ын баримтыг яривал урт жагсаалт гарна.
–АН ч гэсэн асуудалтай. МАН, АН хоёр ээлжилж, заримдаа нийлж засаг барьж байсан?
-АН-д МАН-аас ялгагдах юм байхгүй. Хөгжлийн банкаар дамжуулж идсэн мөнгө хаачив. “Фортуна” Батбаяр хаана явна. АСЕМ гэгч Монголд ямар ч хэрэггүй баян орнуудын танилцах зорилготой зоог барьж  тансагладаг  цугларалт. Аль ч орны эдийн засаг, хөгжилд нэмэргүй. Гэтэл ийм хурал хийгээд  мөнгө идсэн хэрэг яригдаад замхарлаа. АСЕМ хийх шаардлагагүй, түүгээр Монголын нэр хүнд өснө гэж байхгүй. Түүний оронд Чингис хаанаа ярьж байвал хамаагүй дээр. Дээр нь хэдэн тамирчин нь улсынхаа нэр хүндийг өсгөчихнө. Баахан цаасан мөнгө хэвлэсэн Н.Золжаргал юу болов. Чингис бондын мөнгийг завхруулж зээлийг зээлээр төлөөд явж байна. Самурай бонд байна. “Эрдэнэт”-ийн 49-ийг залгисан  асуудал бий. Амиа тасартал тэмцэнэ гэсэн  Ц.Нямдорж сайд болоод таг болсон. Одоо УИХ-ынхаа даргыг түлхэж унагаах хуйвалдаанд оролцоод завгүй явна. Дубайн гэрээ гэгч аюултай юм хийсэн асуудал дурдагдаад өнгөрлөө. Үндсэн хуульд Монгол Улс  нэгдсэн нэг төсөвтэй байна гэж заасан. Гэтэл АН 2012-2016 онд улсын төсвийг гурав хуваасан. Сангийн яам  мөнгө алга болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж мөнгө угаасан. Засгийн газар нь ч  өчнөөн мөнгө зарцуулсан.
Дээр нь энэ нам бас хүн амины хэрэгтэй. 1998 онд С.Зориг амиа алдсан асуудал АН-тай холбоотой. Мөн утаанд зарцуулах нэрээр идсэн 200 гаруй тэрбумын асуудал яригдсан. Холбогдсон хүмүүс нь хаачсаныг бүү мэд. Сангуудын мөнгийг юунд зарцуулсан бэ. Тендер хувааж авсан, ид­сэн юм ч олон. Хот дээр ийм асуудал их явагдсан. Арилжааны банкны эзэд АН-д цөөнгүй, мөнгө угаадаг арга нь ч МАН-тай адил. Гишүүдийн тойргийн мөнгө энэ нам дээр бас л яригдана. Тавантолгойн нүүрснээс мөнгө идсэн нөхдүүд ч байгаа. Иймд хоёр намыг нийлүүлэн  МАНАН гэж нэрлэдэг. Монголын төр дээгүүрээ ийм болсон. Үүнийг ярьдаг, шалгадаг хуулийн байгууллага алга. Шалгах гэхээр дарга нарыг нь солиод өөрийн хүнээ тавьчихдаг. Ингээд Монгол Улс дампуурчихаад байна. УИХ, Засгийн газар, АН-ын 2012-2016 онд явуул­сан үйл ажиллагаа, МАН-ын  одоогийн байдал бүгд адил. Хоёр нам хэн хэнийхээ харыг гайхах юмгүй, хоёулаа “хар хэрээ” шүү дээ. Өнөөдөр манай улс  нийт 26-27 тэрбумын гадаад өртэй, 19 тэрбумыг урд хөршид төлөх ёстойг эдийн засагчид хэлж байгаа. Монголын ард түмэн 2020 онд энэ хоёр намд саналаа өгвөл найман жилийн дараа Монгол Улс алга болно.
–Энэ байдлыг  Үндсэн хуулиа өөрчлөх замаар засч болох уу?
-Төрд байгаа  ЖДҮ-чин, 60 тэрбумчид, ийм ёс суртахуунгүй  хүмүүс юун  Үндсэн хууль өөрчлөх. Өөрдсийгөө, бие биеэ яах вэ гэж байна шүү дээ. Идсэн, уусан гэх их, бага тулаанаа хийж байгаа хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Цаашлаад Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиа ч өөрчилж чадахгүй.  Харин УИХ-аа тараах юм бол яаравчлах хэрэгтэй.  Тэгээд оны эхнээс ажлаа төлөвлөж, хавраас дахин сонгууль зарлах учиртай. Энэ ажлыг Ерөнхийлөгч эхлүүлж, өөрөө ч  тайлангаа тавьж, ҮАБЗ-өөр  хэлэлцүүлэх хэрэгтэй. Ийм онцгой байдал үүссэн. Одоо УИХ-ыг тарааж, Ардын намыг татан буулгавал ард түмэн нийтээрээ  алга ташиж баяр хүргэхээр байна. Сошиал, интернэт орчинд УИХ тарвал аюул учирна, үймээн дэгдэнэ гэж  бичүүлээд байгаа болохоос бодит байдалд тийм юм  байхгүй. Харин ч ард түмэн 2020 оныг хүлээж чадахгүй гэж байна. Тэгтлээ цөхөрчихөөд байна. Миний хувьд энэ талаар  2008 оноос ярьж, С.Баярын стандарт бус Засгийн газраас өгсүүлээд Оюутолгойн луйвар, хүний кноп дардаг явдлыг “Төгөлдөр хуурчид” гэж нэрлэн шүүмжилсэн. УИХ, Засгийн газрын буруу, булхай үйл ажиллагааны талаар  Төрийн гурван өндөрлөгт  өдөр тутмын сонинуудад “Ил захидал” бичиж байлаа.
Хууль эрхзүйн тухайд Үндсэн хууль гэлтгүй  бүх хуулиа шинээр бичих хэрэгтэй. Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад 420 гаруй хууль хэрэгжиж байсан. УИХ-ын тэмдэглэлээс үзэхэд одоо 620 гаруй хууль хэрэгжээд явж байна. Тэр нь өөрсдөд нь ээлтэй, харин ард түмний эсрэг байна. Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай, тэтгэврийн тухай, боловс­ролын тухай  хуулийг өөрчилж, шинээр бичихгүй бол уялдаа алга. Нэг нам гарч ирж  өөрчилсөөр байгаад ийм болчихсон. Нэг яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг, газрын дарга нар нь тус тусдаа журам гаргачихаар шат шатанд хүндрэл чирэгдэл гарч, нэг зөвшөөрөл авахад өчнөөн даваа үүсгэж байна. Хууль, журам  нь ийм болохоор салбарын яамдын үйл ажиллагаа салангид. Энэ нөхцөлд ажил хийсэн нэрийн дор ард иргэдэд хүндрэл үүсгэж, өөрсдөдөө мөнгө идэх, хээл хахууль авах боломж нээгдчихэж байна. Мэргэжлийн хяналтын газрын хоёр ажилтны сейфэнд хураалттай мөнгийг АТГ шалгаж,  бичлэг гаргасныг хар. Ганц МХЕГ ч биш яам болгон ийм байгаа. Тэгээд  буруугаа Үндсэн хуульд чихэж болохгүй. Үндсэн хууль байдгаараа байсан. Тэнд алдаа бий юү гэвэл бий. Гагцхүү цоорхой гаргаж хөлжигсөд төрд шургалчихаж. Төрийн мөнгө иддэг хүмүүсийг хоёр хувааж,  ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
–Тухайлбал?
-Тэнд хахууль нь нэг өөр. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө авдаг. Харин ажил хийсэн нэг нь төрийн мөнгийг иддэг, жишээ нь ЖДҮ байна. Ийм хоёр аргаар төрийн алба хашиж байгаа луйварчид хөлжиж, баяждаг. Түүнээс  хэмнэлттэй, бодлоготой зарцуулах юм бол улсын төсөвт  хэдхэн монголчуудаа аятай таатай амьдруулах бололцоо бий. Энэ бас Монгол Улс лидергүй болсонтой холбоотой. Нэг хүн өөрийгөө золиослоод ч болов гараад ирээсэй. “Би амь насаа алдахаас айхгүй” гэж амаараа хэлдэг, үйл хэргээр  үлгэрлэдэггүй жүжиг бол хэрэггүй. Хэлж рекламдалгүй  хийгээд харуулах хэрэгтэй. Урд хөрш авлигачдаа тусгай онгоцоор баривчилж авчирч байна. Манай улс эхний ээлжинд оффшорчдын баримтыг бүрдүүлж хариуцлага тоо­цох хэрэгтэй. Улстөрчдийг хориход  Ц.Нямдорж, Х.Тэмүүжин хоёрын барь­сан  шорон хүрэлцэнэ.
Тэр хүмүүсийн идсэн, уусныг  төлүүлж улсдаа бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Үүний тулд 2020 оны сонгуулиар ард түмэн МАН, АН-аас нэг ч хүн гаргаж болохгүй. Нэг л хүнийг сонгох юм бол ажил хийлгэхгүй. Энэ хоёр намынхан бүгд холбоо, сүлбээтэй. Тэднийг эсэргүүцэж  жагсч, цуглаад нэмэргүй, цагдаагаар дарамтлаад  тараачихна, эсвэл хутган үймүүлэгч явуулаад  үймүүлчихнэ. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролц, МАНАН-гаас нэг ч хүн бүү гарга. Ингэж сонгуулийн хувьсгал хийхээс гадна өөрсдийн сэтгэлгээнд хувьсгал хийх хэрэгтэй. Монголчууд 2019 онд хүн бүр бодолтой байж, хулгайч луйварчдыг 30 жил сонгож ирсэн сонголтоо өөрчилж, шинэ улс төрийн хүчин, шинэ хүмүүс гаргаж ирж чадвал улсаараа урагшлахаас биш зүгээр сууж байтал тэнгэрээс бууж ирдэг боломж, аз жаргал гэж үгүй.

Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан